Сурагчиддаа чанарын боловсрол хүртээхийг зорьдог Шилийн хотын Монгол дунд сургуульд 6 дугаар сарын 12-ны өдөр Өвөр Монголын “Уянгын хүүгий” бага дунд сургуулийн сурагчдын уран уншлагын XVII уралдаан болсон байна.
Өвөр Монголын Өөртөө Засах Орон байгуулагдсаны 70 жилийн ой тохиож байгаа энэ сайхан мөчид Шилийнгол аймгийн Үндэстний хэрэг эрхлэх зөвлөл, Шилийнгол аймгийн Зохиолчдын эвлэл, Шилийн хотын Боловсролын товчоо, Шилийн хотын Үндэстэн шашин суртахууны товчооноос санаачлан зохион байгуулж, Шилийн хотын монгол дунд сургуулиас зохион байгуулж байгаа байгаа “Уянгын хүүгий” уралдааныг 2000 онд мөн тус сургуульд хамгийн анх удаа зохион байгуулж байсан түүхтэй.
“Уянгын хүүгий” уран уншлагын уралдаан нь анх гагцхүү Шилийнгол аймгийн хэмжээний бага дунд сургуулийн сурагчдын уран уншлагын уралдаан байсан бол 2006 онд Хөххот дахь Дорнын кино телевизийн сургуульд зохион байгуулагдсанаар бүх Өвөр Монгол орныг хамарсан цар хүрээ нь өргөжин тэлсэн тэмцээн болсон байна. Түүнээс хойш Шилийнгол аймгийн бүх хошуу, шяний, хотын сургуулиуд жил дараалан ээлжлэн зохион байгуулах болж, энэ жил эх үүсэл болсон Шилийн хотын монгол дунд сургуульд бага сургуулийн баг, дунд сургуулийн баг, ахлах дунд сургуулийн баг гэж гурван баг хуваан зохион байгуулсан байна. Уралдаанд Өвөр Монгол орны 48 сургуулийн 62 багийн нийт 124 сурагч оролцсон байна. Шилийнгол аймгийн бүх хошуу, шянь, хотын сургуулийн сурагчид болон Баяннуур, Бугат, Улаанцав, Улаанхад, Түнляо хот зэрэг газруудын 17 бага дундад сургуулийнхан холыг хол гэж бодолгүй, хонгор хөөрхөн хүүхдүүдийнхээ ур авьяасыг сорьж, урлагийн тайзан дээр боловсрол хүртээх гэж хүрч ирсэн байна.
Сурагчид Р• Чойном , Н•Сайнцогт, Л•Одзор, Ц•Хулан, Б.Лхагвасүрэн , П• Өлзийнаран, Ц•Цолмон, П• Цогтнаран,Д•Сэрэнванжил, Буянбат зэрэг Өвөр Монголын буюу Монгол улсын алдарт яруу найрагчдын бүтээлүүдийг сонгон уянгалсан байж, уянгалах хир төвшний хувьд хэн хэнээсээ хожигдохгүй байсан нь үзсэн сонссон хүмүүн бүгдийн бахархал болж байсан нь үнэнтэй.
“Уянгын хүүгий” уран уншлагын уралдааны баг бүрд тэмцээнд оролцсон сургууль бүрээс 2 сурагч оролцуулахаар тогтоосон ба эдгээр сургуулиуд дотроо анхан шатны шалгаруулалтаа хийсэн байна.
- Бидний сургуулиас дунд сургуулийн баг болон ахлах дунд сургуулийн багт нийт дөрвөн сурагч уралдаанд оролцох болсноор би дагуулж ирсэн. Бид сургууль дотроо нэгэнт 100 гаруй сурагчдын дунд анхны шалгаруулалтаа зохион байгуулсан бөгөөд Бяаннуур хотынхоо уралдаанд оролцож шалгарсан энэ дөрвөн сурагчаа энэхүү тэмцээнд оролцуулахаар болсон билээ. Бусад газрын хүүхдүүд маш гоё уран уншиж байна. Манай хүүхдүүдэд суралцууштай зүйл их байгаа юм байна. Бид тэмцээний тухай бичлэг хийгээд хүрч ирж чадаагүй сурагчдаа үзүүлэх бодолтой байна гэж Баяннуур хотын Урадын хойд хошууны монгол дунд сургуулийн багш Саруул бидэнд танилцуулж байлаа.
6 дугаар сарын 12-ны үдээс өмнө бага сургуулийн багийн хөөрхөн сурагчид ур авьяасаа үзүүлж, хүрэлцэн ирсэн хүн ардынхаа сэтгэл зүрхийг уярааж байв. Харин үдээс хойш болоход дунд сургуулийн баг болон ахлах дунд сургуулийн багийн сурагчид ширүүн өрсөлдөж, тэмцээн маш хөл хөгжөөнтэй явагдсан. Ахуй талбайд сурагчдаа дагуулж ирсэн багш, хүүхдүүдийн гэрийн хүмүүс дүүрэн суусан байх нь багачууд, хүүхдийнхээ уралдааныг хүндэтгэж буйгаар барахгүй нэн чухал нь монгол үг хэл, соёл урлагаа гэсэн сэтгэлийн дэмжлэг болж байлаа.
- Би ач хүүгийнхээ шүлэг уран уншихыг сонирхох гэж ирсэн юм. Хүүхдүүд маш гоё уншиж байна гэж Зүүн Үзэмчин хошууны Алтанхил сумаар нутагтай, Шилийн хотын Монгол үндэстний хоёрдугаар бага сургуульд суралцаж байгаа ач хүүгээ харан баясаж суугаа жаран нэгтэй настан Балзуур ярилцлага өгөхдөө ийнхүү хэлсэн байна.
Уралдааны дүнд бага сургуулийн багт Хишигтэн хошууны Бяруу дахь Монгол бага сургуулийн Өргөнө манлайлж, дунд сургуулийн багт Сөнид зүүн хошууны монгол дунд сургуулийн Цэлмэг тэргүүн байранд шалгарав. Ахлах дунд сургуулийн багт Шилийн хотын Монгол дунд сургуулийн Хонгорзул тэргүүлсэн байна. Энэ удаагийн уралдаан тэргүүн, дэд, гуравдугаар, шилдэг шагнал олгосон бөгөөд шагналт байранд шалгараагүй ч оролцсон сурагч бүрт номын бэлэг гардуулсан байна. Үүнээс гадна, басхүү шилдэг хамтын шагнал, шилдэг удирдагч багш нарын шагнал, шилдэг зохион байгуулсан шагнал зэрэг шагналыг зохицуулсан байна. Мөн Өвөр Монголын “Уянгын хүүгий” бага дунд сургуулийн сурагчдын уран уншлагын XVIII уралдааныг тун удахгүй зохион байгуулах гэж буй Баруун Үзэмчин хошууны монгол дунд сургуульд уралдааны сүлдийг дамжуулсан байна.
