solongonews
Уран эрдмээрээ олондоо таашаагдаж яваа малчин бүсгүй
2017-06-27 17:23
Уранцэцэг Шилийнхотын Цог-Уул сумын Оюут багийн уугуул.

Шилийнхотын “Хээнцэр монгол оёдлын газар” тэрлэг хавж ажилладаг байна.

Хар багаасаа оёдолд хорхойтой тэрээр уран оёдолчин ээжийнхээ утас зүүг нь сүвлэж, оёдол ажилд нь тус дэм болж харж заалган байсаар үйл оёдлыг анх сурсан байна. Эндээс эхлээд гэр бүлийнхэндээ дээл тэрлэг оёж байгаад уран үйлийн ажилд гарамгай болжээ.

- Өвөл болохоор л цагаан сараар өмсөх тэрлэг, садан төрлийн жилийн ойн дээл гээд олон оёдлын ажил ээжид ирдэг. Би тэр үед сургуульд байсан болохоор зөвхөн амралтаараа гэртээ харьж ээждээ туслан, дээлийн дотоод энгэрийг нь хавдаг. Ингэсээр монгол оёдлоо сурсан гэж оёдол сурсан тухайгаа Уранцэцэг танилцууллаа.

Уранцэцэг (зүүнээс хоёр)

Уранцэцэг хүүхдээ сургуульд суулгахаар Шилийнхотод ирсний дараа хүүхдийнхээ хоолыг бэлдэхээс өөр ажилгүй тул зүгээр суухаас зүлгэж сууя гэж боджээ. Тэгээд өөрийн чаддаг мэддэг үйл оёдлын ажлаа хийхээр шийдвэр гарган, 2006 оны 8 дугаар сараас монгол оёдлын газар тэрлэг хавж эхлээд арваад жилийн нүүрийг үзсэн байна. Уранцэцэг нэгийг сурч эзэмшвэл заавал үзүүрт нь гарахаар мэрийдэг зоригтой бүсгүй. Тэр ажлын зав чөлөөгөөрөө ахмад настнаас суралцаж, монгол оёдлын шинэ технологийг онол практиктай уялдуулан суралцдаг байна. Уранцэцэг одоо дунд зэргийн оёдлын мэргэжлээ төгсгөөд, үргэлжлүүлэн өндөр зэргийн мэргэжлийн ангид суралцахаар болоод байгаа юм.

- Үзэмчин тэрлэгийн хавах оёдол гэгч ёстой гарын ур шалгадаг нарийн оёдол. Хөшиж хавах, хийлж хавах, бас дээрээс нь хоёр, гурав буюу таваар хашиж хавах гэж байдаг. Нэг тэрлэгийг хавахад нэг долоо хоног гаруй болдог гэж байлаа.

Тэрээр тэрлэг хавахдаа мэргэшсэн бөгөөд оёдол болгоноо нарийн нямбай оёдог болохоор хэрэглэгчдийн таашаалыг олсноор барахгүй, нийгэм нийтийн үнэлэлт шагналыг ч хүртсээр ирсэн байна. 2016 оны 7 дугаар сард болсон багийн хэмжээний “Саалийн баяр” наадмын монгол оёдлын тэмцээнд түүний хавсан тэрлэг нь гуравдугаар байранд орж, 2016 оны 10 дугаар сард зохион байгуулагдсан Шилийнгол аймгийн хувцас загварын тэмцээнд тэрлэг хавах оёдлын төрөлд тэргүүлсэн байна. 2017 оны 5 дугаар сард “Шилийнгол аймгийн 5•1 хөдөлмөрийн жишээч”-ийн медалиар мөн энгэрээ мялаалгажээ.

Зохиогч: ЧАРМАА
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл