solongonews
Хасаг тэрэгнээс нисдэг тэрэг хүртэл
2018-11-26 17:22
Хасаг тэрэгнээс нисдэг тэрэг хүртэл

Сүүлийн жилүүдэд Хятад улс үндэсний эм эмнэлгийн үйлсийг хөгжүүлэх арга хэмжээ авснаар Өвөр Монголын эмнэлгийн үйлс маш хурдтай хөгжиж байгаа юм. Өвөр Монголын Ардын Эмнэлгийн Хорооны агаар аяллын эмчилгээний түргэн тусламжийн суурин албан ёсоор ашиглалтад орж эмчилгээний түргэн тусламжийн шинийг нээлээ. Энэхүү суурин газар байгуулагдсан нь түргэн тусламжийн машин хүрч чадахгүй үүргийг гүйцэтгэх болсон юм. Жишээлбэл цаг агаар, орон байраас шалтгаалан машин тэрэг хүрч чадахгүй, эсвэл газар хөдлөлт зэрэг гэнэтийн эрсдэл үүсэх үед агаар аяллын түргэн тусламжийн нисдэг тэрэг үүргээ маш сайн биелүүлнэ.


Түргэн тусламжийн энэхүү нисдэг тэрэг дээр хатуу чанга сургалтаар сонгон авсан эмч сувилагчийг томилон, улсын дотоодын тэргүүний мэргэжлийн тоног төхөөрөмж, амьсгалын аппарат зэрэг эмчилгээний багаж хэрэгслийг угсран, өвчтөнийг хүргэх явцад өвчний байдлыг хэвийн байлгаж, хамгийн хурднаар өвчтөнийг эмчлэх шижир алтан цаг мөчийг батлах болно. Эмчилгээ үйлчилгээний үр дүнг дээшлүүлж, ард иргэдэд илүү сайн үйлчилгээ үзүүлэх болно.

Энэхүү түргэн тусламжийн нисдэг тэргийг Өвөр Монголын Ардын Эмнэлгийн Хорооны агаар аяллын эмчилгээний түргэн тусламжийн суурингаас удирдан Өвөр Монголын ямар ч нутгаас дуудлага ирвэл тэр даруйд нь нисэн очиж, түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлдэг байна. Саяхан Бугат хотын Дархан Муумянган холбоот хошууны Батхаалгаас ходоодноос нь цус алдсан нэг ахмадыг Бугат хотын эмнэлэгт маш хурдтай хүргэж чадсан явдал нь Хятад улсын агаар аяллын түргэн тусламжийн Өвөр Монгол дахь суурин Бугат хотод нисдэг тэргээр өвчтөнд үйлчилсэн анхны жишээ юм. 67 настай тус өвчтөн өмнөх орой бие нь муудаж, Дархан Муумянган холбоот хошууны эмнэлэгт очсон байна. Тус эмнэлэг өвчтөнд оношилгоо хийсний дараа ходоодноос нь цус алдсаныг тогтоож, тэр даруйд нь өөр эмнэлэгт шилжүүлэхээр шийджээ. Ингээд Дархан Муумянган холбоот хошууны эмнэлэг нь Хятад улсын агаар аяллын түргэн тусламжийн Өвөр Монгол дахь сууринтай харилцаж, энэ удаагийн түргэн тусламжийн арга хэмжээг авчээ. Одоо өвчтөний биеийн байдал сайжирч эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм байна.


30 гаруй жил эмнэлгийн түргэн тусламжийн төвд ажилласан туршлагатай Б.Багана эмч Өвөр Монголын эмчилгээний түргэн тусламжийн төвийн өөрчлөлтийг нүдээрээ үзэж биеэрээ мэдэрч явсан хүний нэг. Тэрээр 30 жилийн өмнө Өвөр Монголын Хөлөнбуйр хотын эмнэлгийн түргэн тусламжийн тасагт ажиллаж байгаад дөрвөн жилийн өмнө Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн түгэн тусламжийн төвийн эрхлэгч эмчээр ажиллах болжээ.

