solongonews
Уран шаглаагаар чимэглэгдсэн үйл оёдлын бахархал
2017-07-14 09:21
Монгол үйл оёдол гэдэг бүсгүйчүүдийн маань урлах хамгийн дуртай зүйлийн нэг байдаг. - “Нарийлаг” оёдлын газрын эзэн Чимгээг сурвалжлав

 

        Өрсөлдөөн ихтэй хотын өргөн зайд өөрийн дуртай үйл оёдлынхоо гайхамшигт чанар, соёлын онцлогийг даяар олонд таниулахаар хичээн зүтгэж яваа бүсгүйчүүд маш олон. Тэдний нэг болох Баруун Үзэмчин хошууны Балгаргол суурингийн төв дэх “Нарийлаг” оёдлын газрын эзэн Чимгээг бид сурвалжилсан юм.

Чимэг бол Баруун Үзэмчин хошууны Баянхошуу сумын Хүрэлт гацааны малчин бүсгүй. Хань, охинтойгоо ам бүл гурвуул. 200 гаруй га нутаг бэлчээр дээрээ 400 гаруй үхэр, хонь арчлан тэжээж, малчин айлын өөдрөг амьдралаар амьдрахын зэрэгцээ хот орж үйл ажиллагаа эрхлэгчдийн эгнээнд гарамгайлж яваа билээ.

Чимэг монгол үйл оёдлыг долоо, найман настай байхдаа ээжийгээ даган сурч арван зургаатай үеэс өөрөө тэрлэг оёж чадах болсон гэдэг. Бүсгүй хүн хадмын үүдийг татдаг тэр л жимээр хорин хоёртойдоо нөхөр Соёлтуутай айл гэр болсон цагаас эхлэн үйл оёдлынхоо уран шаглаагаар өөдрөг амьдралаа цэцэглүүлж явна. Түүний нөхөр Соёлтуу хот хөдөөгийн хооронд зав багатайхан замнадаг. Чимэг 2014 онд хошууны төв Балгаргол суурин дахь Үзэмчин зах дээр 30 гаруй м2 талбайтай гэрийг нэг жилийн арван мянган юаниар түрээсэлж, “Нарийлаг” монгол оёдлын газраа нээсэн байна. Үзэмчин монгол хувцас уужуу элбэг, урт, хаваас нь тун ойрхон, эмжээр нь өргөн бөгөөд олонхдоо таван өнгийн хоргойгоор эмжсэн байдаг. Торгон утсаар алаглуулан солонгон өнгөөр дарахын зэрэгцээ зүү ороож оёдог зэрэг нарийн ширийн оёдолтой байдаг учир Чимэг оёдлын газраа “Нарийлаг” монгол оёдлын газар гэж нэрлэсэн гэнэ.

Үзэмчингүүд монгол хувцсаа жилийн дөрвөн улирал ээлжлэх жамаар дээл, тэрлэг, зувцаа, цамц гэж өмсөж эдэлдэг. Хэдийгээр нэг хэсэг хугацаанд өмсөж эдлэх хүмүүс ховордсон боловч ойрын жилүүдэд ураг хурим, жил ус, цагаан сар, найр наадмаар өмсөж эдлэх хүн эрс олширсон. Чимэг чухам үүнд зориулан хот орж оёдлын газар ажиллуулсан байна. "Нарийлаг" монгол оёдлын газар нь Үзэмчин дээл, тэрлэг, цамц, зувцаа зэргийг оёж буйгаас гадна бүслүүр, тойруул малгайг ч оёдог. Оёдлын ажил нь зуны найр наадмын цагаас эхлээд цагаан сар хүртэл маш зав чөлөөгүй үргэлжилдэг. Чимэг үйл оёдлоо эгчээрээ туслуулан оёулахын дээр тусгайлан хоёр хүнийг хаваас эмжээр оёулахаар хөлслөн ажиллуулж, нэг жилдээ 60 мянга гаруй юаний цэвэр орлого олдог болсон байна.

Уламжлалт оёдлын аргаар монгол үндэстнийхээ хувцасны соёлыг хөгжүүлэх гэж зүтгэсэн Чимэг хошууныхаа Соёлын аж үйлсийн хөгжлийн нийгэмлэгийн урилгаар 2016 оны 6 дугаар сард Өвөр Монголын Өөртөө Засах Орны анхдугаар удаагийн соёлын үйл ажиллагааны үзэсгэлэнд оролцов. Мөн тухайн жилийнхээ 9-р сард Эрээн хотод болсон 2016 оны Хятад-Монгол Оросын Эд Бодисын Солилцооны хуралд хошуу нутгийнхаа нэр алдрыг өргөж оролцсон билээ. Тэрчлэн хошуу нутгийн соёлын найр наадмын үндэстний хувцасны дэлгэн үзүүлбэрт, ур мэргэжлийн уралдаанд олонтоо оролцож байв.

Энэ оны хавраас монгол үйл оёдлоо зурж төлөвлөн эсгэж оёхдоо өөрийн гэсэн хэв намбаа бүрэн төгөлдөржүүлэн хөгжүүлэхийн тулд  “Нарийлаг” нэрэмжит монгол хувцасны шошго тэмдгээ албан ёсоор бүртгүүлжээ. Чимгээ:

- Шошго тэмдэг бүртгүүлэн өөрийн гэсэн нэрт тэмдэгтэй болсноос хойш бүх газрын жуулчлагчид бидний оёсон үндэстний онцлогт хувцсыг худалдан авах нь олширсон гэж баяртайхан ярьж байлаа.

Зохиогч: Д ЭНХВАТУУ
Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : Шилийнгол сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл