Юуны өмнө Солонго мэдээллийн төвийн эрхлэн гаргадаг “Солонго аялал” булангийн уншигч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе.
Миний бие Увс нутгийн уугуул Улаанбаатар хотын суугуул Төмөрбаатарын Алтанзаяа. Одоогоор Өвөр Монголын Өөртөө Засах Орны Аж Үйлдвэрийн Их Сургуульд Бизнесийн Удирдлага мэргэжлээр магистрантурын төгсөх ангийн оюутан. Төгсөхийн өмнө азтай завшаан надад тохиож, Солонго мэдээллийн төвийн найруулагч эвлүүлэгч Банди ах болон Сараа эгчтэйгээ Өвөр Монголын гурван сургуулиас төлөөлөл болгон нэг нэг оюутан явуулсны нэг нь би юм. Ингээд бид 5 аяллаа эхлүүлэн Хөххотоос 19:40 цагт вагондоо сууж, хоорондоо танилцаж, яриа өрнүүлэн дотно танил боллоо. Ингээд унтлагын вагон 23:00 цагт гэрлээ унтраан бид унтацгаав. Өглөөний ургах нартай зэрэгцэн Инь Чуань буюу хотон үндэстний хотод хүрч, тэр хотоос цааш бидний зорьсон газар болох Өвөр Монголын хамгийн өмнө хэсэг Ордосын Отогийн өмнө хошуунд хүрлээ. Ирмэгцээ бид бүхэн шууд л ажилдаа орсон юм. Малчин Буян-Өлзий, малчин Зоригт, малчин Гаваадийгийнд зочлон саатсан юм. Малчдын амьдрал ахуйтай танилцахын зэрэгцээ бидний гурван оюутан түр хугацаанд мэргэжлээ сольж сэтгүүлч болсон.
Малчин Буян-Өлзий ах эхнэрийн хамт амьдардаг. Буян-Өлзий ахынх таван хошуу мал маллахын зэрэгцээ ах маань морины эдлэл хэрэгсэл уралдаг айхавтар ажилтай хүн байв.
Дараагийн өртөөний айл болох Зоригт ахынх мал маллахын зэрэгцээ тариалан эрхэлдэг мөн аялал жуулчлалын бааз байгуулсан нь үнэхээр гайхалтай байсан.
Гурав дахь айл маань малчин Гаваадий ахын амьдрал ахуйтай танилцаж, ярилцах боломж олдсон юм. Мал малладаг, тариалан эрхэлдэг айл байсан бол малчин ах маань 30 гаруй настай идэр залуу сурч боловсрох үйл хэргээ хойш нь тавьж ээждээ хань болж амьдарч буй нь энэ юм билээ. Зочлон очсон гурван айлын малдаа өгдөг тэжээл нь ижилхэн байлаа. Бүгд эрдэнэ шиш тариалж, малаа тэжээдэг бөгөөд Гаваадий ахын мал маллах арга ухаан нэлээд нарийн байсан юм. Эрдэнэ шиш тусгай буталдаг машинаар бутлаад дээр нь малын тэжээл нэмж холигч машинд хийнэ. Ийм тэжээлийг малдаа өгөхөд малын хоол боловсруулалтад сайн байдаг гэж ярьж байсан. Мөн өвс, эрдэнэ шишийн хальс жилийн өмнөөс бэлтгэж авдаг. Энэ нь зуд, байгалийн гамшиг тохиоход асуудалгүй гарах бэлтгэл ажил юм байна. Малаа услах арга 1 товчлуур дараад л усаа татаад малаа усална. Хийх ажлаа их хөнгөвчилж, бүх зүйлээ механик болгосон нь Монголын малчдаас жаахан ялгаатай байлаа.
Өвөр Монголын ахан дүүсийн маань амьдрал, аж ахуй үнэхээр сэтгэлд ойрхон байсан. Мөн мал маллах ухаан амьдрал нь суурьшмал бөгөөд бүрэн цахилгаанжсан учир байшинд амьдардаг. Амьдарч буй гэрээ тохижуулсан нь дийлэнхдээ Монгол ахуйгаа дээдэлсэн өвөг дээдсийнхээ хөргийг хоймортоо залж, морин хуур, босоо монгол бичгээрээ сургаал үгс сийлэн тавьсан нь сэтгэлийг минь ихэд хөдөлгөж байсан юм. Таазаа мөн л монгол гэрийн тооно шиг засан олон өнгийн хадаг яндраар гоёсон нь сэтгэлд гүн сэтгэгдэл үлдээжээ. Малчид маань Монгол ахан дүүс маань ирлээ гээд ихэд хөл хөөр болон баярлаж байсныг нь эргээд бодоход сэтгэл догдолно, бас хөнгөн гуниг төрөх юм.
Идээ ундааны талд Монголын маань малчидтай хол зөрөхгүй аагтай шаргал цайгаараа угтаж, ааруул, өрөм, мах, бууз гээд л Монголдоо иддэг, зочдоо дайлдаг бүхий л идээний дээж байх юм. Монгол сайхан дуугаараа аяны дугараа өргөж, харилцан аж ахуй амьдарлаа ярин суух үнэхээр ховор тохиох аз завшаан байсан юм. Үнэхээр мянга сонсохоор нэг үз гэдэг юм. Малчин айлуудын минь урьсан ёсоор Монгол түмнээ зочлоод нэг үзээрэй гэж хэлэх байна.
Талархал: Бидэнд энэ завшааныг олгосон сургуулийн удирдлагууд, багш нартаа мөн Солонго мэдээллийн төвийн удирдлагууд, хамтран ажилласан Банди ах, Сараа эгч, Ордос нутгийн Отогийн өмнө хошууны Суртал ухуулгын албаны ажилтан Нарцуу эгч, Гайхалтай ах, малчин Зоригт ахын гэр бүл, Буян-Өлзий ахын гэр бүл, Гаваадий ахын гэр бүлд гүнээ талархаж байгаагаа илэрхийлж байна.
