solongonews
“Бүс ба зам-Гэрэлт аялал” Монгол Улс дахь төслийн Улаанбаатар хот дахь нээлтийн ажиллагаа
2019-06-26 21:01
“Бүс ба зам-Гэрэлт аялал” Монгол Улс дахь төслийн Улаанбаатар хот дахь нээлтийн ажиллагаа боллоо.

    “Бүс ба зам-Гэрэлт аялал” Монгол Улс дахь төслийн Улаанбаатар хот дахь нээлтийн ажиллагаа буюу нүдний болор солиулах хагалгаанд орсон иргэдийн нүдний боолт авах ёслол 06 дугаар сарын 26-ны өдөр Цэргийн Төв Эмнэлэгт амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү үйл ажиллагаанд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Батлан Хамгаалалтын сайд, МУЗН-ийн Ерөнхийлөгч Н.Энхболд, МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, Монгол Улсын Эрүүл Мэндийн Яамны сайд Д.Сарангэрэл, ӨМӨЗО-ы тэргүүлэгч Улаан Загалмайн Нийгэмлэгийн хүндэт дарга Бү Шяолинь, Хятад улсын Улаан Загалмайн Нийгэмлэгийн орлогч дарга Лян Хүйлин, ӨМӨЗО-ы УЗН-ийн намын нарийн бичгийн дарга, байнгын орлогч дарга Ван Фан, Цэргийн Төв Эмнэлгийн удирдлага, хагалгаа хийсэн эмч, өвчтөний төлөөлөл оролцлоо.

Энэ үеэр мөн “Бүс ба зам-Гэрэлт аялал” нүдэнд нь цагаа унасан өвчтөнүүдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх хамтын ажиллагааны гэрээ, “Монгол Улсын төрөлхийн зүрхний гажилттай өвчтөнд үзлэг эмчилгээ хийх хоёр дахь ээлжийн төслийн хамтын ажиллагааны гэрээ”-нд гарын үсэг зурав.

Нээлтийн ажиллагаа дууссаны дараа Монгол Улсын Улаан Загалмайн Нийгэмлэгт  “Түгээмэл хайрын хүрээлэн” нээгдсэн тууз хайчлах арга хэмжээ зохион байгуулагдсан юм. Энэхүү “Түгээмэл хайрын хүрээлэн”-г Өвөр Монголын Улаан Загалмайн нийгэмлэгээс тусламж үзүүлэн, түргэн тусламжийн тоног төхөөрөмж, эрүүлжүүлэх эмчилгээний тоног төхөөрөмж зэргийг худалдан авч өгч байрлуулсан байна.

БНХАУ болон Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээний хүрээнд “Бүс ба зам-Гэрэлт аялал” нүдэнд цагаа унах өвчтэй хүмүүст үнэ төлбөргүй үзлэг, эмчилгээ хийх хөтөлбөрийг хэрэгжүүлж, 2019 оны 06 дугаар сарын 18-наас 25-ны өдрүүдэд Улаанбаатар хотод үнэгүй үзлэг, эмчилгээ хагалгаа хийж өгсөн байна. Хөтөлбөрийн хүрээнд 5 жилийн хугацаанд нүдэнд цагаа унах өвчтэй 1000 орчим хүнд хүрч ажиллах юм.

БНХАУ-ын явуулын үзлэг, хагалгааны автомашин Цэргийн Төв Эмнэлэг дээр байрлаж үзлэгийг зохион байгуулав. Энэ удаагийн үзлэгээр нийт 800 гаруй урьдчилан бүртгүүлсэн иргэдийг хамруулж, 1000 орчим хүнд эмчилгээ хийж, 100 орчим хүнд нүдний болор солих хагалгаа хийсэн байна.

Зохиогч: С. Саранчимэг, С, Урьхан
Найруулагч: С. САРАНЧИМЭГ
Эх сурвалж : www.solongonews.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл