\n
Энэ өргөн Зүүн Үзэмчин нутаг мал сүргийн далай баян орон боловч тэмээ харин их цөөн байдаг. 2018 оны 10-р сарын сүүлээр бид тус хошууны Улиастай суурингийн Баянговь багийн тэмээчин Сайнбаяраас ярилцлага авахаар зорилоо. Улгай говийг сундлан гараад нэг их явалгүй Сайнбаярын гэрт нь хүрч билээ. Сайнбаярын малын хашаад арав орчим тэмээ уясан харагдлаа. Сайнбаярын өвгийн үед 20-иод тэмээтэй байлаа. Түүнээс хойш Сайнбаярын аав Дорж ч нутаг усандаа хашир тэмээчин явж, одоо Сайнбаяр аавынхаа тэмээ маллах уламжлалт арга туршлагыг бүрэн эзэмшиж, тэмээгээ үржүүлж өсгөх хүслийг нь биелүүлж яваа ажилч малчин болоод байна. Тэрээр тэмээ өсгөхдөө ганц тоо толгой хөөцөлдсөн биш, тэмээнийхээ үүлдрийг сайжруулах тал дээр ч их анхаарал хандуулдаг аж. Ингээд тэрээр Өвөр Монголын Шулуун хөх, Баяннуурын Урадын хойд хошуу зэрэг газраас буур авч ирэн, тэмээн сүргийнхээ үүлдрийг сайжруулсан байна. Одоо тэмээн сүрэг нь 100 гаруй ингэтэй болж, энэ жил 60 гаруй ботго тоссоноор 270 гаруй тэмээтэй болж, хошуундаа хамгийн олон тэмээтэй айл болов.

Сайнбаярын тэмээний тоо толгой нэмэгдэхийг дагаад малын ашиг шимийг авахад бэрхшээлтэй болсон байна. Тэмээ ноослох гэдэг хонь ямааны ноос ноолуурыг авах шиг тийм хялбар ажил биш. Өөрийн тэмээгээ ноослохоос гадна Сайнбаярын ойр дотнын найз нөхөд нь ч тэмээгээ ноослуулахаар гуйх явдал олон тохионо. Сүүлийн үед төмөр хашлага хийж, төмөр хашаандаа тэмээгээ ноослох болсноор тэмээ ноослох ажлаа хялбар болгож чаджээ.
Ингээ сааж сүү шимийг нь борлуулах гэдэг бас хялбар ажил биш гэдгийг ч бид Сайнбаяраас мэдэж авлаа. 2014 оны хавраас арав гаруй ботго аргамжиж, ингэ сааж эхэлжээ. Сайнбаяр хар багаасаа тэмээний дэргэд өссөн, 20 гаруй жил тэмээ маллаж, одоо гурван зуу орчим тэмээтэй, яахын аргагүй тэмээ судлаач болсон болохоор ажилч бүсгүйнхээ дэмжлэгээр том биетэй ингэнээсээ сааж эхэлжээ. Гэтэл санаснаас эмнэг ингэнүүд нь номхорч, ивлэхгүй байв. Нэг жил өнгөрөөд туршлага хуримтлуулан 20-иод бага насны ингэ барьж, амархан сургаж, ивлэх нь ч хурдан, авах сүү сааль нь ч их болсон гэдэг. Тэрээр өдөрт 15 кг сүү сааж, саамыг нь худалдах буюу ааруул хурууд хийж зарж эхэлсэн байна.
Сайнбаяр энэ ажилдаа илүү хорхойтой болж, ойр орчмын хөдөлмөр хүчийг түшин, цалин мөнгө өгч, сүү сааль борлуулах ажлаа сайжруулжээ. Өөрийн хэрэгцээгээ хангахаас гадна ингэний сүүн бүтээгдэхүүнээ зах зээлд гаргадаг болсон байна. Сүүлийн хэдэн жил сүү саалийн хангамж сайжрахыг дагаад саамыг килограммыг нь 120 юань, айргаа килограммыг нь 160 юаниар зарахад ч хэрэглэгчид булаацалдан авдаг болсон аж. Ингээд Сайнбаяр жил бүр 100 гаруй мянган юанийн орлоготой болж, хангалт нь хэрэгцээндээ хүрэхгүй байх тохиолдол олон гарах болсон байна. Ингэний сүү, айраг хүний биед үзүүлэх ач тусыг эрдэмтэн судлаачид тодорхойлсон болохоор чихрийн шижин өвчний эмчилгээнд ач холбогдолтойгоос гадна эрүүл мэндэд ашигтай болохоор үнэтэй ч хүмүүс үргэлж худалдан авч хэрэглэдэг болжээ.

Сайнбаяр үзүүр содон сайн уяач билээ. Түүний уяж сойж байгаа нь морь биш, харин тэмээ байлаа. Тийм том биетэй амьтныг турааж, идэш уушийг нь тэнцүүлж, уяа сойлгыг нь тааруулан хурдлуулж, өндөр амжилтад хүргэнэ гэдэг энгийн хүний хийж чадах ажил биш байх аа. Гэсэн хэдий ч Сайнбаяр тэвчээртэй, тайван ухаанаараа тэмээгээ дээд зиндаанд хурдлуулж, хүн арддаа танигдаж явна билээ.
- Таны хувьд өвөөгийн үеэсээ тэмээ маллаж ирсэн удамтай. Тэмээний уналга эдлэл, уяа сойлгын туршлага сургамж үлэмж их байгаа нь мэдээж. Та тэмээ уяж хурдлуулсан туршлагаасаа хуваалцахгүй юу?
Би уг нь тэмээ уяж сойхыг мэддэггүй байсан. Унаж эдэлдэг. Сүүлийн жилүүдэд Өвөр Монголын мөнгөн өвлийн наадмын олон болж, тэмээний уралдаан нь өвлийн наадмын нэгэн гол агуулга болсноор Баяннуур хот, Алшаа аймгийн тэмээчин ах дүү нартай танилцаж, тэдний тэмээ уяж хурдлуулж байгааг үзээд тэмээ хурдлуулах болсон. Алдарт уяач, Баяннуур хотын Таванжин, Алшаа аймгийн уяач Х.Бүх зэрэг шилдэг уяачдад шавь орж сурсан.
- Өвөр Монголын нийт нутгаар зохион байгуулагддаг тэмээний уралдаанд баруун аймаг хотын тэмээ хурдан байдаг. Харин манайхны тэмээ хурдлахдаа тааруу байдаг. Энэ ямар учиртай юм бол?
Өмнө нь Алшаа, Баяннуурын тэмээ хурдалдаг гэж би бас боддог байсан. Гэсэн хэдий ч сүүлийн жилүүдэд тэмээ уралдуулаад өөрийн тэмээгээ уяа сойлгыг нь тааруулбал мөн л хурдална гэдгийг мэдэрсэн. Харин олон тэмээний дундаас хурдан тэмээгээ үзэж танихгүй байх гэж зовно. Хурдлах шинжтэй тэмээгээ таньж, сайн сургаж чадвал мөн л хурдалж чадна. Манайхны тэмээний яс бүдүүн, тарга хүч сайн авдгаас сайн уяж сойвол Алшаа, Баяннуурын тэмээнээс гүйдлээр дутахгүй бөгөөд баруун аймаг хотын хурдан тэмээдтэй уралдан тэмцээнд түрүүлж байсан удаатай.
- Та тэмээ хурдлуулаад гаргасан амжилтуудаасаа бидэнтэй хуваалцаач? Уяж хурдалсан тэмээд таны өөрийн тэмээ юу?
Тэмээ уяж хурдлуулаад долоо найман жилийн нүүрийг үзлээ. Миний уяж хурдлуулсан тэмээний ихэнх нь өөрийн тэмээний төл, ганцхан цагаан тэмээг Баяннуураас авсан хавтгайн удам. Миний халзан тэмээ өнгөрсөн оны Баруун Үзэмчин хошууны мөнгөн өвлийн наадамд таван аймаг хотын хурдан тэмээдийг ардаа орхиж түрүүлж байсан. Миний цагаан тэмээ өнгөрсөн жил Баруун Сөнидийн мөнгөн өвлийн наадамд манлайлсан. Баяннуураас авсан улаан буурны төл болох хоёр улаан тором, нэг хар тором өнгөрсөн жил Баяннуур хотын Урадын дунд хошуунд зохион байгуулагдсан наадмуудад хоёр улаан торомны нэг нь тэргүүлж, нөгөө нь хоёрдугаар байранд орж, хар тором нь гуравт хурдалсан. Хөлөнбуйр хотын Шинэ Барга баруун хошуунд болсон өвлийн наадамд би гурван тэмээ авч очин, 2000 метрийн уралдаанд хоёр тэргүүлж, нэг нь хоёрдугаар байранд орсон. Энэ хэдэн жилүүдэд миний тэмээд хорь гаруй наадамд арав гаруй удаа тэргүүлж, дэд, айрагт 20 удаа орсон.
“Өөдлөх айлын үг нэг, өсөх малын зүс нэг” гэдгээр гэргий Шинэтуяа нь үүрийн цолмонтой уралдан босож, үдшийн бүрий тэсэртэл борви бохисхийх завгүй ажилладаг ажилч бүсгүй байв. Шинэтуяа хөдөөний хар бор ажлаа амжуулахын дээр тэмээнийхээ унгас ноосоор утас ээрч, дээс томж, эсгий ширнэ.
Хөдөлмөр хүнийг гомдоодоггүй гэдгээр “Говийн буйлаа” үзэсгэлэнгийн өрөөнд ухаант бүсгүйн гарын урныг гайхуулсан эсгэсэн эсгийн дээр тэмээний ноосон утсаар өнгө алаглуулан үүлэн хээ, өлзий зангиа ширсэн ширмэлүүд харагдахаас гадна зүү тэвнэ, хайчны уут, тоглоомын зүйлсээс бугын жиргээ, монгол шатар өрөөстэй аж. Гал тогооны өрөөнөөс аяга, савх, дэвэр, давсны сав, даллагын уут, тогооны бариул зэрэг он жилийн элээнд шилэгдэж сонгогдон уламжилж ирсэн монгол хүний ой ухааны талст, нүүдлийн соёлын минь өв, амьдралын нандин хэрэгсэл дэлгээстэй байлаа. Баруун хаяагаа дагуулан ээрсэн утсаар эрчимлэн томж, өнгийн утсаар эмжээрлэн янзалсан бурантаг, ботгоны аргамжаа, ногт зэргийг жигдрүүлэн өлгөж байлаа. Тэмээчний хэрэглэдэг тэнсэн ташуур, торгоор эмжээрлэсэн эсгий тохом, ноосон утсаар ширж урласан ширмэн тохом, тэрэгний тэмээнд хэрэглэдэг ацтай бургасыг ашигласан хуучин хийцтэй бургасан буйл, эврээр хийсэн тэвхтэй бургасан буйл тавиастай. Харин тэмээчний хотонд тэмээн чарга, тэмээнд хүлдэг хам тэрэг, хангай тэрэг харагдана. Энэ бүхэн бүгд өдөр тутмын хэрэглэдэг зүйлс бөгөөд хүүхдүүд ирвэл дэлгэн үзүүлдэг нандин зүйлс байлаа.

Сайнбаярынх энэ хавар 60 гаруй ботго тоссоноор тэмээний тоо толгой 300 ойртсон байна. Ирээдүйгээ харсан, гүн ухаж, гүнзгий сэтгэдэг малчин хүн болохоор тэмээ маллан өсгөж, хамгаалан үржүүлсээр өнөөдөрт хүрлээ. Сайнбаярынх гэдэг шинэ зууны малчин айл.
Үүрээр эртлэн босож ингээ сааж, өдрийн турш говийн хөндийд сунатал тэшүүлэх нь ховор эрдэнийнхээ амин заяаг тэгшлэхийн дөлөө байлгүй. Энэ зөвхөн малчин хүнд л байдаг агуу бодол, тэнгэрлэг ухаан буюу.

