Сэржим цацлын цаана агуулж буй соёл сэтгэлгээний гүн их ухамсарт чанар нь өнөөдрийн монголчуудад юу нэгийг санагдуулна.
Монголчууд сэржмийг алтан ундаа хэмээн дээдэлдэг. Монголчууд баяр наадамд суух, айлд зочин болох үед өмнө нь тавьсан цагаан идээнээс бага хэмжээгээр хэлтлэн авч тэнгэрт цацал өргөдөг. Нэн ялангуяа, архи дарс барьж өгвөл хундаганаасаа гурвантаа сэржим өргөсний дараа сая амсдаг. Бэлгэ дэмбэрлийг эрхэмлэдэг монголчууд аян жинд явах, ав гөрөөнд гарах, нутаг ус сэлгэн нүүх, үр хүүхэд нь цэрэгт, их сургуульд явахад “Амар мэнд яваарай”, “Ажил сурлагадаа амжилт бүтэмж гаргаарай” гэж цацал өргөн, гай зовлон тааралдахгүй, ганзага дүүрэн буцан ирэхийг зөгнөн бэлгэшээдэг юм. Тэрчлэн галын тахилга, овоон тахилга зэрэг зан үйлд цацал өргөж, даллага хурайлгаа гүйцэтгэдэг. Сэржим цацлыг бага гэж чамлаж болохгүй. Түүнд идээний дээжийг эрхэмлэх, бүрэлгэн сүйтгэхгүй байх, газар усаа бохирдуулахгүй байх зэрэг бэлгэ шинжит үзэл сэтгэлгээний уламжлалт чанар агуулагдаж байдаг. Энэхүү үзэл сэтгэлгээний онцлогт чанар нь нүүдэл, соёл иргэншлийн өөрийгөө хангах, хүн байгалийн эв зохицлоос улбаатай аж. Нүүдэлчин монголчуудын үзэл сэтгэлгээний ухамсарт чанар нь хүмүүсийн оршин хөгжихөд харш зүйлд хорио цээр тавьж, хойч үедээ уламжилж залгамжилсаар байж зан үйлийн хэв шинжит тогтолцоо болон бүрэлдсэн байна.
Залуу нэгэн үеийнхэн энэхүү зан заншлаа ойлгохгүй мэдэхгүй болж, аль хуруугаар сэржимлэхээ ч мэдэхгүй болжээ. Нэн ялангуяа, овоогоо тахиж, сүү цагаан идээ өргөхдөө байгаагийн хэрээр нь лонх саваар нь цутгадаг. Ингэснээр сүү цагаа нь шалбааг болж, цагаан идээгээ дээжлэх ёсоо уландаа гишгэж явааг нь харахаас харамсмаар. Хүний сэтгэл бурхан бүтээдэг гэдэг үзэл сэтгэлгээний зөв үйлдэл нь эд бодисын их багаас илүү үнэ цэнэтэй байдаг. Газар, усаа дээдлэх ёс заншил, арвич гамтай эрхэм суртал хэдхэн дусал сэржим цацлын цаана агуулагдаж байдаг гэдгийг бид бүхэн ухаарч мэдэх учиртайсан.