- Одоо бүх юм хөгжөөд сайхан болж байна. Нүд ирмэхийн зуур нисдэг тэргээр өвчтөнийг хүргэдэг цаг үед орлоо. Намайг анх эмчээр ажилд орсон тэр үед арваад л эмчтэй байсан. Түргэн тусламжийн төв гэж байгаагүй. Түргэн тусламжийн машин ч гэж байгаагүй. Эмнэлэг өөрөө машин гаргаж өвчтөнд үйлчилдэг байлаа. Өвчтөн олон, эмч цөөнтэй, түргэн тусламж оношилгооны аппаратын түвшин өнөөдрийнхтэй харьцуулахын аргагүй. Маш их өөрчлөлт гарч, нийгэм хөгжиж, төр засгийн халамж, дэмжлэг туслалцаа сайн байна. Иймээс ард иргэддээ эрүүл мэндийн баталгаа хангах нь бидний үүрэг чиглэл юм гэж тэрээр ярьж байв.

Тухайн үед дуудлагын машин байдаггүй байсан өвчтөнийг гэрийнхэн нь эсвэл ойр дотно айл хөршийн хүмүүс нь ямар нэгэн аргаар хүргэдэг байсан. Зарим нь хасаг хэргээр, морин тэргээр өвчтөнийг хүргэдэг байсан. Бүр ч мотоцикл, трактораар хүргэдэг ч байсан. Замдаа саатаж, эмчилгээний цагаа алддаг байсан болохоор амь насаа алдах тохиолдол их байлаа.

 

Өвөр Монголын Хөххотын 120 эмчилгээний түргэн тусламжийн төв нь 2006 онд анх байгуулагдаж, Бээжингийн Ан Кэ компанийн хамгийн сүүлийн үеийн мэргэжил технологийг ашиглан ажилладаг болохоор зэргээр 30 дуудлага ирсэн ч саадгүй ярьж чаддаг төхөөрөмжтэй. Дуудлагыг 120 эмчилгээний түргэн тусламжийн төвөөс нэгдэлтэй удирдан, Өвөр Монголын хот, хөдөө орон нутгийн өнцөг булан бүрд үйлчлэх боломжтой юм.

Хөххотын эмчилгээний түргэн тусламж /120/-ийн төв нь Хөххотод нийт эмнэлгийн түргэн тусламжийн 13 төв байгуулж, дуудлага очсон газрын хамгийн ойр байрлах түргэн тусламжийн машиныг томилон өвчтөнийг авч хамгийн ойр эмнэлэгт хүргэдэг. Хамгийн хурдандаа дуудлага ирснээс хойш 10 минутад өвчтөнийг эмнэлэгт хүргэж чаддаг байна. Түргэн тусламжийн машин мэргэжлийн үнэмлэхтэй, хашир туршлагатай, мэргэжил сайтай нэг эмч, нэг сувилагч, нэг туслах болон нэг жолоочийг томилон өвчтөнийг газар дээр нь анхан шатны яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэн эмнэлэгт түргэн шуурхай хүргэдэг.

Одоо Өвөр Монголын эмнэлгүүдийн түргэн тусламжийн төвүүд нь хүргэж ирсэн өвчтөнийг эмнэлэгт саадгүй нэвтрүүлэх үүднээс эхлээд эмчилгээ хийж, дараа нь төлбөр тушаах ногоон гарцыг нээсэн байна. Өвчний байдлыг нь харж, ямар оношилгоо хийх, ямар тасагт эмчлүүлэх зэргийг тэр даруйд нь тогтоож, түргэн шуурхай үйлчилдэг. Ингэснээр мөнгөгүйгээсээ болоод анхан шатны эмнэлгийн тусламж авч чаддаггүй хүмүүст маш их тус болж, өвчтөнийг аврах үр дүнг илүү ихээр дээшлүүлж, олон хүмүүсийг үхлээс авран шинэ амь нас бэлэглэдэг юм.

Түргэн тусламжийн машинаас нисдэг тэрэг хүртэл Өвөр Монголын эмчилгээний түргэн тусламжийн үйлс хурдтай хөгжиж, шинийг санаачилсан шилдэг үйлчилгээ, дээд түвшний техник технологи, чадварлаг эмч сувилагч ард иргэдэд шинжлэх ухаан технологийн гайхамшгийг бие сэтгэлд нь мэдрүүлж явна. Хятад улс эмнэлгийн салбар дахь хөрөнгө оруулалт, өөрчлөлт шинэчлэлтээ жил тутамд нэмэгдүүлэн сайжруулж байгаа энэ үед Өвөр Монголын эмнэлгийн үйлс тэр дундаа эмнэлгийн түргэн тусламжийн үйлчилгээ өдөр ирэх тусам сайжирна гэдэгт эргэлзэхгүй байна.

 

Зохиогч: С.Саранчимэг
Найруулагч: Saraa
Эх сурвалж : Solongonews.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл