
Эзэмшлийн системийн тогтолцоо нь хөдөө аж ахуйн хөгжлийн эрч хүчийг нэмлээ
БНХАУ-ын өөрчлөлт нь хамгийн анх хөдөө тосгоноос эхэлж, улмаар бүхий л нийгмийн өргөн хүрээнд өөрчлөлтүүд гарсан. Өвөр Монгол өөрчлөлтийг хөдөө орон нутгаас эхлүүлсэн мужийн нэг. 1978 онд Шао Ган тосгонд "Их хувьчлал"-ыг ( Иргэдэд газар нутаг, мал хөрөнгө хуваан өгөх) эхлүүлсний дараа 1979 онд Өвөр Монголд өрх холбон эзэмших хувьчлалын хариуцлагын тогтолцоог эхлүүлж, 1981 онд бүх талд хэрэгжүүлж, улс орны тэргүүн эгнээд явсан юм. 1984 оноос газар нутгийг хугацаатай хувьчлах болж, өмнө нь тогтоосон хугацаагүй эзэмшиж байсан нутаг бэлчээрийг 15 жилийн хугацаатай эзэмших болгож, их хувьчлалын агуулгыг төгөлдөр болгож, малчин тариачдын хөдөлмөрлөх эрч хүчийг нэмж, үйлдвэрлэлийн хүчийг чөлөөлж, өөрөө хоол хүнс, хувцас хунарын үндсэн амьдралын баталгааг хангах болов. 1996 оноос хоёр дахь удаагийн хувьчлал эхлэн, 1998 онд хувьчлуулах ажил дуусч, нутаг бэлчээрийн хувьчлах гэрээний хугацааг 30 жилээр сунгаж, хөдөө орон нутгийн үндсэн эзэмшлийн тогтолцоог тогтворжуулж, төгөлдөр болгосон байна.
2004 онд Хятад улсаас гурван жил урьдчилан ӨМӨЗО-ы мал аж ахуйн татварыг чөлөөлж, 2005 онд Хятад улсаас нэг жилийн өмнө тариалан аж ахуйн албан татварыг чөлөөлж, малчин тариачин нутаг бэлчээр эзэмших татварын дарамтыг үгүй хийсэн байна.
XVIII их хурлаас хойш Өвөр Монголын хөдөө аж ахуйд үргэлжлэн шинэ өөрчлөлтүүд гарч, 2017 онд тал нутгийг хувьчлах ажлыг үндсэндээ баталгаажуулж дуусгасан бөгөөд 2018 оны 09-р сард малчин тариачид нутаг бэлчээрийг хувьчилсан үнэмлэх гэрчилгээтэй болов. 2017 онд малчин тариачдын хүн бүрд ногдох орлогын дундаж хэмжээ 12584 юаньд хүрч, 1978 оны малчин тариачдын нэг хүнд ногдох цэвэр орлого 131 юаниас 96 дахин нэмэгдсэн байна.
Гурван шинэ бүтээн байгуулалтын үр дүнд үр тарианы ургац өндөр орон болсон
Өөрчлөлт нээлтийн эхэн үед үр тарианы эргэлт хэрэгцээндээ хүрэхгүй байв. 1987 онд ӨМӨЗО-ы Намын хороо, Засгийн газар бүс нутгийн "Хүнсний бие даасан байдалд хүрэх" зорилгод хэрэхийн тулд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд чиглэсэн хэд хэдэн бодлого, арга хэмжээг боловсруулсан байна. 1990 он гэхэд Өвөр Монголын үр тарианы хүнсний бие даасан байдал нь үндсэндээ шийдвэрлэгдэж, олон жилийн туршид хүнсний бүтээгдэхүүнээ гаднаас оруулдаг байсан түүхийг төгсгөл болгосон.
2008 оны байдлаар Өвөр Монголын үр тарианы үйлдвэрлэлийн хүчин чадал 20 сая тонноос давж, Хятад улсынхаа топ 10-рт орж, жилдээ 10 сая тонн үр тариаг гадна муж оронд хангаж, тус улсын үр тарианы ургац хангах зургаан том мужийн нэг болсон байна. 2017 он гэхэд Өвөр Монголын үр тарианы үйлдвэрлэл нь таван жил дараалан 30 гаруй сая тонн болон нэмэгдэв.
Мал аж ахуйн том бүс нутаг болов
Өвөр Монголын малын нийт тоо толгой 1989 онд анх удаа 50 саяыг давж, 1995 онд 60.65 сая тоо толгойд хүрч, 1978 онтой харьцуулахад 20 сая тоо толгойгоор нэмэгдсэн байна.
Өвөр Монголын хөдөө аж ахуй тэнгэрийн царайг харж малладаг байсан байдлыг өөрчлөхийн тулд 1996 онд ӨМӨЗО-ы Намын хорооноос "Өвс тэжээл нэмэх, чанарыг дээшлүүлэх, үр ашгийг дээшлүүлэх" мал аж ахуйн тогтвортой хөгжлийн стратегийг дурдан, мал аж ахуйн үйлдвэрлэлийн дэд бүтцийг сайжруулан, үйлдвэрлэлийн хүчин чадал тасралтгүй нэмэгдэж, 2005 онд малын тоо толгой 100 саяас давж, гай гамшгаас урьдчилан сэргийлэх, бууруулах чадамж нь улсын бэлчээрийн таван орон нутагтаа тэргүүлэх түвшинд байгаа бөгөөд мал аж ахуйн салбар нь бүтээн байгуулалтын чанартай хөгжлийн шатанд оржээ.
2017 онд махны нийт хэмжээ 2.676 сая тоннд хүрч, 1978 оныхоос 12.8 дахин, сүүний нийт үйлдвэрлэл 6.93 сая тонн хүрч, 1978 оныхоос 95.7 дахин, мал аж ахуйн бүтээгдэхүүний өртөг 120.056 тэрбум юань хүрч, 1978 оныхоос 142.6 дахин нэмэгдэв. Өвөр Монгол нь Хятадын малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, боловсруулах үйлдвэрлэлийн гол бааз болсон бөгөөд сүү, хонины мах, ноолууран бүтээгдэхүүн, өвсний үйлдвэрлэл нь улсдаа эхний байранд орж, үхрийн махны үйлдвэрлэлийн хэмжээ нь гуравдугаарт тус тус орсон байна.
Өвөр Монгол жилдээ бусад мужид 5 сая тонн сүү, 1.5 сая тонн махыг тогтвортой хангаж, улсын 1/4 хэмжээний хонины мах, 1/5 хэмжээний сүү сүүн бүтээгдэхүүн Өвөр Монголоос "төрөн" гарч, улс орны "сүү, махны агуулах" болжээ.
Тариалангийн аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл ӨМӨЗО-ы гуравдугаар тулгуур аж үйлдвэрлэл болов
И-Ли, Мэнниү, Ордос, Хорчин үхрийн аж үйлдвэр, Жижиг сүүлт хонь зэрэг хөдөө аж ахуйн тэргүүлэх аж ахуйн нэгжүүд тасралтгүй хөгжиж, улсын зэрэглэлийн ба мужийн зэрэглэлийн тэргүүлэх аж ахуйн нэгж 38 ба 583 болж, сүү, мах, ноос ноолуур, наранцэцгийн үр, үр тариа, буурцаг зэргийг боловсруулах үйлдвэрлэл нь улсад нэгдүгээрт жагсав. Мэнниү, Шилийнголын хонь, Хянган аймгийн цагаан будаа, Хорчин үхрийн мах, Улаанцавын төмс, Алшаа аймгийн хос бөхт тэмээ, ордос ямаа, Үхайн үзэм зэрэг орон нутгийн хөдөө аж ахуйн брэндүүд хүч түрэн гарч ирсэн байна.
Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний чанарын аюулгүй байдлын хяналт нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хөтөлнө
Амьжиргааны түвшинг дээшлүүлснээр хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд ард түмэн илүү их анхаарал хандуулж байна. 2011 оноос хойш ӨМӨЗО-ы хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын хяналтын систем тасралтгүй сайжирж, Өвөр Монголын 12 аймаг хот болон хөдөө аж ахуйн хошуу шяньд бүгдэд нь хөдөө аж ахуй, мал аж ахуйн бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын хяналтын тогтолцоо байгуулагдав.
Бэлчээрийн экологийн хамгаалал, бүтээн байгуулалтын хүчин чадал сайжирч байна
1984 онд ӨМӨЗО нь "Тал нутгийн менежментийн журам"-ыг гаргасан бөгөөд энэ нь Өвөр Монголдоо мөн Хятадад тал нутгийн менежмент, ашиглалтыг хамгаалах анхны орон нутгийн хууль болсон юм. Одоогоор тусгай хууль эрх зүй, зохицуулалтын тогтолцоог бүрдүүлсэн байна. 1983 онд Хятад улсын тал нутгийн менежмент Өвөр Монголд анх байгуулагдаж, тал нутгийн хууль сахиулах хяналтын байгууллага, багийн бүтэц нь аажмаар сайжирч, өнөөгийн байдлаар Өвөр Монголд хууль сахиулах 107 байгууллага ажиллаж, бэлчээрийг сүйтгэх хууль бус үйл ажиллагааны эсрэг ажиллаж байна. 1982 оноос хойш бэлчээрийн байгалийн нөөцийн цогц хяналтын ажлыг хийж эхлэн, макро түвшний шийдвэр гаргах, бэлчээрийн экологийн хамгаалалтын бүтээн байгуулалт, мал аж ахуйн үйлдвэрлэлд чухал үүрэг гүйцэтгэсэн байна.
Хөдөө орон нутаг асар их өөрчлөгдсөн
Өөрчлөлт нээлтийн 40 жилийн хугацаанд ялангуяа Намын XVIII их хурлын дараа ӨМӨЗО-ы Намын хороо, Засгийн газраас хөдөө орон нутагт дэд бүтцийн төслүүдийг эрчимтэй хэрэгжүүлж, 2014 оноос хойш 145 тэрбум юанийн хөрөнгө оруулалтыг хийж, Өвөр Монголын хөдөө тосгоны тохь тухгүй байдлыг өөрчлөн, ундны цэвэр ус ханган, гудамжны хатуу хучилтыг засаж сайжруулан, 1.4 сая малчин тариачид сайн сайхан, дулаахан, тохь тухтай шинэ байшинд амьдрах болж, 8200 гаруй эрүүл мэндийн жижиг эмнэлэг байгуулагдаж, 2.3 сая гаруй хүн өндөр настны даатгал, өндөр насны тэтгэмжийг авах болсон байна.
"Аюулгүй таатай орчинд амьдарч, цэвэр ус ууж, эрүүл мэндийн сайн үйлчилгээ авч, халамж үйлчилгээ авдаг" мөрөөдлийн амьдрал хөдөө орон нутагт ч биеллээ олж, малчин тариачид аз жаргалаар бялхах болж байна.
