solongonews
Овоо босгох зан үйл болон Эрдэнэ овооны домог
2017-06-27 18:24
Монголчууд овоо босгохдоо лам төлөгч залж, уул хайрханы онгон дархан, лусын номхон догшин дүртэй, эрт дээдийн түүх домогтой хамгийн бэлгэ шинж бүрдсэн газрыг сонгон тогтоодог уламжлалтай.

Сонгон тогтоосон газарт гурван тохой гүн нүх малтаж, бутан саванд алт, мөнгө, шүр, сувд, оюу, тана зэрэг эрдэнэсийн зүйл болон таван тарианы үр, цай, арц, хүж, зандан гэх зүйлүүдийг хийж дардаг. Үүнийг овооны сан дарах гэдэг юм. Овооны сан дарж дуусвал сан дарсан газраа тэгшилж, чулуугаар суурь тавиад тэг голоор нь сүлд модоо чулуугаар шахаж суурийн чулуугаа гурван тохой өндөр зэрэглэнэ. Гол овоогоо дагуулан шавь овоо босгон, овооны наран ээвэр талд тахил өргөх тайз босгодог.

Эрдэнэ овоо нь гол овооны зүүн, баруун талд тус бүр зургаан шавь овоо босгож нийт арван гурван овоотой. Арван гурван овооны тухай монголчууд арван гурвын тооны бэлгэдэл, дээр, дунд, доор гурван ертөнцийн хосолмол загвар, арван гурван атаа тэнгэрийн тахилга, Чингис хааны арван гурван хүрээний төлөөлөл гэх мэт олон янзаар тайлбарладаг юм. Нутгийн буурлуудын хэлэхээр хамгийн эрт зүүн Авга нар хошууны хошуу овоо нь(Одоогийн Эрдэнэ овоо)Шилийнхотоос зүүн хойш Ялалт сумын Хангай оломын баруун тал дахь Тахихчин ууланд байж гэнэ. Нэг жилийн овоон тахилгын наадамд тэргүүн бөх гэмтсэн бөгөөд хурдан морины хүүхэд мориноосоо ойчиж эндсэн байжээ. Ингээд лус догшин байна хэмээн хошуу овоогоо одооны Булган сумын Булган ууланд шилжүүлж гэнэ. Булган ууланд шилжүүлсний дараа нэг жил овооны тахилга яг явагдаж байхад байгалийн гамшиг гарч их салхи салхилан тахилгын цацал, тахил зэрэг хэрэгслийг нь хамж авч явжээ. Дараа жил нь хижиг өвчин дэлгэрснээс лус хатуу гэж үзэн зүүн Авга нар хошууны хошуу овоо тахин одоогийн Шилийнхотын баруун өмнө байгаа Булган сумын Цагаан хөтлийн хойно байгаа Тахидагийн ууланд шилжүүлсэн гэдэг. Хамгийн сүүлд өнөөдрийн Эрдэнэ овоонд шилжүүлж хоёр зуу гаруй жилийн түүхтэй болсон аж. Тахихчин уул, Булган уул, Тахидагийн уулын оройд сүүлийн үе болтол арван гурван овооны ором байдаг байж гэнэ.

Зохиогч: ДАВАА
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл