solongonews
Улаан Маам хийгээд түүний үнэсэн хөх тогоруу
2017-06-07 17:49
Нэгэн удаа авга ээжийндээ очиж түүнтэй хуучлан суухдаа тэдний нутгийн улаан Маам гэсэн алдартай нэгэн настан болон түүний үнэсэн хөх тогорууны тухай яриаг сонсож билээ.

       Тэр нь өмнөх зууны ерээд оны үеийн үйл явдал юмсан. Шулуун Хөвөөт Цагаан Хошууны Ихнуур сумын Бортолгой багт насаараа мал малласан улаан Маам гэдэг настан нэгэн өдөр гэртээ сууж байтал хүүхэд нь малдаа яваад буцаж ирэхдээ хөл нь шархдаж сүргээсээ хоцорсон үнэсэн хөх өнгөтэй нэг дэгдээхий олж гэртээ авчирсан гэнэ. Настан хүүхдүүдтэйгээ хамт дэгдээхийн хөлнийх нь шарханд эм түрхэж боогоод хэдэн өдөр арчлан додомдож байгаад эдгээж авчээ. Тогорууны хөл нь ч эдгэж сайн болсон учраас удалгүй нисээд явах байх даа гэж настан бодож байсан боловч тогоруу явсангүй. Харин ч настантай нэгмөсөн дасаж, пин хороонд нь хааяа орохоос биш, гэрт нь дураараа ордоггүй, настны цацаж өгсөн будааг нь идчихээд настны хаа яваа газарт хойноос нь дагаж явдаг болсон байна.

         Настан өдөр бүр гэрийнхээ баруунтаа гарч холыг бараалан суухаар явахад тогоруу нь ч хажууд нь дагаж явдаг. Хэрвээ настан удаан суувал тогоруу настны ханцуйгаас нь татдаг юм байна. Настан ч “За, за! Удаан суучихлаа, одоо гэртээ харья гэж татаж байна уу” гэж өгүүлсээр тогорууныхаа аяар гэртээ харьдаг байсан гэнэ. Ойр саахалтынхан  “Аав энэ тогоруугаар яах юм бэ, явуулна биз⁈” гэж настанд хэлэх нь цөөнгүй. Настан ч тогоруутай хамт байсаар  дасчихсан боловч жигүүртэн амьтныг  эх байгальд нь буцаах хэрэгтэй гэж бодоод тогоруудаа үргэлж:

- Чи одоо явахгүй юу, сүрэгтээ буцахгүй юу? Хэрвээ аль нэг өдөр би үхчихвэл чамайг харж халамжлах хүнгүй болно шүү дээ …” гэж хүнтэй ярьж байгаа юм шиг ярьдаг байна. Гэтэл тогоруу настнаас салж ядсан бололтой явдаггүй гэнэ.

        Хавар болж тогоруун сүрэг настны нутгаар өнгөрөхөд настан өөрийнхөө тогорууг сүрэгт нь тавихаар шийджээ. Тэгээд тогоруугаа сүрэгтээ буц хэмээн явуулбал төдөж удалгүй нисээд ирчихнэ. Настан ч тогоруутайгаа салж ядан дассан боловч эх байгалийн амьтан нутаг байгальдаа буцах ёстой хэмээн тогоруугаа яв яв гэж ахин дахин ятгасны эцэст тогоруу хэд хэдэн удаа буцаж ирснээ эцэстээ сүргээ дагаад явсан гэх. Тогоруугаа явуулаад настны сэтгэл ч амарчээ. Харин намрын сүүлчээр шувууд буцах үест настны гэрийн дээгүүр нэгэн тогоруу эргэлдэн байсаар гэрийнх нь үүдэнд ирээд бууж гэнэ. Настан тогоруугаа таниад ихэд баясаж, хүнс хоол өгч дахин үдсэн аж. Дараа жилийн хавар нь галуу шувууд нүүдэллэн ирэх үед мөнөөх тогоруу бас л настныг эргэхээр ирсэн юм байна. Ийнхү энэ тогоруу эргэх улирлаар настныг болгоон эргэж үзчихээд явдаг заншилтай болсон гэдэг.

       Настан насан өөд болсон тэр жил тэдний гэрийнх нь дээгүүр нэгэн тогоруу ганганан гунганан эргэлдэж байсныг хүүхдүүд нь олж хараад:

- Лавтай аавын минь хайртай тогоруу байх даа … гэж бодонгоо сэтгэл зүрх нь өөрийн эрхгүй догдолсон гэдэг. Хожим нь энэхүү тогоруу дахин энэ гэртээ буцан ирсэн эсэхийг нэг их сэтгэл тавьж анзаарсан хүмүүс байгаагүй...

       Тогоруу бол урт настай амьтан гэж ахмадууд хуучилдаг. Өнөө тэрхүү тогоруу амьд байгаа юм болов уу, эсгүүл “Нөгөө ертөнц”-д настанд маань хань болж байгаа ч юм болов уу⁈ Настан хэдийгээр өөд болоод он удсан боловч тогоруу тэр хоёрын тухай домог энэ нутгийн хүмүүсийн  дунд ам дамжин мөнхөрсөөр …

 

 

Зохиогч: Уяхан
Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : Шилийн голын Өдрийн Сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл