
Хөвчийн элсний гүнд байрлах Дуут нуурын аялал жуулчлалын бааз нь дэлхийд нэртэй. Или уул уурхайн корпорац 30 жилийн турш байгаль орчныг хамгаалан, элс манхныг ойжуулсны үр дүнд бүтээн байгуулсан Хятадын 4А зэрэглэлийн байгалийн аялал жуулчлалын бааз юм.
Энэхүү аялал жуулчлалын бааз нь Хятадын анхны байгалийн аялал жуулчлалын үлгэр жишээ бааз, Хятадын усан ашиглалтын аялал жуулчлалын бааз, Хятадын элс манхны аялал жуулчлалын туршилтын газар зэрэг олон алдар хүртсэн байна.
2011 онд НҮБ-аас Дуут нуурын аялал жуулчлалын баазыг “Хөвч олон улсын элсний аялал жуулчлалын чуулга уулзалтын үндсэн суурин болгосон. Тус аялал жуулчлалын бааз нь 10315 га талбайтай. Үүнээс нуурын талбай нь 114 га, нуга газрын талбай нь 40 га, тал газрын талбай нь 380 га, элс манхан бүхий талбай нь 383 га, ойжуулалт хийсэн талбай нь 9396 га юм байна.
2015 онд Хятадын Ой шугуйн яамнаас 33 элс манхны цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг зөвшөөрсний нэг нь Хөвчийн элсний цэцэрлэгт хүрээлэн болно. Энэхүү цэцэрлэгт хүрээлэн нь домог шиг долоон нууртай. Байгалийн бүхий л бүс бүслүүр нэг дор цогцолсон болохоор амрах, эрүүл мэнддээ анхаарах, зугаалах, хурал цуглаан хийх бүхий л боломжоор хангагдсан байна.
Чин Нямбуу нь Хангин хошууны Дугуй тал сууринд амьдардаг далан насыг шүргэж яваа настан буурал юм. Хоёр хүү, хоёр охинтой. Эднийх 8 га бэлчээр, 6 га орчим тариан талбай, 2 га усалгаатай тариалангийн талбайтай. Энэ гэр бүл тэнгэрийн царай харан аж төрж, хаяа хязгааргүй цэлийсэн элсэн цөлөөсөө залхахдаа хаашаа ч хамаагүй нүүмээр санагдах үетэй нэг бус тохиолдож л байсан. Гэвч нутгаа орхин нүүж чадсангүй.
Харин энэ үеэр Или уул уурхайн корпорац Хөвчийн элсийг ойжуулах ажлаа эхлүүлэн зам засан мод тарьснаас Чин Нямбуу болон нутагтаа үлдсэн айл өрхүүд мод тарьсны үр ашгаараа хэдэн жилийн дараа шинэ гэртэй болцгоожээ.
Чин Нямбуу (дунд )
Ажилч хөдөлмөрч Чин Нямбуу мод болон тариа тарих ажлаа орхигдуулсангүй. Жилдээ мод тарьсан орлого нь 70 гаруй мянган юань, тариалангаасаа 40 гаруй мянган юанийн орлого олж, басхүү тэжээсэн малын тоо толгой нь ч хэдэн арваасаа хэдэн зуу болон өссөн байна. 2013 онд Чин Нямбуу ойжуулаагүй элсэрхэг газраа Или корпорацад түрээслүүлэн 600 гаруй мянган юань олжээ. Санаанд ч оромгүй үйлсийн ард нутгаа сахин хамгаалж, амьдралаа дээшлүүлсэн Чин Нямбуу тэргүүтэй малчин өрхүүд олширчээ.
Цөлжилтийн эсрэг энэ нутгийн Засгийн газар, аж ахуйн нэгж компаниуд, иргэд хүч нэгтгэн ногоон байгальтай болох нэгэн мөрөөдлийн зүг хүч тавин зүтгэж байна.
