solongonews
Эгэл малчны амьдралаас ойлгох ухаан их
2018-08-02 18:17
Малчин хүн хэрвээ хөдөлмөрлөж л чадвал юуг ч бүтээж чадах тийм сэргэлэн ухаантай улс.


        

Тиймээс хөдөлмөрч малчдынхаа хийсэн бүтээсэн, холч бодлыг мэдэж, үнэлж, ухуулж явах сайхан. Шилийнхотын Цог-Уул сумын Төгрөг багт аж төрөн амьдран суудаг машин төхөөрөмж оролдож засах, эвдэрхий хэмхэрхий зүйлсийг гагнаж нийлүүлэхдээ мэргэшсэн, ургац ихтэй бордоо тарьж, мал аж ахуйн үйлдвэрлэлийн өөрийн зардлаа бууруулж, орлогоо нэмэгдүүлж яваа нэгэн ахмад малчныг Уртнаст гэдэг. Тэрээр нутгийнхны дунд “Төмөрчин Уртнаст” гэсэн өргөмжлөлтэй.
Туранхай биетэй, бор царайтай, хуруунаасаа тамхи салгадаггүй Уртнаст гуай хэдийгээр 60 хүрэхэд хоёр жил дутуу байгаа гэсэн ч хөдлөх нь хөнгөн, зүгээр суухаар зүлгэж суу гэдгээр хийж бүтээх ажлаа амжуулна гээд тун ч завгүй намуухан хүн байв. Саяхан шиврээ бороо зүсэрсэн сайхан өдрийг тохиолдуулан сэтгүүлч миний бие Уртнастынхыг зорьж очиж, тэдний ажил амьдралыг нь сонирхсон билээ. Хот сууринг нь алсаас ажихад барилга бүтээн байгуулалт сайтай, гэрээсээ баруун өмнө тариан түрүү ногоон долгио татаж, гандуу нутагт шигтгэсэн оюу мэт харагдана.
Зав л гарвал машин засварын газартаа шурган алга болдог Уртнаст биднийг очиход мөн л машин засварын газартаа трактортаа тариа арчих болон тариа тарихад ашиглах хос хэрэглээт олон төрлийн тоног төхөөрөмжийг онлайн дэлгүүрээс захиулж аван өөрөө угсарч байв.

- Тариа тарьж арчихад хүн гуйх нь цагийн ажлыг цагт нь хийж амжихгүй саатах тохиолдол гардаг юм. Тиймээс ийм шинэ машин авах гэтэл 23000 гаруй  юань гэхээр онлайн дэлгүүрээс элдэв тоног төхөөрөмжийг нь худалдаж аваад өөрөө угсарч байгаа нь энэ. Өөрөө угсрахад 5000 юанийн зардал гарна. Мөн тариа тарьж ажлаа өөрөө хийхэд бага зэрэг бензиний зардал л гарна. Харин хүн хөлсөлж хийлгэвэл хэдэн арван мянган юань зарцуулдаг гэж Уртнаст гуай ажлаа хийхийн хажуугаар энэ тухайгаа тайлбарлан ярьж билээ.

- Танд нэг машины бүх сэлбэг, тоног төхөөрөмжийг нь авчраад өгвөл угсрах уу гэхэд? Уртнаст гуай:
- Чадна гэж шуудхан хариулах юм.
Угийн төмөр оролдох сонирхолтой тэрээр хөдөө гадаа явж байхдаа төмрийн хаягдлыг олж харвал хэрэгцээтэй эсэхийг шалгаж нааш цааш эргүүлж тойруулж үздэг гэсэн. Хот орвол хамгийн түрүүнд төмрийн худалдааны дэлгүүрээр орж хэрэгтэй зүйлээ аваад гарахгүй бол санаа нь амардаггүй аж. Ингээд л “Төмөрчин Уртнаст” гэдэг эрхэм цол хүртсэн байх. Сонирхолтой, оролдлоготой хүний ажил амьдралаас аливаа бүхэн дэгтэй журамтай ажиглагдана. Тэрээр 1991 оноос эхлэн машин трактор засах ажил хийж, 2000 оноос 2004 он болтол сумын төвдөө засварын газар ажиллуулсан боловч ар гэрийн ажил амьдрал нь хаягдаад байхаар арга бус хөдөө буцсан ч өөрийн, өрөөлийн эдийг гагнаж сэлбэх ажил, засаж эвлүүлэх ажлаа орхилгүй хийсээр ирэв. Гэрийнх нь ард сүндэрлэх 450 хавтгай дөрвөлжин метр талбай бүхий машин тоногийн агуулахыг 2016 онд бариулахад хэрэгтэй материалыг өөрөө худалдаж авчээ. Зарим гагнах ажлыг нь өөрөө хийсэн болохоор 160 мянган юанийн зардал орсон байна. Хэрэв барилгын бүх ажлыг хүнээр хийлгэсэн бол ийм бага зардлаар босох боломжгүй нь тодорхой.

Уртнаст гуай төмрөөр бүтээх ажил хийгээд тарианы ажилд ч маш сайн. Өндөр ургацтай бордооны сууринтай болж, 20-иод жилийн турш мал аж ахуйн үйлдвэрлэлийнхээ өөрийн өртгийг бууруулан, хөдөө аж ахуйн орлогоо нэмэгдүүлж чадсан байдаг. 90-өөд оны эхэнд нэг га талбай газарт өндөр ургацтай ногоон бордоо анх тарьж байсан бол 1999 онд  дөрвөн га болгон нэмж, 2011 онд төрөл зүйлээр 56 га болгон өргөжүүлсэн байна.
- Та яагаад ийм том хүрээнд бордооны суурин байгуулсан юм бэ?
- Манайх тариан талбайгаа багтаагаад 300 га бэлчээртэй. Хадлан байдаггүй. Нааш цааш оторт явдаггүй учир нутаг бэлчээрийнхээ хүрэлцээг бодож 56 га тариа тарьж, зун намрын улиралд хонио 20 га бэлчээрт гарган, үлдсэнд нь цөөн үхэр бэлчээрлүүлдэг. Эрдэнэ шиш, өвс зэргийг тарьснаар өвс бордоо хүрэлцээтэй болж жил бүрийн 11 сараас эхлэн дараа жилийнх нь 06-р сар болтол тэжээхэд асуудалгүй хүрдэг гэв.
Тариа гэдэг газрын хөрсийг урвуулдаг. Тиймээс Уртнастынх тарианы газрын тоос шороо бусад бэлчээрт нөлөөлөх аюулыг багасгах буюу бүрэн хамгаалахын тулд намар нэг удаа газар хагалдаг ажлыг больж, хавар ногоо ургаж, салхи намдсан хойно тарианы ажлаа эхлүүлдэг гэнэ. Бас тарианы хөрсний байдлаа үндэслэн өвс, эрдэнэ шиш зэргийг хувааж тарих, ээлжлэн тарих зэрэг аргыг хэрэглэдэг байна. Жилдээ мү (нэг га 15 мүтэй тэнцэнэ) бүрээс 6000-8000 /нэг жин 500 грамм/ жин ногоон бордоо хурааж, өөрийн малдаа хэрэглэн үлдсэнийг нь сум багийнхаа малчдад хямд үнээр зарна. Энэ нь багийн малчид өвөлжүүлэх мал сүрэгтээ өвс бордоо бэлтгэхэд өөрсдөөс нь хамгийн ойр байгаа бордооны суурин болохоор тэдэнд маш амар болсон байна.
Уртнастынх ийм л өөрийн гэсэн мал аж ахуйн хэв загвараар малаа маллаж, нутгаа сахиж, үйлдвэрлэлийн өөрийн өртгөө бууруулж байгаа учир жилдээ 200 мянга гаруй юанийн цэвэр орлого өвөрлөдөг байна.

Зохиогч: Сараана
Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж : Шилийнголын өдрийн сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл