Цөөхөн мал тэжээж ашиг орлогоо нэмэгдүүлэх ухаан хайж яваа залуу хос Энх, Саранцэцэг хоёр бол Баруун Үзэмчин хошууны Улаанхаалга сумын Эрхэт Овоо багийн малчид юм. 266 гаруй га газар нутаг нь шил газар болохоор ус муутай байдаг. Ийнхүү сүүлийн жилээс нутаг бэлчээртээ тохируулан цайвар зүсмийн тавь гаруй адуугаа өсгөхийн зэрэгцээ бэлчээрийн даацдаа түшиглэн 200 гаруй үзэмчин хонь маллаж байна. Ингээд пин саравч зэрэг мал аж ахуйн дэд бүтэц бүтээн байгуулалтыг сайн хийж, цөөхөн малаас их ашиг орлого хүртэх амьдралын аянд жолоо сунган тэмүүлэв.

Санасан бол хийж бүтээж л явдаг Энх, Саранцэцэг нар хоёулаа энэ хоёр жилээс өөрийн нутагтаа зургаан монгол гэр барьж, “Шилийн дэнж” нэртэй бага хэмжээний аялал жуулчлалын бааз эрхэлжээ. Улмаар өөрийн саасан цэгээ, цагаа болон улаан идээгээ борлуулахын зэрэгцээ жуулчдад морь унуулан нутгийнхаа сайхан үзэмж адуу малаа сонирхуулан ашиг орлого олдог байна. Өнгөрсөн жил арваад гүү барьж, цэгээ исгэсэн байна. Өөрийн хийж чадах монгол онцлогт идээ ундаагаараа ирсэн зочдоо зочлон, ариун цэврийг сахин үйлчилдгээрээ анхны жилийнх нь аялал жуулчлалын орлого 100 мянга шахам юаньд хүрсэн байв. Энх:
- Ноднингийн бүтэн нэг жилийн байдлаас үзэхэд зохих хэмжээний ололт амжилт олж, аялал жуулчлалын аж ахуйг хэрхэн эрхэлвэл илүү сайн болох тухай багагүй ойлголттой болсон байна. Жуулчдад монгол хүнсний экологийн цэвэр, байгальлаг байдлыг сайн ойлгон мэдэрч байгаа тул ойр орчмын айлуудтайгаа хамтран ажиллаж, улам сайн эрхэлъе гэж бодож байна. Одоогоор миний хийж чадах нь цэгээ, цагаан идээ, улаан идээ ба морь унуулах төдий л байна. Хэрвээ бусадтай хамтарвал үнээ саах, үхэр тэргэнд суулгаж зугаацуулах, нүүж буух, монгол гэр барих, тэмээ унуулах зэрэг олон төрлөөр бүрэн ашиглаж болно. Үүнээс гадна, хонь хургаа амьдаар нь борлуулахтай харьцуулвал ингэж хийвэл цөөн малаас их орлого олж болох ёсыг ухаарлаа. Дараа нь аялал жуулчлалын хамаатай сургалтад илүүхэн оролцъёо гэж бодож байна. Нэгэнт энэ ажлыг хийхээр эхлүүлчихсэн юм чинь зорьсондоо хүрэхээр хичээнэ гэж аялал жуулчлалын газрынхаа тухай санал бодлоо хуваалцлаа.

