Нар наашилсаар орчлонгийн урийг зун зүгт дөхүүлж яваа урин хаврын хөдөө нутаг таван хошуу малын төлийн уянгат эгшигт амилан сэргэж дэгжинэ. Малчид цай уух завгүй босоо дөрөөн дээр байвч шинэ бүхнийг угтаж байгаа сайхан улиралдаа ядрахаа умартан урамшин хөдөлмөрлөнө. Тэгвэл нутаг нутгийн хавар ямар болж байгаа бол? Малчдын төл тосож бойжуулж байгаа байдал ямар байгаа талаар бид сурвалжилга эхлүүлсэн байна.
Үзэмчин айл Баатарын хаваржаа ямар байсан бол?
Өнгөрсөн өвөл цас зуд их, хавар чийг ихтэй байсан Үзэмчин нутагт сүүлийн өдрүүдэд шинэ ногоо гарч, өнгө татаж эхэлсэн гэж малчид баярлаж байв. Зүүн Үзэмчин хошууны Гахил сумын Рашаанбулаг багийн малчин Баатарынх ханшнаас эхлэн төлөө тосож, долоо хоногт 200 орчим хонь, хориод үнээ, бас хэдэн гүү төллөж, төл мал нь шим сайтай бойжиж байгаа гэнэ. Эднийх өнгөрсөн жилийн ган гачгаас болж малаа цөөрүүлсэн ч өнөө хавар 600 гаруй төл тосох хэрэгтэй байлаа. Тиймээс өвс бордооны хэрэгцээ их байгаа бөгөөд өвс өгч бордохоор голлож ажилладаг.
- Өнгөрсөн өвөл бидний энд цас зуд их. Өнөө хавар харин ойрын жилд гараагүй сайхан хавар болж байгаа учир зүдэргээ багатай сайхан хаваржиж байна. Одоо хоёр долоо хоногоос төлийн ажил дуусна гэж Баатар ярьж билээ.
Сөнид айл Хүрэлбаатарынх яаж хаваржаа бол?
Сөнид нутгийн өвлийн цас бага, цаг агаарын хэм дулаахан өнгөрснөөр мал сүрэг өнгө алдалгүй хавартаа оржээ. Сөнид зүүн хошууны Мандалт суурингийн Саруултал багийн малчин Хүрэлбаатарынх 3 дугаар сарын эхээс төл тосож эхэлсэн бөгөөд энэ ажил дуусах дөхсөн байв. 300 хурга, хориод тугал нь өвс бордоонд орж, малчин эзэндээ бага бус ажил нэмсэн юм. Эднийх бэлчээрийн хүрэлцээ муутайгаас өнгөрсөн жилийн 12 дугаар сараас эхлэн малдаа өвс өгч бордсон. Өдрийн турш хонь хураагаа услах, өвс өгөх, бордох гээд ажил үргэлжилсэн ч энэ хавар салхи бага, дулаан тавтай байсан нь юунаас ч нандин байв.
- Манайх тал газар суурьшиж байгаа болохоор шороо дэгдэхээс хамгийн их зовно. Өнөө хавар харин сайхан болж байна. Шороо шуурахгүй байгаа нь буян гэж мэд. Өнгөрсөн намрын борооны чийг болон өнөө хаврын анхны цасны чийгээр хэдэн өдрийн дулаанд малын аманд орохоор юм гарсан бололтой. Адуу болон хонь хаясан өвсийг идэх дургүй болоод байна гэж Хүрэлбаатар баяртай ярьж байсан юм.
Цахар айл Бүрэнбаатарынх яаж хаваржаа бол?
Ёстой хавар байтлаа хийх ажилгүй гэмээр хаваржиж байсан айл бол Хөвөөт шар хошууны Богдын гол сумын Хоньчин Хашаат багийн малчин Бүрэнбаатарынх байв. Өнгөрсөн жил Бүрэнбаатарын нутгаар бороо сайн орж, бусдын болон өөрийн 267 га бэлчээр сайн байсан учир Бүрэнбаатар өвлөөс нааш цөөн үхэртээ өвс өгсөн байна. Харин хургалах хониндоо хоёр сарын өмнөөс нарийн бордоо өгсөн байна. Ингэх нь мал төллөх үедээ төл нь чамбай гардаг бөгөөд эх нь ч шим тэжээл сайтай болдог байна.
- Энэ жилийн бэлчээр сайн бөгөөд хавсарга тавиагүй болохоор мал тартай орсон. Хонио өдрийн нэг удаа бордож, ойроос хургандаа бага сага бордоо өгсөн. Тиймээс энэ хавар ёстой зүдэргээгүй хаваржиж байна гэж Бүрэнбаатар танилцуулсан юм. Бүрэнбаатарын 200 гаруй төллөх хониноос одоо арваад хонь л үлдэж, төл тосох ажил бараг дуусах болсон байлаа.
Авганар айл Сүрийнх яаж хаваржаа бол?
Хавар бэлчээргүй болсноор 3 дугаар сарын аравдаас төл тосож эхэлмэгц үхэр хонио өдрийн турш зогсоо тэжээж байгаа айл бол Шилийнхотын Булган сумын Баяндэлгэр багийн малчин Сүрийнх юм. Өнгөрсөн зун Авганар нутгаар бороо хомс, бэлчээр муу болохоор 15 тонн үхрийн бордоо, 6 тонн хонины бордоо бэлтгээд хавар гараад мал тэжээх ажил ихтэй байлаа. Сүр:
- Өнгөрсөн өвөл дулаахан болохоор мал тэжээгээгүй ч тартай байсан. Харин төлийн үеэс эхлэн 120 үхэр, 200 хонио гаргалгүй тэжээж байна. 5 дугаар сарын 10 хүртэл тэжээх бодолтой байна. Үгүй бол хонь хоёрын хооронд ногоо золгоод муудахаас хичээж байна. Өвс ногоо сайн ургасан хойно малаа гаргавал сайн юм. Одоо чийг их дутаж байна гэлээ.
Энэ хавар ерөнхийдөө Шилийнгол аймгийн бүс нутгийн мал сүрэг тартай, төл мал сайтай, уур амьсгал тогтуун, хавсарга салхигүй сайхан болж байгаа юм. 4 дүгээр сарын 6-ны өдрийг хүртэл Шилийнгол аймаг нийт 5.0713 сая төл тосож, үүнээс бод малын төл 228 мянга 400, бог малын төл 4,8429 саяыг тус тус тосож, бойжилтын норм нь 99 хувьд хүрсэн Шилийнгол аймгийн мал аж ахуйн товчооны ажилтан танилцуулсан юм. Энэ хавар дэгжих цагийн уянга хөглөсөн дэлгэр сайхан улирал боллоо.
