solongonews
ӨМӨЗО аялал жуулчлалыг стратегийн тулгуур салбар болгов
2017-07-24 21:15
Сүүлийн жилүүдэд ӨМӨЗО-ны Аялал жуулчлалын салбар эрчимтэй хөгжиж, том том төсөл боловсруулан агуулга, цар хүрээгээ өргөжүүлж, Өвөр Монголыг хөдөө нутгийн аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх стратегийн бодлогыг амжилттай хэрэгжүүлэв.

        Эх сурвалжаас үзвэл “12-р таван жил”-ийн хугацаанд буюу 2010-2015 онд давхцсан тоогоор нийт 342 сая хүн Өвөр Монголд жуулчилж, 748 тэрбум юаний орлого оруулсан байна. Өвөр Монголын Дотоодын Нийт Бүтээгдэхүүнд эзлэх Аялал жуулчлалын салбарын орлогын хэмжээ анх удаа 11.8 хувьд хүрсэн байна. Мөн өнгөрсөн жил буюу “13-р таван жил”-ийн эхний онд аялал жуулчлалын салбарын орлого Дотоодын Нийт Бүтээгдэхүүний 12.6 хувийг эзэлж, аялал жуулчлал, үйлчилгээний салбарт 1 сая 658 мянган ажлын байр гарган, аялал жуучлалын салбарт 38 тэрбум 700 сая юаний хөрөнгө оруулсан байна.

        Хятад улс эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийг эрчимтэй хийж, аялал жуулчлал, үйлчилгээ, соёл, спортын салбарт хөгжлийн асар их боломж нээсэн. Өвөр Монгол орон ч гэсэн ногоон эдийн засгаа хөгжүүлэхэд анхаарч, ялангуяа, Аялал жуулчлалын салбарын хөгжлийг бодлогоор дэмжиж байна. 2012 онд ӨМӨЗО-ны захиргаанаас "Аялал жуулчлалын салбарын хөгжлийг эрчимжүүлэх санал" гаргаж, аялал жуулчлалыг стратегийн тулгуур салбар болгон бодлогын чанартай олон төсөл хэрэгжүүлж эхэлсэн юм. Үүнд, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг ахиулан, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлжээ. Сүүлийн жилүүдэд зам тээврийн системийн бүтээн байгуулалтыг ахиулан Өвөр Монголын хэмжээнд нэгдүгээр зэрэглэлийн авто зам 5000 км-т хүрч, 94 хошуу, шянь хурдны болон нэгдүгээр зэрэглэлийн авто замаар холбогдож, ашиглалтад ороод байгаа төмөр зам 9500 км-ээс 13 мянга 500 км болсон нь бүх улсад тэргүүлж, Бээжин-Жинин-Хөххот- Бугат-Ордосыг холбосон хурдны төмөр замын ажлыг эхлүүлжээ. Иргэний нисэх онгоцны буудал хоёр дахин нэмэгдэж 24 болсон нь Хятад улсад тэргүүлэх үзүүлэлт юм. Мөн аялал жуулчлалын бүсэд 619 сая юаний хөрөнгө оруулалт хийж, 2000 орчим боловсон бие засах газар байгуулсан байна.

Дэд бүтцийн бүтээн байгуулалтын үндсэн дээр ӨМӨЗО орон нутаг, үндэстэн ястан, уламжлалт зан үйл, түүх, соёлын онцлогтой аялал жуучлалыг хөгжүүлж, бүх аймаг хошуунд тус тусын онцлог бүхий аялал жуулчлалыг хөгжүүлж байна.

Өвөр Монголын баруун захын Алшаа аймгаар жишээлэхэд, өмнө нь уул уурхайн салбар эдийн засгийнх нь гол тулгуур, Дотоодын Нийт Бүтээгдэхүүний 80 гаруй хувийг эзэлдэг байсан бол сүүлийн жилүүдэд байгаль хамгаалах, ногоон эдийн засгаа хөгжүүлэх үүднээс бүс нутгийн онцлогтой аялал жуулчлалыг хөгжүүлж эхэлсэн аж.

Алшаа аймгийн Суртал ухуулгын газрын дарга Дянь Дэжи: 

        Бид соёл, аялал жуулчлалыг стратегийн тулгуур салбар болгон хөгжүүлж, сүүлийн жилүүдэд тус салбар хурдтай хөгжиж байна. Сүүлийн гурван жилд жуулчдын тоо, тэдний оруулсан орлого жил бүр 30-40 хувиар өслөө. Өнгөрсөн жил давхцсан тоогоор 6 сая 200 мянган жуулчин хүлээн авч, 6 тэрбум юаний орлого олсон нь 2015 оныхтой харьцуулбал тус бүр 40 гаруй хувиар өссөн үзүүлэлт юм. Ялангуяа, энэ жил Алшаа аймаг Өвөр Монголын аялал жуулчлалын үлгэр жишээ бүс боллоо. Бид Алшаа нутгийн онцлогтой соёл, аялал жуулчлалын аливаа эх үүсвэрийг хөгжүүлж, хөгжлийн шинэ гарц олсон юм.  

Алшаа Зүүн хошуу байгалийн сонин хачин чулуугаараа жуулчдыг татаж, Сонин чулууны музей байгуулан, чулууны яармаг зэрэг арга хэмжээ явуулан аялал жуулчлалаа хөгжүүлж байгаа бол Алшаа Баруун хошуу говь нутгийн үзэмж, элсэн цөлийн спортыг хөгжүүлж, Эзнээ хошуу тооройгоороо алдаршиж байна. Ийнхүү эдгээр хошууд хэдийгээр адилхан говь нутаг боловч тус тусын онцлогтой аялал жуулчлалыг хөгжүүлж байгаа юм.

Өвөр Монголын зүүн захын Хөлөнбуйр хот угаасаялал жуулчлалаараа алдартай. Хөлөнбуйрын хээр тал бол гадаад, дотоодын жуулчдын "Эртний танил нутаг" юм. Сүүлийн жилүүдэд Хөлөнбуйр хот өөрийн нэрийн хуудас болсон хээр талдаа түшиглэн газар нутаг, үндэс ястны онцлогтой аялал жуулчлалыг хөгжүүлж байна.

Хөлөнбуйрт Эвенк, Орчон, Дагуур, Орос зэрэг цөөнх үндэстэн аж төрдөг. Тиймээс Хөлөнбуйр хотын захиргаанаас Орчон үндэстний анчдын отог, Орос тосгон, Эвенкийн цаатан айл өрх зэрэг аялал жуулчлалын гурван бүс болгон хөгжүүлж, жуулчдад үзүүлэх хөтөлбөрөө баяжуулж байна.

        Өвөр Монголын төв нутгийн Ордос хот Чингисийн онгон, тахилга тайлгын соёл, Хиа багшийн дүүрэг, хот байгуулалт, барилга байгууламжийн өвөрмөц шийдэл, Монгол үндэстний түүх, соёлыг харуулсан хөшөө баримал, хотын шөнийн үзэмжээрээ жуулчдыг татаж байна.

Өвөр Монголын аймаг, хотууд энэ зэргээр тус бүртээ орон нутгийн онцлогтой аялал жуулчлалыг хөгжүүлж байна. 2016 оны эцсийн байдлаар Өвөр Монгол оронд аялал жуулчлалын 976 компани, А зэрэглэлтэй 337 жуулчлалын газар, эдгээрээс хамгийн дээд буюу 5-А зэрэглэлтэй 3 газар, 4-А зэрэглэлтэй 97 газар байна.

Улирлын чанартай аялал жуулчлал Өвөр Монголын аялал жуулчлалын нэг сул тал байсан бол одоо цас мөсний баяр, говь, хээр талын намрын өнгө үзэмжийг аялал жуулчлалын шинэ хөтөлбөр болгоод байгаа юм.

Алшаа аймгийн Эзнээ хошуу намар цагийн аялал жуулчлалыг хөгжүүлж байна. Харин Хянган аймгийн Рашаан хот жуулчдыг өвлийн спортоор урин дуудах зорилгоор цанын бааз зэрэг өвлийн спортын бүтээн байгуулалт хийж, хаврын аялал жуулчлалыг хөгжүүлж байна. Онцгой хүйтэрдэг тус нутагт хаврын цагт хүйтний эрч арай суларч, бусад хотод цанын бааз ажиллуулах боломжгүй болоход Рашаан хотод жуулчлах хүмүүс мэдэгдэхүйц олширдог байна.

        Аялал жуулчлалын салбарын үсрэнгүй хөгжил Өвөр Монголын эдийн засгийн өсөлт, бүтцийн өөрчлөлтөд чухал нөлөө үзүүлээд зогсохгүй байгаль орчин хамгаалах, дэд бүтцийн бүтээн байгуулалт, ажлын байраар хангах, ядуурлыг багасгахад зохих хувь нэмэр оруулж байгаа юм. 

Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : http://mongol.cri.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл