solongonews
Молор эрдэнэ тал бүрд нь багширсан Молцог дэнжийн адуучны зуншлага
2017-08-01 21:47
Өвөр Монголын Өдрийн Сонины Хорооны Солонго мэдээллийн төвөөс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Солонго аялал”-ын гурав дахь удаагийн аялал Шилийнгол аймгийн Зүүн Үзэмчин хошуугаар аяллаа.

Тус аяллаар Зүүн Үзэмчин хошууны Улиастай суурингийн Энхжаргалан багийн залуу малчин Батнасангийнд манай багийнхан бууж, нэг өдрийн ажил амьдралтай нь танилцаж, дотно танилцлаа. Эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг ажилч хөдөлмөрч залуу малчин маань биднийг маш халуун дулаанаар угтаж авч, монгол ёс заншлаараа дайлж цайллаа. Гэрийн эзэн дунд сургуулиа төгсөөд мал малласан бол гэргий Улаанцэцэг нь их сургууль дүүргэжээ. Тэд бага сургуульдаа нэг ангид сурч байсан. Тоонот гэрт толгой холбоод найман жилийг ардаа орхижээ.

Батнасан

Гэргий Улаанцэцэг ярихдаа: - Багаас нь таньж мэддэг нутгийн залуутайгаа ханилаад малчин болж амар амгалан тайван амьдарч байгаа нь миний энэ насны минь жаргал гэлтэй хэмээн сэтгэл тайван, бахдал дүүрэн ярьж байхыг сонсоод зүлгэн дээр гэрээ бариад зүгээр л нэг амьдрах сан гэдэг үг санаанд бууж байлаа. Малчин Батнасангийнх 600 га талбай газарт 4 азарга адуу, 60 гаруй үхэр малладаг. Биднийг очиход байгаль дэлхий хураа хайрлан ган тайлах гэсэн шиг хөрст дэлхий дусал бүрийг нь амтлан залгилж байв. Хувьтай хүн хур борооноор гэж ихэд бэлэгшээж байлаа. Мөн гүү саах цагтай нь таарсан юм. Монголын малчдын мал маллах арга ухаанаас ялгаатай талууд их харагдсан.

Гүү, унагаа тус тусад нь хашаалж гүүгээ саана. Саахдаа ивлэгэхгүй сааж сургасан байсан. Нэг унага татах гэдэг ажил үгүй болж хүн хүчийг хэмнэх давуу талтай санагдаж байв. Унага зэлэнд зэллэж, гүү саах цагийн хооронд гүүгээ идээшлүүлдэггүй нь жаахан санаа зовоосон асуудал байсан. Гэхдээ унагаа хашаад өдрийн халуун нарнаас хамгаалсан саравчинд байлгаж цаг тутамд усалдаг нь унага харангадахаас бүрэн хамгаалжээ. Нийт дөрвөн азарга адуутай өдөрт 20 гаруй гүү саадаг, нэг гүүнээс өдрийн 3 литр гаруй саам авдаг гэнэ. Гүү саах ажилд Батнасан ах туслах малчин залуутай хамт гарсан байлаа. Учир нь гүү саах гэх мэт адуутай холбоотой ажилд эмэгтэй хүнийг ойртуулдаггүй уламжлалтай аж. Гэрийн эмэгтэйчүүд зөвхөн сааль савыг угааж цэвэрлэхэд л оролцдог.

Айргаа боловсруулахдаа тусгай айраг бүлдэг машин ашигладаг нь хүний хөдөлмөрийг их хэмнэсэн харагдана. Тус бүлэгч машиныг цахилгаанд залган ажиллуулна. Саамтай айрагны савтайгаа зай хэмжээг нь зөв тохируулбал хэрэглэхэд их тохиромжтой харагдаж байлаа. Хошуутай ойрхон болохоор зусландаа жуулчин хүлээж авахаар хэдэн монгол гэр бэлтгэж айргаа борлуулах бизнес эрхлэх санаатай байсан ч сүүлийн жилүүдийн ган гачиг, ирсэн зарим зочдын таагүй буруу зуршлаас болж тэр санаагаа орхижээ. Иймээс хамгийн хамгийн боломжтой мөртөө цэвэр арга худалдан борлуулах аж. Нэг литр гүүний айргийг 25-35 юаниар борлуулдаг тухайгаа малчин Батнасан хуваалцаж байлаа.

Мөн үнээний сүүгээр ааруул, хурууд, өрөм, тараг, шар сүүгээр амттай сайхан чихэр хийх гэх мэт олон төрлийн цагаан идээ боловсруулснаа танилцууллаа.

Залуу малчид гэхэд гайгүй хөдөлмөрч, цэвэрч нямбай санагдлаа. Айрагны гэр, сүү цагаан идээ боловсруулдаг гэр, хоолны гэр, зочдын гэр гэх мэт бүх зүйлээ тусгаарлан ариун цэврийг их сахисан байлаа. Шаргалтан харагдах тогоотой сүүг хараад тэртээ Монголын их амар амгалан хөдөөд суугаа гэрийг минь санагдуулж ижий минь дүр тодорч сэтгэлд нэг л дотно гэртээ ирсэн мэт сэтгэгдэл төрүүлэн нүдэнд нулимс хурж байсныг нуухгүй ээ.                               

Мал маллавал ам тосодно гэдэг. Мал маллах ухаанд суралцсан түүний мянгат малчин болох хүсэл нь хязгаарлагдсан талаар: - Өмнө нь мянгат малчин болоход шагнал авдаг байсан бол одоо татвар төлдөг болсон гээд их л гомдолтой өгүүлж байлаа.

Холоос тэднийхийг зорьж очиход гурван сүлд хийморь даллан залагдсан морины уяа нь нүдэнд тусаж байсан. Морь уядаг ч олон талын асуудал тулгардаг. Морь унах хүүхэд, тойроод торон хашаатай болохоор морио сунгах боломжгүй талаар хуучиллаа. Тэднийд эрлийз адуу байхгүй бөгөөд эрлийз адуу хүйтэнд тэсвэргүй, явдал хатуутай байдаг хэмээн нутаг усанд зохицон амьдрах ухааныг ярьж байв.

Хөдөөний айл гэхэд хотын айлаас дутахааргүй тав тухтай, ахуйн хэрэглээ нь ч хотын айлтай ижил амар хялбар харагдав. Нарны зайн хураагуур ашиглаад хөлдөөгч, зурагт, угаалгын машин хүртэл ажиллуулж байлаа. Монголын суваг гардаг төхөөрөмжийг суулгаж, Монголын тухай мэдээллийг биднээс ч илүү хурдан шуурхай авч байгаа ажиглагдсан. Монголынхоо төрийн их баяр наадмыг шууд дамжуулан үзээд монголчуудтайгаа цэнхэр дэлгэцээр хамт дэлгэр сайхан наадсан тухайгаа ярьж, хурдан морь, хүчит бөхчүүдийн өнгө шинжийг манай аяллын галын ах Бямбаа ахтай хөөрөлдөн буйг хараад дэлхий гэдэг цэнхэр гариг үнэхээр ч бөөрөнхий, мэдээ мэдээлэл салхинаас ч хурдан болсон тухай бодож суухад сайхан байсан юм. Мөнхүү монгол телевизийн сувгууд үзэж эхэлснээр хүүхдүүд нь монгол хэлийг илүү сайн сурч, хятад үг бага хэрэглэх болсон зэрэг сайхан яриа өрнүүллээ. Хүүхдүүдтэйгээ хамт гадуур явж байхдаа, заримдаа хүмүүстэй харилцахдаа ганц нэг хятад үг хэрэглэх үед нь хүүхдүүд нь шүүмжилдэг болсон гэнэ. Хөдөө ч гэсэн тав тухтай амьдарч болдог тод жишээ болсон залуу малчин айлууд олон болж байгаагийн сацуу хошуу захиргаанаас тэднийг их дэмждэг байна. Жинхэнэ монголоороо оршин буй хөдөөгийн зан заншил минь энэ л хэвээрээ уламжлагдан байгааг үзээд миний сэтгэл тэднийхээс мордох үед дөнгөж саяхан цэлмэсэн тэнгэр шигээ цэвэр тунгалаг боллоо. Хөдөөний ажил ч хөдөлмөрч залуу малчны хотонд айлчилсан мартагдашгүй дурсамж минь энэ билээ.

Таван эрдэнэ таатай тайван бэлчиж, хүн ардынх нь сэтгэл тогтуун хэзээд дэлгэр сайхан, амар амгаланг эдлэх хорвоогийн хамгийн азтай, золтой хувь заяа хөдөө нутагт байна.

Хөрст дэлхий уудамд хөхрөн униартах хөдөө талдаа адуун сүрэг нь түм бумаар арвижин үржих болтугай.

Зохиогч: Нийтлэл: Өвөр Монголын Их Сургуулийн бакалавр Түмэнцогт Ануундарь
Найруулагч: Б.ТУЯА
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл