solongonews
Шилийнгол аймгийн ган тайлагдах магадлалтай
2017-06-27 16:44
Шилийнгол аймгийн нутгаар их бороо орж ган тайлагдах магадлалтай байна.

Шилийнгол аймгийн хэмжээнд 6 дугаар сарын 22-ны өдрөөс 23-ны өглөөг болтол үргэлжилсэн бороо орж малчдын магнай тэнийж, малын зоо амарлаа.

Шилийнгол аймгийн Цаг агаарын товчооны мэдээлснээр Сөнид Баруун хошууны Зүрх суурин, Сөнид Зүүн хошууны Арбулаг багийн нутагт ширүүн бороо орж, тунадасны хэмжээ 51-54 мм хүрсэн бол Сөнид Баруун хошууны өмнө бие, Хөвөөт шар хошууны баруун хойд хэсэг, Сөнид Зүүн хошууны өмнө хэсэг, Шулуун хөх хошууны зүүн хойд хэсэгт их бороо орж, тунадасны хэмжээ 25-45 мм хүрсэн байна.

Хавраас хойш Шилийнгол аймгийн ихэнх нутгаар хур бороогүй халуун, салхи ихтэй байснаар гандах шинжтэй болсон байв. Тавдугаар сарын сүүлээр орсон нэг удаагийн бороо тус аймгийн өмнө хэсгийн нутаг болон Улгай орны гангийн байдалд эргэлт гаргасан боловч хойд биеийн нутгаар мөн хур бороо багатай хэвээр байжээ. Тодруулбал, Баруун Үзэмчин, Зүүн Үзэмчин, Авга, Шилийнхот зэрэг нутгаар мөн ган ихтэй байсан юм.

Харин энэ удаагийн борооноор бурхан тэнгэр авралдаа багтааж, бүх бүс нутгийн хэмжээнд бороошиж ган тайлагдах шинжтэй байгаа аж. Шулуун хөх хошууны Загастай сумын Баянхангай багийн малчин Балжир:

- Манай энд ямар ч байсан ган тайлахаар бороо орлоо. Уул ус, тэнгэр бурхандаа залбиран даатгаж байна гэж баяртай нь аргагүй ярьж байлаа.

Зохиогч: Содбилэг
Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Шилийнгол сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл