Бид Энхбай цөлийн экологийн аялал жуулчлалын парк, Ордос хотын ноос ноолуурын үйлдвэр, Монгол үндэстний сургууль зэрэгтэй газар дээр нь очиж танилцлаа.
Энхбай экологийн парк нь Ордос хотын Далд хошууны Хөвчийн цөлийн дунд хэсэгт байрладаг бол нийт талбай нь 20 мянган га талбайг хамардаг байна. Цөлжилтийг зогсоож, ногооруулснаараа дэлхийн олон орны жуулчид болон шинжээчдийн анхааралд ороод байгаа ажээ.
2016 оны нэгдүгээр сард Хятад улсын Аялал жуулчлалын товчоо болон Байгаль орчны хамгаалалтын яамнаас Ордос хотын Энхбай цөлийн паркийг Улсын экологийн аялал жуулчлалын үлгэр жишээ паркаар нэрийджээ. Арав гаруй жилийн турш сайн дурчуудын хичээл зүтгэл, нөр их хөдөлмөрөөр одоогийн байдлаар 6000 гаруй га талбай элсийг засан сайжруулж, хүний хүчээр 5300 га талбайтай сайн үүлдрийн бэлчээрийн өвсийг тарьж, 6 сая гаруй суурь мод, бутлаг ургамал, 600 гаруй га талбай эмийн ургамал, 5.3 га цэцэг, 3.3 га усан үзэм тариалж, гурван цөөрөм байгуулан 30 сая куб метр ус нөөцлөх хүчин чадалтай болжээ. Тус парк элсэн цөлийг засан сайжруулсны зэрэгцээ хөдөө аж ахуй болон туслах аж ахуйг хөгжүүлжээ.
Ингээд бидний дараагийн өртөө Ордос ноос ноолуурын группээр зочилж, ноос ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэлтэй танилцсан юм. Ноос ноолуурын бүтээгдэхүүний үйлдвэрлэл нь тус группийн үйл ажиллагааны үндэс суурь болно. 20 гаруй жилийн турш энэхүү групп нь “Ордос дэлхийг дулаацуулна” гэсэн алс хэтийн зорилго тавин ажиллаж, өнөөдөр болоход дэлхийд үйлдвэрлэл борлуулалтын цар хүрээгээрээ хамгийн том, үйлдвэрлэлийн төгөлдөр тогтолцоо, борлуулалтын сүлжээгээрээ хамгийн боловсронгуй, хамгийн орчин үеийн техник, технологи, тоног төхөөрөмжөөрөө салбартаа манлайлж яваа аж ахуйн нэгж юм. Ноолуурын бүтээгдэхүүний үйлдвэрлэл борлуулалт хүчин чадал нь 10 сая захын давсан бөгөөд энэ нь Хятад улсын ноос ноолуурын бүтээгдэхүүний 40 хувь, дэлхийн ноос ноолуурын бүтээгдэхүүний 30 хувийг эзэлж, бүтээгдэхүүний чанар, зах зээлийн үр ашиг, борлуулалтын орлого Хятад улсын нэхмэлийн салбарт жил дараалан түрүүлжээ.
Брэндийн нэр хүнддээ түшиглэн, ноос ноолууран бүтээгдэхүүнээс уул уурхай, эрчим хүч, дахин сэргээгдэх эрчим хүч, цахилгаан эрчим хүч зэрэг салбарт үр дүнтэй ажиллаж байна.
