solongonews
Амьдралын ухаанаараа хөрөнгөжсөн эрин цагийн малчин
2017-05-04 11:39
Зүүн Үзэмчин хошууны малчин А.Мөнхбаатарын тухай

    Шилийнгол аймгийн Зүүн Үзэмчин хошууны Улиастай суурингийн Энхжаргалан багийн малчин А.Мөнхбаатарынх ам бүл дөрвүүл. Зах зээл, эдийн засгийн ухаанаараа аз жаргалтай амьдрал ахуйгаа цогцолсон ажилсаг нэгэн айл.

1999 онд Ундармаа, Цэцэнтуяа хоёр охин нь сургуульд ороход Мөнхбаатар хөдөө нутагтаа хоньчин хөлслөөд, гэргий Оюу болон хүүхдүүдийн хамт хошууны төв Улиастай сууринд хүрч амьдарсан гэх. Хот дахь өөрийн гэсэн анхны орон сууц, гурван өрөө тоосгон байшин худалдан авсан бөгөөд такси жолоодож орлого үүддэг болов.

2003 онд тэрээр 20 гаруй мянган юань зарцуулж ачааны машин аваад нүүрс, өвс тээвэрлэх болж, хоёр жилийн хугацаанд 100-аад мянган юань өвөрлөжээ. 2006 онд Зүүн Үзэмчин хошууны нам засгаас малчдыг хот орж үйл ажиллагаа эрхлэхийг дэмжих төрийн бодлого хэрэгжүүлснээр А.Мөнхбаатар Улиастай суурингийн хамгийн анхны малчин захиралтай махны дэлгүүрийг ажиллуулах болсон байна. Нутгийн малчдын гараас бэлчээрийн тарга сайтай үхэр, хонь авч зардгаас тун удалгүй тэдний наймаа өдөр ирэх тутам өөдөлсөн байна. Сар тутамд бараг 50-аад хонь зардаг бөгөөд эдгээр хонио нутгийн малчдаас авдаг учир нэг талаар малчдад ашиг хүртээж, нөгөө талаар махны чанарыг баталдаг байлаа.

Энэ тухай тэрээр:

- Махны дэлгүүр ажиллуулж байхад жилийн орлого 100 мянган юанийг давдаг байлаа. Махны дэлгүүрийн ашиг орлого сайн байгааг хараад зөндөө хүмүүс надаас дэлгүүр хэрхэн ажиллуулах тухай асууж сурахад би туршлага сургамжаа нуулгүй заадаг байсан. Ийн үлгэр дууриал болж явсны эцэст одоо Зүүн Үзэмчин хошуунд нутаг усныхаа нэрээр нэрлэсэн махны дэлгүүр бараг 30 гаруй болсон гэж баяртай ярьлаа.

Хэдэн жилийн ард 2010 он болоход Мөнхбаатар тодорхой хэмжээний хадгаламжтай болж, гудамж руу харсан олон давхартай байшин авч, дэлгүүрээ өргөтгөхөөр төлөвлөсөн боловч хоёр охин нь гадагшаа явж сургуульд сурах болов. Мөн зах зээлийн байдал ч муудсанаар тэр хөдөөнөө харихаар шийдсэн байна. Ийнхүү тэднийх гудамж руу харсан байшин болон байраа хүнд түрээслүүлж, Мөнхбаатар гуай гэргийн хамт малаа маллах болжээ. 2011 оны үеэр хонины үнэ өндөр байсан боловч зах зээлийн жамаар бол үхрийн үнэ удалгүй өсөж, хонины үнэ харин унана гэж магадалсан Мөнхбаатар гэргийтэйгээ зөвшилцөөд 300 гаруй мянган юань зарцуулж үхэр маллах болсон нь нүдээ олсон шийдвэр байлаа.

Одоо тэднийх 130 гаруй үхэртэй болсон. Үхэр маллах тухай Мөнхбаатар:

- Үхэр гэдэг амьтан бэлчээрт гамтай. Манайх бэлчээрээ хамгаалахын тулд нутгаа шаталж хэлбэрээр торлож, хадлан, хаваржаа, зуслан, намаржаа, өвөлжөө гээд тус тусад нь гаргаснаар бэлчээрээ нөөцөлж чадсан гэж ярьсан юм. Тэднийх мөн үхэр маллахын зэрэгцээ тодорхой хэмжээний хонь малладаг аж.

Сүүлийн жилүүдэд хонины үнэ унаснаар Мөнхбаатар гуай тэнгэрийн царайг харалгүй, хэдэн малчинтай хамтран “Хоршоо” байгуулж, зах зээлд дахин хөл тавихаар төлөвлөж байгаа юм байна. “Хамтарвал хүч их, хамжвал ухаан баян” гэдэгчлэн малчдаа дайчлан, малын ашиг шимээ хамтдаа борлуулж, сүү цагаан идээ, мах борцоо боловсруулан зах зээлд гаргаад хамтдаа баяжих хүслийг өвөрлөж явах боллоо.  

Зохиогч: Гэгээнтуяа
Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Шилийнгол сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл