solongonews
Миний хайртай таргай цагаан
2017-08-15 17:18
Намайг бага байхад манайд таргай цагаан, сэлмэн эвэрт, сэтэрт цагаан, орог цагаан гээд сүрэг цагаан ямаатай байсан юм. Энэ олон ямааны дундаас би таргай цагаандаа хамгийн хайртай.


     Ишиг байх үедээ миний хойноос төө салахгүй дагаж, үргэлж нуруун дээр авиран чих долоож эрхлэн тоглодог байсан юм. Ингээд эрх ишиг минь нэг мэдэхэд том цагаан ямаа болж, жил болгон ихэрлэн биднийг баясгадаг боллоо. Байгаа нь яахын аргагүй бүдүүн мөртөө далбагар том эвэртэй учир таргай цагаан гэж нэрлэсэн юм. Тэр хэзээд сүргийн өмнө толгойлж явдаг. Өсөх малын зүс нь нэг гэдэгчлэн манайх гэдэг айл удалгүй нэг сүрэг таргай цагаан ямаатай болсон юм даа. Манай таргай цагааны сүрэг хонь шиг айлын сүрэгт нийлдэггүй, нар шингэхээс өмнө сүргээ дагуулан хотондоо ирдэг. Зусландаа хамгийн тэргүүнд л бэлчээртээ хүрдэг нутгархаг, ухаантай, эзэндээ ээлтэй гэдэг нь аргагүй амьтад байв.
 Намайг долоон настай тэр жил манайхан тор татаж эхэлсэн юм. Тэр торноос болоод л ямааны хар бараан өдөр эхэлсэн гэж би боддог. Өдөржин айлын тор луу шургаж, хэд ам татдаг гэх ба сүүлдээ нутгийг цөлжүүлж байхын гол ялтан болж байлаа. Манайхан ч ямааныхаа тор шургадгаас нь эхлээд худалдсаар байгаад таргай цагаан ишигтэйгээ гурвуулхнаа хоцорсон юмсан. Өдөржин аргамжаандаа майлах таргай цагаан минь ч бүр ишиг шиг эрхэлж, надаар их хань татдаг болсон. Харин энэ нь таргай бид хоёрын хамгийн нандин цаг мөч байсныг би хожуу сүүлд сая ухаарлаа. Тэр нэг зун намайг сургуулиасаа ирэхэд таргай цагаан минь байсангүй. Миний дотор яахын аргагүй харамслаар дүүрч, их уйлснаа хэзээ ч мартдаггүй юм. Уг нь таргай цагаан минь сүргээ эрж аргамжаанаасаа хэдэн удаа мултран гүйж, сүүлд нь бүр тогтохоо больж аргагүй болоход аав малын наймаачин ирэхэд машинд нь тээгээд явуулчихсан байсан.
Манай гэрийн ямааны түүх ийнхүү таргай цагаанаар эцэслэж, дахиж ямаа маллалгүй өнөөдрийг хүрлээ. Гэвч таргай цагаан минь өнөөг хүртэл надад өөрийн эрхгүй үгүйлэгдэж, байнга нүдэнд харагддаг билээ.

Зохиогч: Номинжин
Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : \"Солонго\" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл