solongonews
Цагаан нөмрөгт баатар Тэмцэл
2017-08-02 16:14
Европ анагаах ухаан нь хурдан эмчилгээ, нарийвчилсан технологиороо эмчилгээний салбарт олон жилийн турш гол байр суурийг эзэлсээр иржээ.

Ингэсний дүнд Монгол, Хятад зэрэг уламжлалт анагаах ухааны хөгжилд зарим талаар нөлөөл үзүүлсэн байхыг хэн хүнгүй мэднэ. Гэсэн хэдийн ч сүүлийн жилүүдэд хүмүүс өвчнөө оношлуулж засахдаа уламжлалт анагаах ухааны аргуудыг илүү таашаах болсон хандлагатай байна.

Монгол анагаах ухаан маань эртний Энэтхэг, Төвд болон Хятад анагаах ухааны зарим онолыг шингээн авсан боловч бие даасан анагаах ухааны салбар болж хөгжөөд урт удаан жилийн түүхтэй болсон аж. Сүүлийн жилүүдэд хүмүүсийн анхааралд орж, зарим заслын арга нь олон улсын хэмжээнд ч хүлээн зөвшөөрөгдсөн байна. Хөххотын Монгол-Хятад эмнэлгийн Монгол анагаах ухааны зүү төөнүүрийн таван заслын тасгийн дарга Тэмцэл 2009 онд Монгол Улсын төрийн шагнал “Алтан гадас” одонгоор энгэрээ мялаалгаж явсан нь үүний сайн гэрч болсон байна. Тэрээр одоо Хөххотын Монгол-Хятад эмнэлгийн (хүрээлэн) дэд дарга, Монгол анагаах ухааны зүү төөнүүрийн таван заслын тасгийн дарга, Төрийн зөвлөлөөс олгосон тусгай нөхвөртэй эмч, Хятадын эрүүл мэндийн үйлчилгээний системийн гол төсөл болох Монгол анагаах ухааны зүү төөнүүрийн таван заслын тасгийн дарга, Хятадын “5.1 хөдөлмөрийн баатар” бөгөөд Бээжингийн 2008 оны Олимпийн наадмын бамбар дамжуулагч аж.

- Би Өвөр Монголын Өөртөө Засах Орны Улаанцав аймгийн (Одоогийн Улаанцав хот) Дөрвөд хошуунд нутагтай. Эцэг эхээс зургаа, гурав дахь хүү нь болж төрсөн. Аав минь багш байсан, ээж Бугат хотын Болд төмрийн үйлдвэрийн эмнэлгийн эмч байсан. Гэсэн хэдий ч аав минь өөрөө зүү төөнүүрт хорхойтой, үргэлж сурч судалж байснаа намайг бага байхад хулсан саванд хийсэн хэдэн мөнгөн зүүгээрээ малчдын толгой өвдөх бага сага өвчнийг засаж эдгээж байсан нь одоог хүртэл надад тохон санагддаг гэж Тэмцэл эмч өөрийн тухай ийнхүү товч танилцууллаа.

80-аад оны үед Тэмцэл их сургуульд элсэх шалгалтад ороод Өвөр Монголын төв Хөххотод ирж, сургууль соёлын мөр хөөсөн байна. Бас нэг түүх бий. Хятадад аль нэгэн их сургуульд сурах гэсэн хүсэлт тавьж хүснэгт бөглөдөг. Хоёр их сургуульд орохоор хүсэлт гаргаж болдог. Тэмцэл анхны хүсэлтээ багшлахаар, хоёрдугаар хүсэлтээ эмч болохоор тавьсан байжээ. Тухайн үеийн оюутан элсүүлэх газрын дарга удирдлага харин түүний анхны хүсэлтийг Өвөр Монголын Анагаах Ухааны Их Сургууль болгон өөрчилсөн байжээ. Ингээд Тэмцэл өөрийн эмч болох аянаа эхлүүлсэн нь энэ байлаа. Тэмцлийн аав нь энэхүү мэдээг дуулаад их баярласан бөгөөд өөрийн олон жилийн турш хэрэглэсээр ирсэн мөнгөн зүүгээ хүүдээ бэлэг болгон өгсөн гэдэг.

1988 онд Тэмцэл төгсөх ангийн оюутан болж, Өвөр Монголын Тунляо аймгийн (Одоогийн Тунляо хот) Найман хошуунд томилогдон дадлагын эмч болсон байна. Тухайн үеийн Найман хошуу Хятадын ядуу буурай хошуу шяний нэг нь байсан бөгөөд амьдралын нөхцөл тун муутай байсан байжээ. Тэмцэлтэй хамт очсон 4 оюутны хоёр нь дадлагын газартаа тогтохгүй хэдхэн өдөр бололгүй буцаад яваад өгсөн гэнэ. Тэмцэл Ляонин мужийн ангийн хүүхэдтэйгээ Найман хошууны эмнэлэгт найман сар гаруй хугацаатай ажилласан байна.

Дадлагын эмч байсан үед Найман хошууны эмнэлэгт тархины цус алдалт өвчтэй өвчтөн иржээ. Энэхүү өвчтөнийг Европ анагаах ухааны аргаар эмнээд амийг нь аварсан боловч баруун талын хөл гар нь мэдээ алдан хөдөлж чадахгүй болсон байв. Дадлагын эмч байсан Тэмцэл өөрийн сурсан зүү төөнүүр нь тус болдог болов уу гэсэн бодлоор зүү тэвьж үзсэн гэнэ. Тэгсэн харин өвчтөний баруун хөл нь хөдөлдөг болсон бөгөөд хөл гарын булчин дахин ажиллаж Найман хошууны эмнэлгийн эмч нар болон өвчтөний гэрийн хүмүүс баярлан яах учраа олохгүй болсон гэдэг.

- Энэ явдлаас би зүү төөнүүрийн гайхамшгийн тухай илүү сайн мэдрэх болсон. Мөн зүү төөнүүрт улам хайртай болсон гэж Тэмцэл эмч ярьж байлаа.

Өвөр Монголын Анагаах Ухааны Их Сургуулиас төгссөний дараа Тэмцэл Хөххотын Хятад-Монгол эмнэлэг (Одоогийн Хөххотын Монгол-Хятад эмнэлэг)-т ажилласан байна. Удалгүй эмнэлгээс түүнийг мал аж ахуйн бүс нутгуудаар эргүүл эмчилгээнд томилсон аж. Малчдын хэрэх өвчин, зүрх судасны өвчин зэрэг мал аж ахуйн бүс нутгуудаар үргэлж тохиолддог өвчнийг зүү төөнүүрээр эмчилбэл доороо намддаг болохыг Тэмцэл олж мэдсэн байлаа. Энэ нь түүний зүү төөнүүрийн таван заслын тасгийг байгуулахад итгэл олгосон бөгөөд туршлага хуримтуулсан юм. Мөн малчдын итгэл хүндэтгэлийг хүлээж, олон малчин найзтай болсон байв.

Үүнээс гадна Монгол Улсын олон өвчтөн ч Тэмцэл эмчийг зорин ирдэг болжээ. Тэмцэл эмч ч 90-ээд оны эхээр Монгол Улсад эмчилгээ хийхээр явж байсан байна. Энэ нь тухайн үед тун ховор тохиолдол болно. Тэмцэл эмчийн энэхүү үйл ажиллагаа нь Хятад-Монгол хоёр улс хоорондын найрсаг харилцааг бэхжүүлэх болон эм эмнэлгийн салбарын туршлага солилцоо зэрэг тал дээр хувь нэмэр оруулснаас 2009 онд Монгол Улсын төрийн шагнал “Алтан гадас” одонгоор шагнагдсан байна. Үүнээс хойш Монгол Улсын олон олон өвчтөн түүнийг зорин ирэх болсон байна.

Орхонтуул (42 настай) Ирланд улсад амьдардаг. Улаанбаатарт буцах хоёр долоон хоногийн хугацаандаа Тэмцэл эмчийг зорин ирсэн байдаг. Тэрээр:

- Дүү минь орчуулагчаар ажилладаг. Хоёр орны хооронд үргэлж явдаг тул Тэмцэл эмчийг сайн мэднэ. Тэгээд миний бие эвгүй болохоор нь наашаа хүрээд ирээрэй гэхэд нь би итгээд ирсэн. Тэмцэл эмч хэвтэрт орсон хүнийг ч босгочихно гэж сонслоо. Би өөрөө Raynaud syndrome өвчинтэй, ядаргаа хүйтэн нойтноос болсон өвчин. Сайн амраад, зүү төөнүүрээр засвал эдгэнэ гэж эмч хэлсэн. Тэмцэл эмч тун сайн эмч, мундаг эмч байна. Би гуравхан хоног зүү тавиулаад сайн унтдаг болсон. Бүр цаг мэдэхгүй унтах болсон гэв.

Гантигчулуун энэ жил 35 настай, Улаанбаатарын иргэн. Гурван үеэрээ Тэмцэл эмчээр эмнүүлж байгаа аж.

- Манай нөхөр уул уурхайд ажилладаг. Түүний хамт ажиллагсдаас нь Тэмцэл эмчийн тухай ойлголт авсан. Манайхан гэрээрээ нурууны өвчтэй, зарим нь бүр хэдэн удаа хагалгаанд орсон. Ер нь нуруу өвдөөд байдаг Бид ирээд тийм удаан эмчлүүлээгүй ч нэг зүйлийг их гайхсан. Тэмцэл эмч ойролцоогоор өдөрт 100 гаруй хүнд зүү тавьж өгнө. Хүн бүрийн өвчин болон өвддөг газар нь өөр өөр учир зүү тавих арга болон газар нь ч бүр өөр байдаг. Эмч яаж энэ хүмүүсийн хаана нь зүү тавих, хэзээ зүүг нь авах, яаж тавихыг тогтоож чаддаг тухай их гайхсан. Үнэхээр мундаг байна. Үүнээс гадна Тэмцэл эмч олон гарын шавь хүмүүжүүлбэл зохионо гэж бодож байна. Өдөрт ийм олон хүнд ганцаараа үйлчлээд байж болохгүй. Их ядарч байгаа харагддаг гэлээ.

Хориод жилийн хугацаанд Тэмцэл эмч өдөрт 15 цаг зогсоогоор ажилладаг байсан бөгөөд өвчтөндөө үүрээр зүү тавьж өгөхийн тулд ихэнх цагтаа эмнэлэгтээ шөнийг өнгөрөөдөг билээ. Тэмцэл эмчийн өвчтөн Монгол, ОХУ, Герман зэрэг орнуудаас гадна Хятадын бусад муж орны хүмүүс ч зорин ирдэг байна. Биднийг ярилцлага авч байх үед Хятадын алдарт хийлч, ая зохиогч Ли Зили эхнэрийн хамт зүү тавиулж байсан.

- Би Гуан Дүн мужаас зорин ирсэн. Анх 2012 онд эхнэртэйгээ ирэхэд би саа өвчинд нэрвэгдээд хөдөлж чадахгүй байсан. Маш харамсалтай нь хийлээ тоглож чадахаа больсон. Миний хувьд тун их цохилт болсон. Гуан Дүн мужийн хөгжил Өвөр Монголоос сайн учир, эм эмнэлгийн талаар ч илүү хөгжлөө олсон байдаг. Иймийн учр анх Өвөр Монголд ирэх үед бид итгэж ядан ирсэн, тэгсэн харин санаанд оромгүй сайн үр дүнд хүрсэн. Одоо би өөрийн биедээ зөв болсон. Явж чаддаг боллоо. Хэдийгээр хийлээ тоглож чадахгүй байгаа ч Өвөр Монголд ирээд хэд хэдэн хийлийн аяыг зохиж бичсэн бөгөөд Тэмцэл эмчид зориулж бичсэн нэг ая нь хүүхдүүд хийлийн шалгалт өгөхдөө хөгжимддөг ая болсон байна лээ. Тун удахгүй би хийлээ дахин тоглож чаддаг болно гэдэгт итгэж байна гэв.

- Тэмцэл эмчийн зарим зүү нь бүр 's' хэлбэртэйгээр тавьж өгдөг. Миний сониуч зан хөдлөөд татаж авч үзэх гэсэн чинь болдог юм биш. Зүүг яаж тавьж байгааг нь бүү мэд, маш гайхалтай. Гуан Дүн мужийн хятад эмнэлгийн эмч нар зүү тавихдаа арван хэдэн зүүнээс илүү тавихгүй. Энд харин 80 гаруй зүү тавина. Бид Өвөр Монголд ирж явахад Гуан Дүнгийн эмч хойноос утастаж хурдан буцаарай, 80 гаруй зүү тавьдаг гэж сонсож байгаагүй, улам цаашлуулбал яах билээ гэсэн байдаг. Би удахгүй 80 хүрэх гэж байна, 80 гаруй зүү тавиад өвчин сайн болж байгаагаас биш ямар ч харшил болоогүй. Монгол анагаах ухааны тухай ч улам ойлголт авсан, зүү төөнүүрийн гайхамшгийг мэдэрсэн гэж Ли Зили багшийн эхнэр Хэ Маожүн танилцууллаа.

Монгол анагаахын таван засал нь зүү төөнүүр, цус тавих, дэвтээх, түрхэх, иллэг хийх зэрэг олон төрлийн эмчилгээний аргын ерөнхий нэрийдэл болно. Хөххотын Монгол-Хятад эмнэлгийн Монгол анагаах ухааны таван заслын тасаг Тэмцэл эмчийн дэм тусаар 1990 онд байгуулагдсан байна. Өнөөдрийг болоход нийт 35 ажилтантай бөгөөд 176 (амбулатори 56 ор, өвчтөний өрөөнд 120 ор) хэвтэх ортой, өдөр бүрийн хүлээн авах өвчтөний дундаж тоо 120-д хүрнэ. Үүнээс гадна уг тасгийн жилийн орлого 15 сая юаньд хүрсэн бөгөөд Монгол-Хятад эмнэлгийн жилийн нийт орлогын 80 хувийг эзэлсэн байна.

Монгол анагаах ухааны таван заслын тасгаар дамжин Хөххотын Монгол-Хятад эмнэлэг нь Монгол Улсын Дундговь аймагтай эмнэлэг эрүүл мэндийн хамтын ажиллагааны төсөлд хамтран ажиллаж байгаа болно. Монгол анагаах ухааны таван заслын тасаг нь жил бүр бусад улс орнуудын 400 гаруй өвчтөнийг хүлээн авч байгаа бөгөөд Хөххотын хэмжээний эмнэлгээс хамгийн анх гадаад улсын өвчтөн хүлээн авсан тасаг болсон байна. 2009 онд уг тасаг нь Хятадын хэмжээний “Тэргүүний хамт олон”-оор үнэлэгдсэн бөгөөд Тэмцэл эмч “Хятадын 10 топ эмч”, “5.1 хөдөлмөрийн баатар”, “Хятадын уламжлалт анагаах ухааны зуун шилдэг залуу эмч” зэрэг яруу алдрыг хүртсэн байдаг. Тэрээр Мөн Өвөр Монголын Анагаах Ухааны Их Сургуулийн магистрын багшаар уригдсан байна.

Хөххотын Монгол-Хятад эмнэлгийн Монгол анагаах ухааны таван заслын тасаг нь голдуу зүрх судасны өвчнөөс болсон тал биеийн саа өвчин, хүзүү нурууны мөгөөрсний ивэрхий, остеоартрит, хэрэх өвчин, тархины шигдээс, гуурсан хоолойн багтраа зэрэг өвчнийг оношлон засах тал дээр давуу талтай. Мөн Монгол-Хятад эмнэлгийн хамгийн гол нэрд гарсан тасаг болоод байгаа аж.

Ирээдүйн амьдрал болон ажлынх нь тухай асуухад үг дуу цөөнтэй, ажилдаа гарамгай Тэмцэл эмч:

- Би тасгаа цаашид илүү өргөжүүлэн хөгжүүлж, олон өвчтөнд тус болж, хүмүүст сайн үйлчилнэ гэж бодож байна хэмээн товчхон хариулт өгсөн билээ.

 

Зохиогч: Нийтлэл: Б.АРИУХАН
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл