
Ноён хайрханаа нөмөрлөн нутагшсан аварга малчин Төмөрийн суурин алсаас харахад сүрлэг. Хятад улсын хөдөлмөрийн жишээч малчны амьдралтай танилцана гэхээс бахархал сонирхлын сэтгэгдэл төрнө. Төмөр 1978 онд сэхээтнээр хөдөө бууж, мал малласнаас хойш мал аж ахуйн үйл хэрэгт гарамгай ажиллаж дөчин жил түмэн олныхоо хүндэтгэлийг олж, төр засагтаа өндрөөр үнэлүүлж явсан билээ.
Нутгаа гэх малчин хүн
Намхан нуруутай, нягт нямбай үг яриатай Төмөр гуай ард олныхоо итгэл хүндэтгэлээр 1996 онд Бүлээн багийн багийн даргын тушаалд дэвшиж, 18 жил ажилласан гэдэг. Төмөр 2005 онд Австрали улсад суралцаж ирээд мал услах усгүй Ноён тал дахь малчдынхаа 7333 га талбай нутгийг нийтийн хадлангийн талбай болгохоор багийнхаа хоёр зөвлөлтэй гишүүдийн хурлаар оруулан төсөлд бүртгүүлжээ.
2006 онд Алтанхилд ган гачиг болж байсан бол хоёр жилийн хугацаанд сэргэж хадлан авсан ба түүнээс хойш багийн малчид малаа өвөлжүүлдэг өнө шимтэй бэлчээртэй өвөлжөө болжээ. Төмөр:
- 2007 оны зуд, 2010 оны зудыг манай малчид энэ хадлангийн нутгаар өнгөрүүлсэн. Нэг айл ч оторт яваагүй гэж авар гаруй жилийн өмнөх явдлыг өчигдрийнх мэт нүүр дүүрэн баяртай ярив.
Хамт гэдэг хариуцлагатай хүний мөр
1996 онд Төмөр багийн удирдлагын тушаалд гарахад Бүлээн багийн хамтын хөрөнгө болох 2700 юань, 600 гаруй малтай байжээ. Тэр хөгшин мууг нь худалдаж, үлдсэн 400 гаруй малыг зөвлөлийн хурлаар ярьж, айлд харуулсан байна. Сайн харуулснаар 11 жилийн дараа тус багийн мал 2000 болов. 2007 онд 150 эх малаас бусдыг нь дунджаар 350 юаниар худалдаж, 500 мянган юанийн хамтын хөрөнгөтэй болсон байна. 2015 онд Төмөр тэтгэвэрт гарахдаа багийн хамтын 600 гаруй эх мал, 300 төл, 900 мянган юанийг тушаан өгчээ.
Хамтын хөрөнгийг арвижуулж чадсан хүн хамт олныхоо дунд ажилгүй зүгээр сууна гэдэг худал. Ард олондоо бодит ашиг хүртээхийн тулд л багийн орлогыг ингэж нэмэгдүүлж чадсан. Төмөр багийн ард олондоо тустай ажлыг тасралтгүй хийсээр иржээ. Ямар ч нутагт өвчин зовлонд ороогдон гачигдаж, мөнгө төгрөгийн өртэй болсон малчид байдаг. Энэ багт ч мөн бий. Банкнаас авсан зээлээ буцааж чадахгүй сандарч байгаа малчдад Төмөр багийнхаа хамтын хөрөнгөнөөс гарган, банкны зээлийн хүүг нь өгөх, банкны зээлийг буцаах, даатгал, эм эмнэлгийн мөнгийг нь төлдөг байна. Намар цаг малчид малаа худалдаад буцаагаад төлдөг аж.
Мал малласан хүн өвсний хэрэгцээгээ хамгийн тэргүүнд боддог. Ялангуяа багийнхаа малчин түмний мал сүргийн өвсний хангалтыг баталгаажуулах нь Төмрийн хувьд юуны өмнө бодож гүйцэтгэх чухал асуудал байсан учир тэрээр багийн гишүүдээ уриалан өвсний нийгэмлэг байгуулж, хамтын хадланг зохистой хийж, хураасан хадлангаа зах зээлийн үнээс 50 хувиар хямд үнээр гишүүддээ өгдөг. Мөн 13 га талбай ногоон даршны суурин газар байгуулан, гурван жил дараалан гишүүд хамтран тарьж, хамтдаа ашиг хүртсэн байдаг. Энэ мэт олон түмэнд тустай ажил толгод нь орж ирэх л юм бол хийж бүтээдэг хүн байлаа.
Амьдрал гэдэг ухаантай хүний туг
Мал бэлчээрийн хос хувьчлалаас хойших 30 гаруй жил малчин Төмөрийнх ганц хүний нутагт мал малласан айл. 2017 онд гэргийнхээ нутгийг хувьдаа авснаар хоёр хүний 318 га талбай нутагтай болжээ. Тэрээр анх өрх босгож, 37 малтай эхлүүлснээс хойш арга совин, ухаан хурцалж, зориг эрчлэн хичээн хөдөлмөрлөсний дүнд малаа өнөр өсгөж чадсан бөгөөд аймгийн зэрэглэлийн гэр бүлийн мал аж ахуйн талбайтай болж чадав. 2015 онд Төмөр Хятад улсын хөдөлмөрийн жишээч одон медаль хүртэж хөдөлмөрийн ариун хөлс шингэсэн торгон тэрлэгийнхээ энгэрийг хорвоод ховорхон малчин амьдралынхаа амжилтыг гэрэл цацруулан чимжээ.
- Хөдөлмөрлөж чаддаг хүнд нутаг их бага байх нь тийм том асуудал биш гэж би үздэг. Хамгийн гол нь өөрөө хичээх нь л чухал. Би сэхээтнээр ирээд мал аж ахуйн амьдралд хичээн ажиллах л хэрэгтэй гэж бодон хөдөлмөрлөхөд нутгийн минь ахмад буурлууд надад мал маллах арга туршлагаа харамгүй зааж өгсөн. Намайг бүх сэтгэл зүрхээрээ дэмждэг ийм нэгэн сайн бүсгүйтэй байсны ачаар өнөөдрийн алдрын зэрэгтэй явна. Надад тусалсан хүн бүхэнд би маш их баярладаг гэж Төмөр цөөхөн хэдхэн үгээр өнөөдрийн амжилтаа дүгнэлээ.
Ноён хайрхан намхандаа сүрлэг харагдаж, Ноён тал зэрэглээндээ согтууран аниртана. Энэ бол Үзэмчин нутгийн Алтанхил дэх хүн ардаа ивээсэн өгөөжтэй нутаг усны нэг. Аварга малчны маань өнөөдөр энэ сайхан шүтээнт нутгаа сэтгэл зүрхнээсээ хайрлаж хамгаалж явсны ач юм гэлтэй.
