solongonews
Үржин үржин төлждөг үзэмчин хонь эрдэнэ
2018-12-26 18:52
Нар дулайж, намар налайсан 10-р сарын сүүлээр Үзэмчин нутгийн амьд эрдэнэ болсон үзэмчин бүдүүн сүүлт хонийг хайхаар Улиастай суурингийн Сайн-Ус багийн үзэмчин хонь малладаг Эрдэнэдалайгийнд хүрэв.

Үзэмчин малчдын таван эрдэнэ болсон таван хошуу малыг дурдахад “Тэнгэрийн доорх тэргүүн хонь” хэмээгдсэн орон нутгийн амьд эрдэнэ үзэмчин хонь дурдагдах ёстой.

Ухаарал

Ер нь өвөлдөө тэс хүйтэн, өнжөөд нэг шуурга дэгддэг Үзэмчин нутагт 2000 оны өвөл бас л хатуу өвөл болж байсан. Эрдэнэдалайгийнх тэр жилийн зудад гэнэдсэн гэдэг.

1997 онд Эрдэнэдалай туурга тусгаар айл болж гарахад аав ээж нь 200 гаруй хонь, 50 гаруй үхэр, 20 гаруй адуу, хоёр хүний 4460 мү (1 га=15 мү ) нутаг хувьчлан өгчээ. Энэхүү мал унаа нь чамлахааргүй их хөрөнгө байсан ч нутаг уудам, мал олонтой том гэр бүлээсээ тусдаа гарсан түүнд цөөн санагдаж байсан гэж тэрээр тухайн үеийн бодлоо нуулгүй ярилаа. Тийм болохоор хувьдаа гарсан эхний жилүүдэд залуу хүний эр зориг, хүч хөдөлмөртөө түшиглэн, хотгороор дүүрэн мал унаатай болж, Үзэмчин нутгийнхаа үзүүр баян малчин болох мөрөөдлийг өвөрлөж байв.
2000 оны зун тэдний нутаг их гандаж, мал нь халуун зунаар өвс ногоондоо цадахгүй гачигдав. Намар нь тэрээр мал унаандаа тарга хүч авуулан өвлийг мэнд туулах гэж гэргийтэйгээ зөвлөн байж нутгийн ахтайгаа хамт хоёр айлаараа 200 газрын зайтай Улиастай суурингийн Дэвшилт багийн нутгаар оторт явжээ. Гэтэл "Өвлийг өег дулаан өнгөрөөж, өвөлжөө сууриндаа хавар буцах үед өнөр өтгөн мал сүрэгтэй очно” гэж бодсон Эрдэнэдалайгийн бодол буруутаж, өвлийн дунд сар хүртэл нэлээд сайхан байсан тэнгэр гэнэт их цас орж зуд болжээ. Оторт явсан хүмүүс өег сайхан бэлчээрийг эс тооцвол бэлтгэл гэж бараг үгүй. Гэвч үргэлжилсэн хэдэн өдрийн цас шуурганд өнөө сайхан бэлчээр нь өвчөөрөө дарагдаж, хүний хүч хүрэлцэхгүй хөндлөнгийн нутагт хашаа саравч, өвс хулс гээд аль алинд нь ч хомсхон өвөлжсөн тэдэнд ёстой “Баатар хүн нэг суманд, Баян хүн нэг зудад” гэсэн үг оногдож, хоёр айлын 600-аад бог малаас нэлээд нь хохирч, төл тосоогүйн дээр эх малаа арай ядан баталжээ. Нутагтаа үлдээсэн 60, 70-аад үхрийн хагас нь сүйдэж, аж ахуйн хохирол учрав.
“Тэр намар нь мал үнэ хүрсэнгүй, бүдүүн сувай үнээг хэдэн зуун юаниар л үнэлж байсан болохоор үнэ ханшийг нь чамлаад хонь үхэр гэхгүй нэг ихээр зараагүй. Харин тийм их хохирол гарна гэж зүүдэлсэнгүй. Отрын газар бид үхсэн малаараа хашаа барих шахаж, хашаа саравч, нөөц өвс гээд юу ч үгүй мухардаж байсан. Харин гачигдаж байгаа цагт төр засгийн дэмжлэгээр эх малаа арай гэж баталж билээ” хэмээн Эрдэнэдалай тухайн үеэ ахин дурсан ярьж байлаа.
Нэг алдвал нэг ухаардгийн учир Эрдэнэдалайгийн үзэл бодол өөрчлөгдөв. 2006 онд гурван өрөө орон сууцаа бариулахдаа 200 хавтгай дөрвөлжин метр талбайтай 7 дулаан хашаа саравч барьж, 2008 онд автомат удирдлагатай худаг малтуулж, мал унааны услалтын асуудлыг шийдэж, хөдөлмөр хүчээ ч хэмнэв. 2016 онд нарны эрчим хүчний цахилгаан гаргах төхөөрөмж угсарч, гэрийн гадна доторх цахилгааны хэрэгцээгээ бүрэн гүйцэд хангаж, үйлдвэрлэл амьдралынхаа дэд бүтцийг сайжруулав.

Мал маллах шинэ арга

Өнгөрсөнд хотгор дүүрэн малтай болох мөрөөдөлтэй байсан Эрдэнэдалайгийнх зудад хохирсон туршлага сургамжаа дүгнэж, хадлан бэлчээрээ хүрээлж, дулаан хашаа саравч барьж, өвс бордоо илүү ихээр нөөцлөх зэрэг гол ажлыг санаачлан хийсэн бөгөөд хөдөлмөр хүч, нутаг бэлчээр, дэд бүтэц зэрэг олон талаас бодож, мал аж ахуйн үйлдвэрлэлдээ төлөвлөлт хийхээр зориг шулуудаж, 4460 мү (1 га=15 мү) таана хялгана голлосон тал хангай нутаг бэлчээртээ үзэмчин хонио голлон маллах сонголт хийжээ. 2000 оноос эхлэн үхрээ цөөлж, 2005 он гэхэд бүгдийг шийдэж, адуугаа ч цөөлж арваад адуу үлдээв.

Эрдэнэдалай “Манай бэлчээр дээр хонь маллахад их тохирно. Хонь маллах нь эргэлт нь хурдан бөгөөд олон төрлийн мал маллахыг бодвол нутаг бэлчээрт ашигтай, өвс хулсанд гамтай, хөдөлмөр хүч арвитай байдаг. Манай үзэмчин бүдүүн сүүлт хонь гэдэг чинь орон нутгийн онцлогтоо тохирсон, өвлийн цаг өлчир, арчилж маллахад ёстой ачтай мал. Манайх хонин сүргээ дөрвөн улирлаар хээрлэн маллахаар голлож, зун намар тарга хүч авуулахыг онц анхаардаг болохоор өвөл хаврын цагт ч өлчир сайхан хонин сүрэг минь задгай хашаа хороондоо ажиггүй он туулдаг. Төлийн цагт ч дэмий их үйлээ бардаггүй. Нялх хурганы үс нь хатчихвал хүйтнээс айхгүй болдог. Цас зудтай жил л бага арчилгаа орно” гэлээ.
Сүүлийн жилүүдэд жил бүр төл тосохоос өмнө гурван сарын хугацаанд эх малдаа өвс бордоо өгч, эх малын тарга хүчийг баталсан болохоор төл тосолт 100 хувьд хүрдэг  байна. Тэрээр жилдээ гурван сарын эхээр төлөө тосч, найман сарын эхээр зарж, малын эргэлтийг баталдаг бөгөөд өвөлжих малаа эх мал голтой үлдээж, 400 гаруйгаар хязгаарлаж, цөөн мал маллахыг үгээр биш үнэнээр хийсээр ирэв.
Эхэндээ Эрдэнэдалай айл бүрийн хонь адил гэж боддог байсан бол хонь голлон маллаж, чанар чансааг нь сайжруулсан 5 жил гаруйн хугацаанд түүний хонины яс бүдүүн, мах нь амттайгаараа хол ойрдоо алдаршин, хурган хуц, охин хургыг нь худалдан авах хүн олширч, хөлдөөх агуулахад бөөнөөр зарахыг бодвол үнэ ханш нь ч их сайн болж, цөөн малаас өндөр үр ашиг хүртэх зорилгоо биелүүлэв. Энэ жил тэрээр хургаа эрт зарж борлуулсан боловч нэг хурга нь дунджаар 900  юань хүрсэн бол үүлдэр сайжруулсан хурган хуц, охин хурга нь 1000-аад юаньд хүрчээ.

Амьдралын арвич ухаан
Хонь маллах тусгай өрх хэмээн малчин алдраа өргөж явдаг нь энэ айлын өвөрмөц онцлог гэж хэлэхэд зорилготой, хандлагатай, өөдөө дэвших  эрч хүчтэй, ажилч хөдөлмөрч арвич гамтай байдаг нь малчин түмэндээ үлгэр дууриал болж байлаа. Малчин Эрдэнэдалай 1997 онд айл болж, амьдралаа босгосон цагаас өнөөг хүртэл 20 гаруй жилийн хугацаанд гэргийн хамт мал аж ахуйн үйлдвэрлэл амьдралдаа арга ухаан сорьж, аж амьдралынхаа аль байдгийг зохицуулан, хөрөнгө зузаан амьдралаа босгож ирсэн юм.
Эрдэнэдалайгийнх хэдийгээр хот дүүрэн “эрдэнэ”-тэй болсон ч ууж идэх, сууж эдлэхийг их хөөцөлддөггүй. Харин хүч хөдөлмөрөөрөө цуглуулсан хэмжээтэй хөрөнгөө арвилан гамнаж, хэрэгцээндээ зарцуулсаар иржээ. Эрдэнэдалай гэргийн хамт хонь малаа хариулах, ноос ноолуураа авах, хашаа хороогоо сэлбэх гээд байдаг бүх ажлаа өөрөө амжуулдгаас биш биеийнхээ амрыг бодож, хөлсний ажилчин авч мөнгө зарцуулахыг цээрлэнэ.
Эрдэнэдалай хэдий арвилан хэмнэхийг эрхэмлэдэг боловч хашаа саравч, худаг ус, төмөр хашаа хүрээний бүтээн байгуулалтад гар татаж үзээгүй, нутаг түрээслэх, өвс бордоо нөөцлөх гээд жилдээ багагүй хөрөнгө оруулдаг ч орлого зарлагаа зохистой тохируулсаар иржээ.
Хоньчин хүн хонь хариулах зүг чиглэлээ өдрийн туж бодож явдаг гэдэгчлэн Эрдэнэдалай өөрийн 4460 мү бэлчээрээ малын хөл хоригдон бэлчээр ус талхидахаас хамгаалан, үзэмчин хониныхоо хол бэлчдэг араншинг бодон, нутаг бэлчээрээ хэсэглэж хашаалалгүй ойр хавийн малчдаасаа 10 мянган мү бэлчээрийг 210 мянган юаниар гурван жилийн хугацаатай түрээслэн авч, үзэмчин үүлдрийн өлчир сайхан хонин сүргээ бэлчээр дагуулан маллаж, зун намрын улирал түрээсэлсэн бэлчээртээ бэлчээж, өвөл нутаг дээрээ өвөлжүүлж, бэлчээр усаа сэлгэдэг болжээ. Энэ жил Эрдэнэдалайгийнх сурсан зангаараа 400 гаруй эх малаа өвөлжүүлэхээр төлөвлөж, 360 гаруй сайн үүлдрийн үзэмчин хургаа зараад 300 гаруй мянган юанийн орлого олов.
 

Ирээдүйгээ харсан итгэл
Эрдэнэдалай "Сүүлийн жилүүдэд хурган хуц, охин хурга авахаар зорьж ирдэг хүн олон болсон нь мал сүргийнхээ үүлдрийг сайжруулсны ач гэж боддог. Манайх эх малыг сонгон бойжуулах ажлыг сайжруулахын дээр сайн үүлдрийн хуц сонгож сүрэгтээ тавьснаар борлуулалтын зам нээгдэн, үр ашиг нэмэгдсэн. Манай хурган хуц, охин хурга маань зах хээлийн үнээс дээгүүр зарагдаж байгаад сэтгэл хангалуун байна” гээд энэ жилийн мал зарсан түүхээ нарийн танилцууллаа.

Намар эрт үнэ ханш харьцангуй доор байх үед хүйтэн агуулахад  килограмм бүрийг нь 11.5  юаниар 100-аад хурга зарж, нэг хурга дунджаар 770  юань орчим хүрчээ. 100-аад охин хурга Шилийнхотын Цог-Уул сум, Рашаанбулаг суурингийн малчдад нэг хургыг дунджаар 850 юаниар заржээ. Нэг хурган хуцыг дунджаар 1000 юаниар зарж, 60 хурган хуц заржээ. Үлдсэнийг нь газар бүрийн малчид хэд хэдээр үнэлж аваад явжээ. Эрдэнэдалайгийн ярьж буйгаар энэ жилийн хурга авахаар ирсэн хүмүүсийн дотроос зарим нь дараа жилийнхээ захиалгыг ч өгөөд явсан гэнэ.
Тэрээр эх малыг сонгон, сайн үүлдрийн үрийн мал тавих ажлыг үргэлжлүүлэн сайжруулж, үзэмчин хониныхоо үнэ өртгийг нь дээшлүүлж, борлуулалтын замыг  нь өргөтгөн, ашиг орлогоо нэмэгдүүлэхээр зорьж явна.

Зохиогч: Сараана
Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж : Солонго
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл