solongonews
Түүх хүүрнэсэн шүтээнтэй овоо болон түүний тахилгын эрт ба өдгөө
2017-06-28 11:54
Энэ жилийн Эрдэнэ овооны тахилгад оролцлоо.

        Жил бүрийн билгийн улирлын 5 дугаар сарын 13-ны өдөр Шилийн хотын Эрдэнэ овооны тахилга болдог гэдгийг Шилийн хотынхон андахгүй. Энэ жилийн тахилга мөн л заншил ёсоор болж өнгөрлөө. Овоо  эргэн, хийморио сэргээж, бороо хур хүсэн, амар амгаланг даатгадаг нь монголчуудын уламжлалт заншил билээ. Эрдэнэ овооны тахилгын өдөр монголоороо гоёсон хүмүүс нарнаас эртлэн босож, сүү цагаан идээгээ авч овоогоо тахихаар хол ойроос хүрэлцэн ирсэн юм.

Аймгийн төв Шилийн хотын хоймор дэрлэн сүндэрлэсэн Эрдэнэ овоо нь энэ хотын хөгжин мандсан ул мөр, соёл түүхийн үнэнийг хуучлан хүүрнэж, үе үеийн тахилгачдын хүсэл зөгнөлийг шингээн, нутаг усаа сахин сүндэрлэнэ.

- Эрдэнэ овоо уул нь Зүүн Авганар хошууны хошуу овоо байсан юм. 1965 оны үед тахилга зогсож, 2004 онд Шилийн хотын намын хорооны нарийн бичгийн дарга байсан Сэцэнбилэгийн санаачилгаар дахин сэргээн тахисан. Энэ овоо хошуу засагт харьяалалтай мөртлөө ноёд, харц бүгдээр тахидаг цагаан улаан тахилгатай их овоо болно. Одоо ч гэсэн энэ уламжлалыг хадгалж, засгаас зохион байгуулан тахилгаа үргэлжлүүлж бий гэж Авганар нутагтай, Шилийн гол аймгийн Утга урлагийн холбооны тэтгэвэрт гарсан дарга, зан үйл судлаач Доржсүрэн танилцуулсан байна.

Аялал жуулчлалын салбар түргэн хөгжиж байгаа өнөөдөр Эрдэнэ овоо маань ч Шилийн хотын соёл, аялал жуулчлалын нэгэн төлөөлөх чанартай газар болж, гадна, дотны жуулчдын заавал сонирхох соёлын үзэмж болсон байдаг. Соёл, аялал жуулчлалын хөгжлийн шаардлага, нөхцөл байдлын хувиралт зэрэг аль олон талаас шалтгаалж, Эрдэнэ овооны тахилгын тухайд шинэчлэгдэж хувирсан зүйл ч бий. Гэсэн хэдий ч тахилгын хувьд уламжлалаа залгамжлан, эрт дээр үеийн овоон тахилгын ёсоор зохион байгуулах нь нэлээд өргөн орон зай авч байна.

Билгийн улирлын 5 дугаар сарын 13-ны өглөө Эрдэнэ овооны дэргэд хүж сангийн үнэр сэнгэнэн, хэнгэрэг цангийн дуун болон лам нарын овоон тахилгын өчиг, даатгал, ариун сан унших нь сонстоно. Энэ бол овооны тахилга эхэлж буй юм. Лам нар овоондоо сан тавьж, овоогоо ариусган, овоон сан уншсаны дараа мөргөлчид овоонд сүү цагаан идээ, цай будааныхаа дээжийг өргөж, хадаг хиймориор овоогоо засаж чимэглэн, овоогоо наран зөв гурав эргэж, хур бороо хуурайлан дуудаж, наманчилж мөргөнө.

 - Эрдэнэ овооны тахилгад уг нь нэг шавар хуяг дуулга өмссөн жанжныг дамнаж гарган тахиж байсан. Одоо энэ заншил байхгүй болсон. Бас есөн цагаан морьтой хүн цагаан сүлд өргөж, овоо тойрч даллага авдаг. Өнөөдрийг болоход зөвхөн цагаан сүлдээ гаргаж, морьтой хүн гарахаа болив гэж Шилийн хотын Цогуул сумын мөргөлчин Надмид настан  тахилгын тухай бидэнд ийнхүү ярьж байлаа.

Цаг үе, нийгмийн хөгжил, орчин тойрны нөхцөл боломжоос шалтгаалж, тахилгын уламжлалт хэлбэр ондоошиж хувиран, зарим зүйл нь нэгэнт гээгдэн орхигдож байгаа гэдгийг настны ярианаас ойлгож болно. Энэ жилийн Эрдэнэ овооны тахилга нь “Тал нутгийн нүүдэл соёл, аялал жуулчлалын XIV наадам”-ын нээлт болж, наадмын нээлтэд овооны магтаал дуу, цам бүжиг зэрэг үзүүлбэр гарган овоон тахилгатай нэгдэж, уламжлалт овоон тахилгад шинэ агуулга хэлбэр болж тодорсноор хүмүүсийн анхаарлыг татсан байна. Нэн ялангуяа, “Дээд, их мөнх тэнгэрийн үнэн заяат хөвгүүн, дэлгэр их монгол төрийн сүрт хаан, эзэн богд Чингис хааны алтан ургийн хэлхээний энх мөнхийн шүтээн болсон Эрдэнэ овоогоо магтмуу. Алтан төрийн бат суудалд түшиг болсон, ард түмний сэтгэл зүрхэнд шүтээн болсон, Шилийн голдоо чимэг болсон Эрдэнэ овоогоо магтмуу” гэсэн монгол хэлээр овоо лусаа магтан шүлэглэсэн “Эрдэнэ овооны магтаал” нь хүрэлцэн ирсэн хүмүүсийн итгэл бишрэлийг улам хөвчилж чадлаа.

- Уг нь овоо лусаа магтан шүлэглэхэд төвд хэлээр гүйцэтгэдэг байсан. Одоо өөрчлөөд монголоороо магтан шүлэглэх болсон гэж хүмүүс ихэд таашаан хоорондоо ярилцана. Бэйсийн сүмийн уудам талбайд хол ойрын хүмүүс дүүрснээр барахгүй бас гадны жуулчид ч олон иржээ. Эрдэнэ овооны тахилгыг зохион байгуулж байгаа талынхан ч гэсэн эдгээр жуулчдад зориулж, Эрдэнэ овооны түүх, зан үйл, соёл аялал жуулчлал зэргийг монгол, хятад хос хэлээр танилцуулан сурталчлах болсон байна. Үүнээс бид сүүлийн жилүүдийн аялал жуулчлалын салбарын хөгжлийн дагууд Эрдэнэ овооны тахилгад соёл, аялал жуулчлалын агуулга нэмэгдэж байна гэдгийг ойлгосон юм.

- Эрдэнэ овооны тахилга нь цаг үеэ дагаж хувирч хөгжиж байна. Тахилга бол гол зүйл. Тахилгаар дамжиж үндэстнийхээ соёл заншлыг танилцуулан соёл, аялал жуулчлалаар нутаг орныхоо хөгжлийг ахиулах бол нийгмийн хувиралт хөгжлөөс шалтгаалсан шаардлага. Гэсэн хэдий ч гол болох үндсэн утгаа алдаж болохгүй. Зарим уламжлал шинэчлэлийг бид зөвөөр ойлгох ёстой. Нүүдэл соёл гэдэг тогтворжсон соёлын угийн утга чанарыг хувируулж үл болно. Овоон тахилгын нарийн зүйлсэд заавал үндэстний зан заншлыг хүндэтгэх хэрэгтэй. Жишээлбэл, эхлээд цагаан идээгээ, дараа нь улаан идээгээ өргөдөг. Зум буюу шүүсэн дээр заавал цагаан идээ тавьдаг. Харин зум буюу шүүсэн дээр улаан цэцэг зангидаж оруулах нь үндэстний зан заншилтай зохицохгүй гэж Доржсүрэн тахилгын уламжлал шинэчлэлийн тухай танилцуулав.

Овоон тахилгын дараа уламжлалт Эрийн гурван наадам явагдаж, хуран цугларсан хол ойрын наадамчин олноо баясгалаа. Цаг үеийн хөгжилд зохицсон Эрдэнэ овооны тахилга нь уламжлалаа зөвөөр өвлөн залгамжилсны үндсэн дээр цаг үеийн хувиралт, нийгмийн хөгжлийн дэвшилттэй уялдуулан зохих шинэчлэлт хийж, уламжлал шинэчлэлийн дунд өөрийн орон зайгаа олж явна. Түмэн олны сүсэгт Эрдэнэ овоо минь нутаг усныхаа элгэнд эрт, өнөөдрийн түүхийг хүүрнэн үеийн үед сүндэрлэнэ.


 

Зохиогч: ДАВАА
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл