Заан мэт итгэлтэй ажиллаж
Бич мэт хөдөлмөрч ажиллаж
Тагтаа мэт эелдэг байдгаар
Эвтэй дөрвөн амьтан мэт энэхүү үйлчилгээний газар нь Зүүн Үзэмчин хошууны Улиастай сууринд байрладаг байна. Их сургууль төгссөн оюутнуудаас бүрдсэн “Эв” үйлчилгээний газар нь хот орсон малчид бизнес эрхлэхэд ихээхэн дэмжлэг үзүүлсэн бөгөөд нийгмийн халамжийн ажлыг сайн хийж байгаа гэж дуулаад тусгай сурвалжилга авахаар зорьсон юм.
2016 онд их сургуулиа төгссөн дөрвөн оюутан хүн бүрийн 20 мянган юаниар хөдөө аж ахуйн нөхцөл байдалд зохицуулан, зах зээлийг эрэлхийлэн, нутаг усныхаа бүтээгдэхүүний брэндийг ухуулан сурталчилж, мал аж ахуйн бүс нутгийн хүний нөөцийн баялаг, техник технологийн баялаг, зах зээлийн баялгийн хангамжид туслах зэрэг үйлчилгээ хангахаар зорилго болгосон байна. Мөн бизнес эрхлэх хүсэлтэй малчин залууст зориулан сургалт зохион байгуулж, илүү олон шинэ эрэн үеийн залуусыг хүмүүжүүлэхээр хичээн ажиллаж байна. Уг үйлчилгээний газар цахим худалдаа, борлуулалт, эдийн засаг, арьсан урлал, хууль цаазын мэдлэгийг түгээж байгаа бөгөөд хүүхэд залуучуудын хэлний боловсрол зэрэг боловсрол сургалтыг үргэлж зохион байгуулж цаг үед зохицсон шинэ малчдыг хүмүүжүүлэхэд зорьсон байна.
“Эв” байгуулагдсан цагаасаа өнөөдрийг болтол 100 гаруй гишүүнтэй болжээ. Баянхөөвөр сумын Баян-Овоо багийн галын аюулд өртсөн малчдад амьдрах зам хайсан, Дундговь сумын Энхжаргалан багийн малчин Мөнхбаяр хүнд өвчин тусаж, эмчилгээ хийлгэхэд хандивын үйл ажиллагаа зохион байгуулсан, хошуу наадмын ар талын ажилд үйлчлэхийн зэрэгцээ хог цэвэрлэх, үндэстний соёлоо ухуулж дэлгэрүүлэх, хайр халамж хүргэх үйлчилгээ, гэр хорооллыг шилжүүлэх зэрэг олон үйл ажиллагааг зохион байгуулан, нийгэм нийтэд үлгэр жишээ үр нөлөөгөө үзүүлж, олон түмэнд таашаагдсан үйлчилгээний баг болон хөгжиж яваа юм.

- Энэ оюутнууд үнэхээр болж байна. Өөрийн мөнгөөрөө нийгэм нийтэд нэмэр хандив өргөх үйл ажиллагаа өрнүүлсээр. Малчдад туслан хашаа хороог нь цэвэрлэхээс эхлээд ямар ч ажлыг эвтэй сайхан хийж өгнө. Малын нядалгааны үед бас бидэнд тусална. Одоо хөдөө яг ийм залуус дутагдаж байна гэж Ээжнуур суурингийн малчин Соёлт ярьж байлаа.
- Энэ ажлыг эхлүүлэхэд бидэнд маш олон бэрхшээл тулгарсан. Бидний хийдэг ажлыг хүмүүс ойлгохгүй, гэр бүлийнхэн ч ойлгохгүй их сургууль төгсөөд айлд очиж хонь хариулахаар гэртээ ирээд хонио хар гэдэг. Хөдөө буугаад хог цэвэрлэхэд уйдсан хүмүүсийн хийдэг ажил байна гэнэ. Гэсэн хэдий ч бид нэг нэгэндээ зориг өгч урам хайрлан үйлчилгээгээ үргэлжлүүлсэн. Ингэсний хариуд хүмүүс биднийг ойлгож мэдээд сайн үнэлгээ өгөхөд маш их баярлаж, зориг орсон. Ялангуяа бид Мөнхбаярт хандив цуглуулах үйл ажиллагааг өрнүүлж, түүнийг мэс засал хийлгэж, өвчин нь эдгэрсэн үеийн баяр бахдалыг алтаар ч сольж чадахгүй билээ. Бид жил гаруйн хугацаанд хөдөө тосгон, мал аж ахуйн оронд судалгаа хийхэд сүүлийн хэдэн жилийн малын үнэ буурсан нь ган гачиг, мөнгөө төлөвлөгөөгүй хэрэглэх зэргээс шалтгаалан орлого зарлага тэнцвэргүй болсноос болсон гэдгийг мэдсэн. Үүнээс гадна бидний малчид өнгөрсөн жилийн орлогоо энэ жилийн хавар болтол хэрэглэж дуусгасан учир арга бус банкны зээлээр амьдралаа аргацаадгаас өр ширэнд унаж хадгаламжийн мөнгө байхгүй малчин өрх олон болсныг хэлэх учиртай.

Мал аж ахуйн хөгжил, малчдын орлогыг нэмэгдүүлж чинээлэг болох замд саад болсон бодит байдалд тулгуурлан малчдад үйлдвэрлэл амьдралын зөв ойлголтыг бий болгож, малчдын орлогыг нэмэгдүүлж зардлыг багасгах, хөрөнгийн хуримтлалыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ хөгжлийг ахиулах тусгай гарын авлагыг найруулан хэвлүүлж малчин түмэнд тус дэмжлэг үзүүлэхээр хичээн ажиллаж байна. Бид малчдад бодит байдалдаа зохицуулан мал аж ахуй эрхэлж, шинжлэх ухаан техник технологийн мэдлэг эзэмшихийн чухлыг таниулан, хөрөнгө оруулалтаа багасган, ашиг орлогоо нэмэгдүүлж хадгаламж мөнгөө өсгөн, орлого зарлагаа урьдчилан төсөвлөн бодох хэрэгтэй. Нэг жилийн эхэн хугацаанд бүх ам бүлийнхээ үндсэн зарлага болон мал аж ахуйн үйлдвэрлэлийн хөрөнгө мөнгөө төсөвлөн бодож, жилийн орлогынхоо үндсэн дээр зарлагаа зохицуулж нэг жилийн орлого зарлагынхаа тухай нарийн тэмдэглэл хийж, төсөв төлөвлөгөөтэй тооцоо хийж ажиллахыг санаачилсан. Малчин өрх нэг жижиг аж ахуйн нэгж шиг үйлдвэрлэл амьдралаа зохицуулбал амьдралаа өөдтэй сайхан авч явж чаддаг гэж боддог хэмээн тус үйлчилгээний төвийн нэгэн оюутан бидэнд хийсэн ажлынхаа тухай танилцууллаа.
