Хөтөл дээр хоёр тоосгон байшин жигдэрч, хэдэн арван метрийн цаана хоёр монгол гэр цайлзана. Хөлөнбуйрын тал нутгийн баруун хэсэг дэх Хятад, Монголын хил дээр нэгэн монгол бүсгүйн сэтгэл дулаалах дурсамж түүхийг энэ нутгийн хонгор салхи, хөвөн үүл аниргүйхэн бичиглэн сэвэлзэнэ.
ӨМӨЗО-ны Шинэ Барга баруун хошууны Хэрлэн суурингийн Найрамдал багийн малчин Мядагмаа хэдэн арван жилийн туршид хөгжлийн бэрхшээлтэй, оюуны саадтай нялх хүүхдийг өөр бусдын гэж ялгалгүй асран харгалзаж ирснээр нутгийнхаа хүмүүст “Тал нутгийн ээж” хэмээн дотночлон дуудагдах болжээ.
Гучаад гишүүнтэй том гэр бүл
Гоо үзэсгэлэнт монгол бүсгүй Мядагмаа 1989 онд харийн газарт хадамд гарч гурван хүүхдийн ээж болсон гэх. 1994 онд аав, ээж нь орчлонгийн мөнх бусыг харуулж, том эгчийнхэн хоёр хүүхэд ч өнчрөн гачигдав. Том эгч нь сонсголын бэрхшээлтэй, бас хараа муутай болохоор Мядагмаа 8 нас ч хүрээгүй хоёр хүүхдийг гар дээрээ өргөж авлаа.
Ам бүл нэмэгдсэн Мядагмаагийн амьдралын дарамт улам хүндэрч ирэв. Өөрөө 60 гаруй хонь маллан, жилд хэдэн мянган юаний л орлоготой байв. Тэрээр нөхрийн хамт идэж уухаа арвилан хэмнэн амьдарч байлаа.
Мядагмаагийн гэрээс арваад км-ын зайтай суурьшиж байсан Оюунчимэг уушгины сүрьеэ өвчинд нэрвэгдэн засал авахгүй болоод Мядагмаад захидал бичиж, оюуны саадтай нөхөр болон насанд хүрээгүй гурван хүүхдээ Мядагмаад найджээ. Оочих аягагүй болсон хүүхэд, хөндий хоосон эсгий гэр, өвчинтэй нөхрийг нь хараад Мядагмаа зүрх нь шимшрэн нулимс унагасан гэх. Мядагмаа нөхөртэйгөө хоёул хүүхдүүдийг аавтай нь хамт гэртээ авчирчээ.
2002 оны 10 дугаар сарын нэг шөнө гэнэт хаалга балбах дуу дуулдав. Мядагмаа хаалгаа нээвэл нэгэн хөгшин ээж зогсож байлаа. Настны трактор шаварт суусныг мэдээд Мядагмаа нөхөртэйгөө 3 цаг гаруй явсны эцэст тракторыг нь олж, настан болон түүний 40 насыг давсан оюуны саадтай нэг хүү, хоёр гараа алдсан бас нэг хүүтэй нь хамт гэртээ авчрав.
Энэ настныг Рэгзэдмаа гэдэг. Тухайн жил 69 настай. Анх настан Мядагмаагийнд түр суухаар байснаа хожим нь өөрийг нь үр хүүхэдтэй нь хамт хоймортоо багтаахыг Мядагмаагаас гуйжээ. “Гамшгаар үхэр малаа бүгдийг алдчихлаа, амьдрахын аргагүй болсон шүү” гэж гуйсан настны хүсэл дүүрэн харц Мядагмаагийн сэтгэлийг зөөлрүүлж тэр доор нь зөвшөөрүүлсэн аж.
2004 онд настны гурав дахь хүү нь ч гэсэн ирж хамт амьдрах боллоо. Хоёр гаргүй, өрөөсөн хөлөө тайруулсан энэ хүү нь бас хоёр хүүхэд дагуулж иржээ. Хэдэн арван газрын цаана суурьшдаг Соёлт ч гэсэн хүү, охиноо дагуулан Мядагмааг зорин ирэв. Мядагмаагийн сэтгэл тэнгэр шиг уудам газар шиг уужим, Мядагмаагийн монгол гэр хамгаас дулаан бүлээн гэж тал нутагт уламжлагдан дуулагдсаар.
Яаж зовж зүдэрсэн ч эд нарыг орох орон гэртэй болгож хүүхдийг нь сургуульд оруулна
Энд хүн хар цөөн, хошууны төвөөс 70 гаруй километр зайтай. Ийм олон хүнийг тэжээе гэвэл Мядагмаа нөхөртэйгөө заавал чинээ мэдэн ажиллах хэрэгтэй. Мядагмаагийнхан цөөн хоньтой. Тэрээр бусад айлын хонийг хариулж, тоссон төлөө хагасаар хуваан авдаг байсан. Хамгийн олондоо 400 гаруй хонь хариулж нэг мэдэхэд 25 жил болжээ. Тэр чөлөө гарвал дээс томох, цагаан идээ бэлтгэх, бусдад хонь хайчилж өгөх, найр наадмын үеэр хоолны газар ажиллуулах … зэрэг хийж болохуйц ажлыг бүгдийг хийдэг байлаа.
1995 оноос хойш Мядагмаа нэг нэг төгрөгөөр цуглуулсан мөнгөөрөө дөрвөн монгол гэр босгож, 25 настан болон хүүхдүүдийг гэр оронтой болгосон байна. Түүнд хүүхдүүдийн сургалтын төлбөр хамгийн хэцүү асуудал болдог байлаа. Жил бүр сургууль эхлэх үеэр Мядагмаа хамгийн ихээр сэтгэл зовдог, 8 хүүхдийн 2000 гаруй юаний сургалтын төлбөрийг хаанаас олно вэ? бэрхшээлийн өмнө толгой бөхийдөггүй Мядагмаа хүүхдүүдийн сургалтын төлбөрийг зүг бүрээс зээлж цуглуулдаг байлаа.
Настнууд идэж уух, өмсөж зүүхээс эхлээд эм эмнэлгийн талаар санаа зовохгүй болж, хүүхдүүд баяр баясалтайгаар сургуульд орлоо. Үүнд, Мядагмаа хичнээн хүч хөлс урсгасныг хэн мэдэх аж. “Ээж маш их сэтгэлийн тэнхээтэй, ер нь бидний өмнө нулимс унагааж өнгөрөөгүй” гэж охин нь ярьж байлаа.
Өвчилсөн хүүхдийг элгэндээ тэвэрч эрхгүй нулимс унагажээ
Мядагмаагийн хамгийн их сэтгэл зовдог нь Бүдээгийн хоёр охин. Тэр хоёр охин уушигны сүрьеэтэй, бас яс зөөлрөх өвчинтэй бөгөөд үргэлж халуурдаг, халуурах бүрт нь Мядагмаа эмнэлэгт хүргэдэг. Хэдэн жилийн турш арваад удаа эмнэлэгт хэвтэж эмчлүүлэхэд нийт 60 мянган юань зарцуулжээ. Засал авахгүй өвчинтэй хүүг Мядагмаа тэврэн нулимс урсгаж гарлаа.
- Ээж минь гомдлоо хэзээ ч бусдад тоочдоггүй, би ээжийн уйлахыг ерээс олж үзээгүй гэж охин нь ярихад Мядагмаа инээмсэглэн:
-Сэтгэл цөхрөөгүй болохоор уйлж байгаад ч гэсэн ажлаа хийнэ гэж хэллээ.
Эгчийнхэн хоёр хүүхэд насаар том болохоор Мядагмаагын хүүхэд ердөө тэдний багадаж хуучирсан хувцсыг өмсдөг, шинэ хувцас олж өмсөх нь тун цөөн. Нэг удаа 8 настай хүү нь:
- ээж яагаад өөрийн хүүхдээ санадаггүй, харин бусдын хүүхдийг илүү санадаг бий? гэж асуусан гэнэ. Мядагмаа сэтгэл хүндрэн хүүгээ тэврэхэд зүрхийг нь зүүгээр шивэх шиг болсон гэдэг.
Тэр цаг мөч алдалгүй бусдыг бодож бусдад тусалж явлаа
2015 онд Бүдээгийн том охинд Аззам машины осол тохиолджээ. Мядагмаа банкнаас 170 мянган юань зээлж, хэдэн эмнэлэг дамжин гүйж эмнүүлэв. Хэрэгт холбогдсон нөгөө этгээд нь ямар ч хариуцлага хүлээхгүй болохоор Мядагмаа ахин дахин хөөцөлдөж гүйсээр дөнгөж 70 мянган юаний төлбөр олжээ. Бүдээ нас явахыг дагаад алхаж гишгэхдээ ч аанай болсноос гурван жилийн өмнө Мядагмаа хошуун төвөөс 64 кв метрийн байшинг 63 мянган юаниар худалдан авч өгчээ. Бүдээ цагийн хоол хийхээс өөр юу ч хийж чадахгүй, мөнгө ч тоолж чадахгүй болохоор дэлгүүрээс хүнсээ ч авч чадахгүй, эмнэлэгт очиж өвчнөө ч эмчлүүлж чадахгүй. Мядагмаа хэдэн өдөрт нэг удаа хүнс хүргэж очдог байлаа.
2008 онд Мядагмаагийн дарамт хөнгөрч, амьдрал нь сайжирч ирснээр хошуундаа монгол хувцас заслын дэлгүүр нээсэн билээ. Амьдрал нь өдрөөс өдөрт өөдлөөд ирэхэд тэрээр нэн олон хүнд туслан дэмждэг боллоо. Тэрбээр багийнхаа ядуу хүнд амьдралтай таван айлын хүүхдийг бага сургууль төгстөл нь тусалжээ.
2010 онд Мядагмаа Хятадын Улсын хөдөлмөрийн үлгэр жишээчээр үнэлэгдэж, шагналын мөнгөнийхөө хагасыг нутгийнхаа ядуу амьдралтай 50 айлын нүүдэл иргэдэд бэлэглэсэн байдаг. Багийнхаа Эмэгтэйчүүдийн холбооны эрхлэгч болсны хувьд эмэгтэйчүүдийг уриалан дагуулж хонь тэжээж олсон орлогоороо багийнхаа 151 хүнд өндөр настны асрамжийн даатгал тушааж өгсөн байна.
Энэ жил 48 настай Мядагмаа нэгэн аз жаргалант гэр бүлтэй, охин нь их сургуулиа дүүргээд ажилд орсон. Өдгөө том хүү нь хилийн хамгаалалтын цэрэг, бага хүү нь малчин.
