solongonews
Шархдсан янзагыг аварчээ
2019-05-14 11:35
Малчин Сэрэнчимэг шархдсан янзагыг аварсан байна.

    Өнөөдөр Сэцэнчимгийн сэтгэл баяртайн дээр цаанаа нэг л гунигтайхан. Учир юу гэвэл хоёр сар гаруй тэжээсэн янзагыг өнөөдөр эх байгалийнхаа халуун элгэнд нь буцаах болжээ. Сэцэнчимэг төдийлэн салж төвдөхгүй байлаа ч эх байгалийн амьтан эрт оройгүй эх байгальдаа буцах жам ёстой гэдгийг тэд сэтгэл зүрхнээсээ тод ойлгоно. Сэцэнчимэгийнх Өвөр Монголын Алшаа Баруун хошууны Алтан-Овоо суурингийн Зэл Бөөрөг багийн эгэл жирийн малчин айл.

Цагаан сар өнгөрөөд удаагүй байв. Нэгэн өдөр нөхөр Жиньбао нь тэмээнд явахдаа бутны хажууд нэг янзага байхыг олж үзэв. Хөөрхөн нялх амьтанд ойртоод харвал ясан дээр арьс тохсон гэмээр эцэнхий туранхай, хүнээс үргэх ч чадалгүй үхлийн даваан дээр амь тэмцэж байжээ. Үүнийг харсан Жиньбао ч энэ зовсон амьтныг орхиод явчих зориг байсангүй. Тэгээд хүүгээ дуудаж, тэд хоёул янзагыг гэртээ аваачсан байна. Өвсний хашаандаа хийж, ус ойртуулж өгвөл тэр янзага ойшоох ч үгүй хэвтэнэ. Тэгээд хээрийн амьтныг тэжээнэ гэдэг тийм ч амар биш гэж сэтгэл зовон гэртээ оров. Харин хэсэг хугацааы дараа гэтэж үзэхэд нөгөө янзага хажууд нь тавьсан уснаас ухаа сэхээгүй уух байжээ. Энэ бүхнийг харсан өвгөний дотор уужрах шиг боллоо. Янзага ус ууж ханаад хажуугийн өвснөөс идэж эхлэв. Сэцэнчимэг энэ янзага мал болж чадна гэдэгт итгэв. Хээрийн амьтныг зөвшөөрөлгүй, дур зоргоороо барьж болохгүй гэдэг хууль байдаг учраас тэд тэр даруйд нь Алтан-Овоо суурингийн Ой шугуйн өртөөнд болсон явдлаа мэдэгдэв.

  Тун удалгүй ой шугуйн өртөөнийхөн мэдэгдэл ирүүлж, түр хугацаанд тэднээр тэжээлгэхээр болсон тухай шийдвэр гаргав. Хэд хоног өнгөрч тэжээсэн янзага Сэцэнчимэгийн арчилгаа додомдлого, өвс усны сайнаар хүч тэнхээ орж эхлэв. Ой шугуйн өртөөнийхөн ч хэд хоноод байдлыг нь нэг асууж байж санаа амардаг юм байна. Цовоо хөөрхөн янзагыг Сэцэнчимэг өөрийн эрхгүй өхөөрдөн хайрлана. Нэг мэдэхэд янзагандаа аргагүй их дасч, хайртай болсон байлаа. Үнэндээ хайраас гадна хариуцлага дагалдаж байгаа! Сэцэнчимэг өдөр болгон цаг тухайд нь янзагандаа ус тэжээлийг нь ойртуулж өгнө. Янзага ч Сэцэнчимэгээс тийнхүү үргэж зугтахгүй нэлээд ээгнэгшин дассан байна. Харин өөр хүнд бол ойртохгүй. Мал ер нь үргэлж ойр байдаг хүндээ ээлтэй байдаг гэж бас ч ортой. Өдөр хоног үргэлжилсээр.... сар илүү болов. Янзага өдрөөс өдөрт гадагш гүйх нь олширчээ. Тэд ч янзагаа тавих цаг нь болсон гэдгийг ухаарч эхэллээ. Мөн шууд тавиад явуулж болохгүй, харин заавал суурингийн ой шугуйн товчоонд мэдэгдэж, тэдний нүдний өмнө тавих хэрэгтэй байлаа. Ингээд тэд нөхцөл байдлаа мэдэгдсэнд ой шугуйн товчооноос тусгай хүн ирж, янзагыг эх байгальд нь чөлөөлөх буянтай ажлыг гэрчлэв.

Сэцэнчимэг ийнхүү янзагаа эх байгальд нь буцаалаа. Эрх чөлөөгөө олсон янзага байгаль эх рүүгээ тэшүүллээ. Холдон одож, өргөн талын гүнд бараа нь аажмаар замхарч буй янзаганыхаа хойноос Сэцэнчимэг “Хурай хурай” гэсээр цагаан сүүнийхээ дээжийг өргөв. Шархдаж гэмтсэн хээрийн зэрлэг амьтныг авран тэжээж, эх байгальд нь буцаасан буян шингэсэн үлгэр хөдөө нутаг, ханагар говьд маань үргэлжилсээр... хүн байгалийн эе зохицол гэж ийм ажээ.   

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : Амьдарл гарагийн сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл