Эх хэлээ алдсан элэг нэгтэй Си Чуань монголчуудын монгол хэл соёлоо сурах гэсэн өр зүрхний хүсэл мөрөөдлийг биелүүлэхээр Баруун Үзэмчин хошууны “Нинжин хайр” нийгэмлэгийн гишүүн Төвгэрэлээр ахлуулсан Жирийн гол суурингийн Жир гацаагаар нутагтай, их сургууль төгссөн оюутан Эрдэнэтана, Баянхошуу сумын Баянцагаан гацаанд нутагтай, их сургууль төгссөн оюутан Ундараан, Хоолтын гол суурингийн Шанэгол гацаагаар нутагтай. Аймгийн монгол дунд сургуулийн ахлах хоёрдугаар ангийн сурагч Хорлоо зэрэг дөрвөн хүүхэд тус нутгийн монголчуудад 20 хоногийн хугацаатай монгол хэлний сургалтын анги хичээллүүлсэн байна. Энэхүү сургалтын ангиа Си Чуанийн монголчуудын төвлөрөн суусан Хөв Шань суурингийн Ян Цүй тосгоны нэрээр зохион байгуулсан бөгөөд 7-р сарын 31-нээс эхлүүлсэн байна.
Энэ удаагийн сургалтанд нийт 40 шахам сурагч хамрагдсан ба насны хязгаарлалгүй учир хамгийн ахмад нь 71 настай, хамгийн бага нь 5 настай сурагчид байлаа. Сургалтанд хэл бичгийн, зан үйлийн, дууны хичээл гэсэн гурван төрлөөр хичээллэж, хэл бичгийн хичээлийг Эрдэнэтана голлон зааж, бичлэгт нь Хорлоо тусалсан ба Төвгэрэл монгол зан үйлийн хичээл орж, дууны хичээлийг Ундараан заасан байна. Тэрчлэн өдөрт таван хичээлийн цагаар орж, хэл бичиг гурван хичээл, монгол зан үйл ба дууны хичээл тус тус нэг хичээл ордог. Хэл бичгийн хичээл нь цагаан толгойн гурван хувирлыг олон улсын галигаар зааж уншуулж бичүүлж байгаа бол монгол зан үйлийн хичээлээ шагай тоглоом, овоо, ус тахих, гал тахих болон хадаг барих ёс зэрэг агуулгаар зааж, дууны хичээлээ “Цагаан толгойн дуу” ба “Би монгол хүн” гэсэн дууг хамгийн эхэнд заасан байна. Одоо нэгэнт бүгд дуулж чаддаг болжээ.
Монгол хэл заахаар очсон Эрдэнэтана:
- Эндхийн монголчууд монгол үг хэл, үсэг бичгээ сурахаар зориг шийдэж ахмад настайгаас түрүүлэн хүүхэд хүртэл дагуулан сурч байна. Иймээс хүүхэд багачуудыг харгалзаж байгаа болохоор төлөвлөгөө ёсоор системтэй сургалт хийж чадахүгүй байна. Түүнчлэн монгол хэлээ галигаар үхмэл зааж, албаар цээжлүүлж байгаа болохоор амьдралын суурь мэдлэгээр илтгэж чадахгүй байна. Бас заах агуулгаа хятад хэлээр ярьж байгаа болохоор монголоороо заасны хэртэй сайхан илтгэн ойлгуулах тал дээр хүндрэлтэй байна. Учир нь илтгэх арга хэлбэр, соёл сэтгэхүй нь адил бус юм чинь⁈ Тэглээ гээд яахав дээ, энэ газрын хүмүүсийн эх хэлээ сурах урам сонирхол маш ихтэй. Хэдийгээр эх хэлээ мартсан боловч сурах гэсэн нарийн хянамгай оролдлого, оргилуун халуун сэтгэл, үүнийг заавал сурч чадна гэсэн хатуу зоригийг нь харахад бидний ядрал бэрхшээл бүгд арилчихдаг гэж сургалтын байдлаа тайлбарлан ярьж байлаа.
Элэг нэгтэй монголчуудынхаа төлөө гэсэн “Нинжин хайр” нийгэмлэгийн энэхүү үйл ажиллагаа нь магтан суралцууштай. “Нинжин хайр” нийгэмлэгийг үүсгэн байгуулагч Цэцэнбилэг:
- Энэ ажиллагааг нийгэмлэгээс зохион байгуулсан. Энэ удаа нийгэмлэгийн нэг гишүүн гурван сайн дурчуудыг дагуулж явсан. Түүнчлэн тус удаагийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн олон байгуулага нэгж, гацаа зөвлөл, хувь хүмүүс буй. Хайрын халуун гараа сунгаж, Си Чуаны монголчуудад монгол хэл заах ажлыг маань тэтгэн дэмжсэн бүх хүмүүстээ баярлаж байгаа сэтгэлээ илэрхийлье. Мөн "Алаг махны тасархай, алтан ястаны хэлтэрхий’ гэдэгчлэн өмнөд оронд суугаа элэг нэгтэй монголчуудынхаа эх соёлоо алдсан харамсал зовнилыг нь тайлж, бага ч гэсэн тус дэм үзүүлэн харилцан туслалцан түшилцэж явъя гэсэн нь бидний гол зорилт юм гэж учирлан ярьж байлаа.
