solongonews
Та ойлгож л чадвал гайхамшиг хаана ч байдаг
2018-10-19 10:22
Өвөр Монголын Тариалангийн Их Сургуулийн докторант А.Алтанчимэг

Солонго мэдээллийн төвөөс дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж буй “Солонго аялал”-ын шинэхэн дугаар намрын налгар улиралд аугаа түүхт Монгол үндэстнийхээ ахуй амьдралыг сурвалжлан, өнөөг хүртэл уламжлан ирсэн соёлыг дэлхийн өнцөг буланд амьдрах үндэстэн нэгт Монголчууддаа таниулах зорилгоор  ӨМӨЗО-ы Ордос хотын баруун өмнөд хэсэгт орших Отогийн өмнөд хошууны Нанс суурингийн Нанс багийн "Соёлч өрх" Ү.Зоригтын гэр бүлээс сурвалжлан хүргэж байна.

Өвөр Монголын Тариалангийн Их Сургуулийн докторант А.Алтанчимэг /зүүнээс нэг/ Ү.Зоригтын гэр бүлийн хамт

Ү.Зоригт ах 1991 онд гэр бүл болсон ба эхнэр хоёр хүүхдийн хамт ам бүл дөрвүүлээ амьдардаг. Том охин нь Отогийн өмнөд хошууны Боловсролын товчоонд ажилладаг бол бага охин Хияа багш тойргийн Монгол дунд сургуульд суралцаж байна. Мөн түүний эхнэр Улаанцэцэг эгэл даруухан төрхөд нь хөдөлмөрч хичээнгүй байдал нуугдсан ажил хөдөлмөрт шаламгай, авьяаслаг нэгэн юм. Ордос нутгийн алдарт найрын дууг чадамгай сайн дуулж, өөрийн жуулчны баазад ирсэн өргөн олонд монгол хоолоо төрөл төрлөөр нь хурдан шаламгай амттай хийж үйлчилдгээрээ нутгийнхандаа алдартай ажээ. Хоёр хүүхдээ өндөр боловсрол, соёл мэдлэгтэй хүн болгох, Монгол соёл уламжлалаа аль болох хадгалж өвлүүлэхийн тулд чадлаараа чармайн ажиллаж байгаа нь ажил хөдөлмөр, ахуй амьдралаас нь илхэн харагдах ажээ. Нийт эзэмшиж буй нутаг бэлчээрийн 176 га талбай, тариалангийн 13.3 га талбай бүхий талбайтай.

Ү.Зоригт ах маань 1990 онд сургуулиасаа гарч хүүхэд ахуй цагаасаа мал маллахын сацуу малын тэжээл, өөрийн өрхийн амьжиргааны хүнсний ногоогоо тариалан амьдарсаар ирсэн бөгөөд сүүлийн үед орчин үеийн шинжлэх ухааны шинэ арга барилаар хөдөлмөр хөнгөвчлөн ажиллаж,өрхийн орлого амьжиргаагаа сайжруулахаар сэтгэл шулуудан хичээж ажилласан нь үр дүнгээ өгсөөр байгаа юм байна. Тухайлбал өрхийн дундаж цэвэр орлого нь 48 орчим сая төгрөг ба ихэнх орлогоо аялал жуулчлал эрхлэн олдог тухайгаа бид бүхэнтэй хуучилсан юм. Аялал жуулчлалын ажилд Нанс суурингийн засаг захиргаанаас 200 гаруй сая төгрөгийн туслалцаа үзүүлж барилга байгууламж болоод бусад ажилд зарцуулагджээ. Энэхүү ажилд өөрөө 296 сая төгрөгийн хөрөнгө хувийн зүгээсээ гаргажээ. Зоригт ахын гэр бүл өдөр тутамдаа сайхан цагаан идээ, сүүтэй цай, бүхэл мах чанах гэх мэт монгол хоолоо хэрэглэж хэвшсэн байгаагаас харахад монгол ахуйдаа их хайртай байдлыг илтгэж байна.

Ханилаад 30 жил амьдрахдаа өвөг дээдсийнхээ гал голомтыг таслалгүй сүлдээ тахин, эзний сангаа тавьж, дээд эзэн тэнгэр, газар уул усны савдгуудаа бишрэн сүсэглэж, арцны анхилам үнэрээр ариусган аргадаж хийморио бадрааж, амьдралын сайн сайхныг хурайлан дуудаж буйгаа дун үлээж дунгийн дуугаараа дамжуулан илэрхийлснээр дээд тэнгэр, газар үүл усны эзэд тэдний сан тавих ёслолыг хүлээн авч анхааралдаа авлаа гэж үздэг байна. Эзний санг хуурайгаар буюу энгийн үед уншдаггүй. Энэ нь эхлээд заавал хүж сангаа уугиулан бие сэтгэлээ ариусгаад дунгаа үлээсний дараа уншдаг уламжлалтай ажээ. Мөн ямар нэг муу зүйл болсон, нас барагсдын газар бусад муу энергитэй газар очсон тохиолдолд болон эмэгтэй хүнээр эзний сан уншуулахыг цээрлэдэг. Эмэгтэй хүн бол зөвхөн газарт мөргөн өөрийгөө даатгаж залбирч болдог байна. Эзний сангийн уншлагыг ерөнхий агуулгыг урилгын, тахил өргөх, соёрхол магтаал, хариулга, өлзий хутаг оршихуйн хэсэг  хэмээн таван бүлэгт хуваадаг бөгөөд гурван зуу гаруй жилийн түүхтэй гэсэн ардын аман яриа байдаг гэж гэрийн эзэн Ү.Зоригт ах маань ярьсан юм.

Энэхүү бахархмаар ёс заншлаа мандахын улаан нар угтуулан тахиж бид бүхэнд сонирхуулсан нь би хувьдаа үзээгүй сонин явдал байлаа. Намайг зургаа долоон настай байхад эмээгийн минь авдраас гарч ирж байсан хадганд боодолтой дун санаанд орж эмээ өвөө, элэнц хуланцын минь үед ийм нэг заншил байсан нь цагийн аясаар гээгдсэн юм уу гэсэн бодол төрүүллээ.

Ордос нутгийн айлуудын нэг онцлог нь айл бүрийн үүдэнд нэг эсвэл хос сүлд залсан байх нь эзэн Чингисийн үеэс улбаатай, нэг сүлд нь энгийн ард айл, хос сүлдийг тайж гаралтай, 3 сүлд бол их ноён  буюу зэрэг дэв өндөртэй айлууд гэрийнхээ чанх өмнө залж таван өнгийн хийморийн дарцаг өлгөж өдрийн сайнаар сан тавьж, эзний сангаа уншин энэ насны аз хийморь, амьдралын сайн сайхныг урин залбирдаг байна.Үүний зэрэгцээ Ордос нутаг нь Юаний төрийн хаан угсаатны соёрхсон нутаг болсны хувьд Ордосын дуу бүжиг, хувцас гоёлын, хоол ундны соёл нь Юанийн төрийн ордны соёлын өвөрмөц онцлогийг хадгалж, Ордос нутагт л байдаг үндэстний өвөрмөц соёл, зан үйл болж төлөвшсөн байна.Ү.Зоригт ах маань алдарт найрын дуу, зочин угтах ёсоо 1930-1940 оны үед өвөө эмээ, аав ээжийн амьдарч байсан хуучны үеийн гэртээ найрын бүх дэг, ёс жаягийн дагуу хийж танилцуулсан нь сэтгэл хөдөлгөм мартагдашгүй сайхан дурсамж үлдээлээ.

Гийчин зочлохдоо гэрийн ханзны (урт, өргөний хэмжээ нь том манайхны модон ортой адил зүйл) хойморт насны эрэмбээр зочноо суулгаж, өөрөө хэдий насаар ахмад байсан ч найрын ширээнээс доош суух ба сүүтэй цайгаа аягалахдаа эзэгтэй хүн аягаа заавал гартаа барьж, аяганы ёроолд таван тансаг тариа будаа хийгээд  дээрээс нь цайгаа хийж аягалдаг онцлогтой ба архины хувьд жижиг дийз буюу жижиг таваг дээр гурван хундага тавьж хундагалаад  өөрөө заавал эхэлж хүртсэний дараа зочиндоо барьдаг юм билээ.

 Мөн энэ нутгийн хүн бүрийн аман ярианд “Уухай” гэж хэлэгдэх нь миний сонорт их дотно сайхан санагдаж билээ. Учир нь бидний аав ээж ялангуяа эмээ өвөө, азай буурлууд минь аливаа сайн ажил үйл хийхэд  дэмжсэн сайшаасан утгаар “Уухайс даа хүү минь, охин минь” гэж урам өгч ярьдаг байсан ба одоо ч энэ үг хэлэгдсээр байдаг сайхан үгсийн нэг юм. Хүмүүний амьдралд өөрийн унаган уламжлал үг бүхэн чихэнд хэчнээн сонсголонтой, сэтгэлд  хэчнээн ээлтэй сайхан юм. Үүний дашрамд хаа газар оршин буй Монголын ард түмнийхээ гурван насны төлөөлөлдөө "Чихний чимэг болсон аялгуу сайхан Монгол хэл"-ээрээ урсам сайн ярилцаж байгаарай гэж уриалмаар байна.

Үүнээс ургуулан бодвоос аливаа үндэстний ард түмний үнэт чанар эртнээс уламжлан ирсэн өв соёл, ахуй амьдралд оршдог шиг санагдах юм. Ирээдүйн эзэд залуучууд бидний хувьд Монгол ахуй соёл хүмүүжлээ байгаагаар нь авч үлдэх, өөрийн гэсэн онцлог соёлоо улам баяжуулан хадгалах, үндэстний онцлогтой соёлын арга хэмжээг нийгэм нийтэд сурталчлан таниулах түүгээрээ дамжуулан залуу үеийн төлөөлөлд улам их хичээнгүйлэн хөдөлмөрлөх сэтгэл зүйн сэдэл төрүүлэх шаардлагатай болжээ гэж үзэж байна. Манай залуучууд орчин үеийнхээ даяарчлагдаж байгаа нийгэмшлийг дагаад асар хурдтай техник технологийн хөгжлийг цаг алдалгүй эзэмшиж, хийх бүтээх арга барил хялбар болж байгааг дагаад аливаа ажилд биеэ дайчлах нь багасаж хойргоших хандлагатай байна уу гэсэн байдал өдөр тутмын амьдралын хэвшлээс ажиглагддаг хэдий ч хүн хэлэхээс наашгүй цаас чичихээс наашгүй гэж ардын зүйр үг бий.

Үүнтэй адил ажилч хичээнгүй, зүтгэлтэй ийм сайхан үлгэр жишэээч ах эгч нарын амьдрал ахуйг хараад улам ихийг бүтээх сэдэл төрөх нь лавтай гэдэгт итгэж найдаж байна. Тиймээс Солонго мэдээллийн төвөөс эрхлэн явуулж буй Солонго аялал нь цаг үеэ олсон сайхан аялал боллоо гэж үзэж байна. Энэ удаагийн нэвтрүүлэгт оролцох завшааныг олгосон Өвөр Монголын Тариалангийн Их Сургуулийн Гадаад харилцааны сургуулийн захирал Тулга болон Булгаа багш, Оргил багш нартаа баярлаж талархсанаа илэрхийлье.

Дараа дараагийн аяллаар дамжин ӨМӨЗО-ы болон Монгол Улсын соёлын харилцаа илүү ахицтай явагдаж, нүдэнд үзэгдэж, гарт баригдах ажлууд ар араасаа цувран бүтээгдэх болтугай гэж ерөөж байна.

Зохиогч: Нийтлэл: А.Алтанчимэг
Найруулагч: Saraa
Эх сурвалж : Solongonews.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл