solongonews
”Хятад эмнэлгийн алдарт эмч”-ээр тодорсон анхны монгол хүн-Уул
2017-07-11 15:41
Хятад улсын хүний хүчний нөөц баялаг, нийгмийн баталгааны яам, Улсын эрүүл мэндийн зөвлөл, Улсын Хятад эм эмнэлгийн хяналтын товчоо хамтран 6 дугаар сарын 29-нд III удаагийн улсын зэрэгтэй оточ эмч нарыг шагнан шалгаруулах үйл ажиллагааг зохион байгуулж, 30 хүнийг ”Улсын оточ”-оор өргөмжилж байсан бол уг хурлаар ”Хятад эмнэлгийн зуун алдарт эмч”-ийг шалгаруулан шагнах үйл ажиллагааг анх удаагаа зохион байгуулсан юм.

Уул эмч эмчилгээ хийж байгаа нь

Уг шагналын эзнээр Өвөр Монголоос Өвөр Монголын Олон улсын эмнэлгийн хорооны профессор, алдарт эмч Уул тодорч, энэхүү нэр хүндтэй шагналын анхны монгол хүн болсон юм.
Уул эмч 1940 онд Тунляо хотын Хорчин Зүүн гаран хойд хошууны малчин айлд төржээ. 16 наснаасаа нутгийн эмч Хуажин эмчид шавь орон, эрүүл энхийн элч болох ажлын гараагаа эхлүүлсэн байна. 1958 онд Өвөр Монголын Эмнэлгийн дээд сургуулийн хятад, монгол эмнэлгийн салбарт элсэн орж, 1963 онд сургуулиа амжилт дүүрэн төгсөж, Өвөр Монголын хятад, монгол эмнэлгийн хороонд томилогдон ажилласнаас өнөөг болтол монгол эмнэлгийн эмчилгээ, эрүүл мэндийн салбарын боловсрол, эрдэм шинжилгээний судалгаа зэрэг талд 50 гаруй жил шаргуу ажилласаар иржээ.

Шавийн хамт

Тэрээр ажлын хажуугаар маш олон эмчилгээний арга ухаан, бүтээл гаргаж монгол уламжлалт анагаах ухааны онолыг шинэчилсээр яваа хүний нэг юм. Уул гуай "Монгол эм эмнэлгийн шаа өвчнийг судлан эмчлэх (Тархи судасны гэмтлийн саажилт)" нэртэй судалгааны сэдвээ дурдан гаргаж, үүний дагуу маш үр дүнгээ өгсөн нийлмэл жор "Шаа үрэл"-ийг найруулан бүтээжээ. 50 гаруй жил хүн ардынхаа эрүүл энхийн төлөө зүтгэсэн Уул эмч Хятад улсын хятад, монгол эмнэлгийн 500 алдарт мэргэжилтний нэг, 2000 онд анхны алдарт монгол эмчээр тодорч, 2006 онд хятад, монгол эм эмнэлгийн уламжлагч залгамжлагчийн онц гавьяа зүтгэлтэн хэмээн өргөмжлөгдсөн байна. 2012 онд тэрээр олон жилийн эмчилгээний нандин туршлага, үнэт судалгаа, боловсролын гайхамшигт үр дүнг нь шавь Оюунсэргэлэн нь цуглуулан нэгтгэж, "Уул багшийн эмчилгээний судлалын үзэл баримтлалын тусгай судалгаа" гэх 220 мянган үсэгтэй ном болгон хэвлүүлсэн байна.

Ярилцлагын үеэр
Далан насыг давсан ч амарч суухгүй Өвөр Монголын Олон улсын эмнэлгийн хороондоо ажилласаар байгаа бууралдаа эрүүл энхийг хүсье!

 

Зохиогч: Ц. Урантунгалаг
Найруулагч: Ц. Урантунгалаг
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл