solongonews
Жилд нэг сая юанийн орлоготой адуучин залуу
2018-05-16 15:22
Дархан Муумянган холбоот хошууны Баянхуа суурингийн Баян-Овоо багийн малчин Алдарцогт шинэ үүлдрийн адуу өсгөн үржүүлж амжилттай яваа нэгэн.

Өөрөө морь жилтэй. Хүүхэд наснаасаа аавыгаа даган адуунд явж, заримдаа хурдан морь унадаг байсан болохоор адуунд аргагүй их хайртай. 2012 онд их сургуулиа дүүргэн Тяньжиний олон улсын морин бөмбөгийн клубд хоёр жил гаруй суралцаад Баяннуур, Бугат зэрэг газраар морин мэргэжлийн сургагчийн ажил хийж байснаа гэртээ харьж ирээд шинэ үүлдрийн адуу нутагшуулах ажилд ханцуй шамлан оржээ..

Алдарцогтынх 600 гаруй адуутай. Нутаг усандаа нэртэй олон адуутай айлын нэг. Алдарцогтын аав Бо Дэшин долоон настайгаасаа адуучин явсан хүн болохоор адуунд аргагүй хайртай нэгэн. Одоо ч хүү Алдарцогтын хамт үргэлж адууны үүлдэр сайжруулах, морь уях, адуу маллах тухай туршлага солилцож, шинэ үүлдрийн адуу өсгөн үржүүлэх тухай судлан хамтдаа сэтгэл нэгтэй зүтгэнэ.

2005 оноос адууны үүлдэр сайжруулах ажлаа эхлүүлжээ. Тухайн үе Бо Дэшингийн дүү нь интернетээс Хөлөнбуйрт сайн адуу байна гэх сургийг сонссоны дараа Хөлөнбуйр нутагтай нэгэн танил ахаараа сураглуулахад өмнө орны наймаачид аль эртнээс энэ газрын сайн адууг 1000 гаруй юаниар худалдан авч адууны талбай байгуулаад, 40-50 мянган юаниар худалдаж байгааг дуулав. Ингээд Бо Дэшин өөрөө Хөлөнбуйрт хүрч малчин айлуудаар долоо найман хоног явж, гурван голын адуу арваадыг авчээ. Ингэж арав гаруй жилийн өмнө Хөлөнбуйрын гурван голын адууг оруулж, гүүнийхээ үүлдрийг сайжруулж, нутгийн адуутайгаа эрлийзжүүлэн маллаж эхэлсэн байна. Түүнээс хойш Хэбэй, Ляонин, Шилийнголын Баяншил мал аж ахуйн талбай зэрэг олон газраас адуу оруулан маллажээ.

Алдарцогт нутагтаа буцсаны дараа гадаадаас сайн үүлдрийн адуу оруулж, олон сайн үүлдрийн адуу эрлийзжүүлж байгаад хурдны морины чиглэлээр шинэ үүлдрийн адуу гаргахаар шийджээ. Ингээд Англи, Америк, Орос, Шинэзеланд зэрэг улсаас сайн үүлдрийн адуу оруулсан байна. Одоо ихэнх нь үүлдэр сайжруулсан адуу болжээ.

- Шинэ цаг үе, нийгмийн хөгжил өөрчлөлтөд зохицуулан хурдны чиглэлийн шинэ үүлдрийн адуу гаргахыг зорьсон юм. Гэвч энэ ажил нь богино хугацаанд тийм амархан биелэх явдал биш. Харин хэдэн арван жил үргэлжилж, урт удаан хугацаанд тэвчээртэй зүтгэж байж мөрөөдлөө биелүүлнэ хэмээн залуу адуучин Алдарцогт ярьж сууна.

Одоогоор эднийх сайн үүлдрийн адуу худалдан авахад нэг сая гаруй юань зарцуулж,  Америкаас оруулсан хурд даац хосолсон сайн үүлдрийн нэг азарга адуу нь 300 мянган юаньд хүрсэн гэдэг. Энэхүү үүлдрийн адуу нь дэлхийн ганган морины уралдаанд гуравдугаар байранд орж байсан бөгөөд дэлхийн долоон том төрлийн адууны нэг том төрөлд багтдаг аж. Өнөөдөр адуун сүрэгт нь 20-иод сайн үүлдрийн азарга байгаа гэнэ.

- 40, 50 мянган юаниар азарга худалдан авч, адуундаа тавьдаг. Азарга төл муутай байвал дараа жил нь худалдах тохиолдол олон бий. Хэдийгээр худалдан авсан үнээсээ бага үнээр худалдах үе гардаг ч цусны цэвэр, үүлдрийн талд баталгаагүй байвал эргэлзэлгүй худалдах нь чухал байдаг тухай Бо Дэшин ярив.

Хур бороо бага, бэлчээр өвс тачир байгаагаас 200 гаруй адуугаа Баяннуур хотын Урадын дунд хошуу болон Баянхуа суурингийнхаа бэлчээр сайтай нутгаар оторт явж, үлдсэн 400 шахам адуугаа бэлчээрлүүлэн, давхар өвс бордоогоор тэжээж байгаа аж.

2006 оны үед 1000 гаруй хонь, 80-аад үхэртэй, бог мал голлон малладаг байсан бол хашаалан тэжээх төрийн бодлого гарснаас хойш бог малаа цөөлж, бод мал голлон маллах болжээ.

Алдарцогт шинэ үүлдрийн адуу маллах ажилдаа шамдахын зэрэгцээ морь уяуулахаар Монголын алдарт уяачидтай байнга холбоо барьж, 2014 оноос эхлэн жилдээ хоёр гурван удаа Монгол Улсад хүрч, уяаны арга ухааныг суралцаж, туршлага солилцдог болжээ. Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн  наадамд түрүүлсэн “Даатгал хээр”-ийн алдарт уяач Ц.Сүхбаатар, Манлай уяач Ц.Доржсүрэн зэрэг Монголын алдарт уяачид ч ирдэг байжээ. Алдарцогт ч өөрийн уяж сойж байгаа хурдны морьдоо Монгол Улсын  наадмаар сорих санаатай байдаг.

Гадаадаас үүлдрийн адуу оруулж маллана гэгч хэлэхэд амар ч хийхэд хүнд. Хүний хүчээр тэжээж байсан эдгээр адгуусыг даага шүдлэн байхад нь оруулбал бэлчээр өвс идэж дасах нь бас харьцангуй хурдан бөгөөд бүдүүн адуу бол бэлчээрлүүлэн маллаж, бэлчээрийн өвсийг идэж дасах болтол бараг хоёр жил шахмын хугацаа шаарддаг байна. Ингэж уламжлалт бэлчээрлүүлэн маллах аргад дасвал өвс ногооны шим цус судсаар нь дамжин, жинхэнэ шим хүчийг нь олж хүртдэг.

- Бороо хур элбэг, өвс бэлчээр сайн байсан бол таван хошуу малын дотор адуу маллахад хамгийн амар байдаг. Адуу цагаалж өвс идэх дуртай бөгөөд манай бэлчээрийн 80 хувь нь цагаалж өвс байдаг болохоор адуу маллахад тохирно. Бороо орохгүй, бэлчээр муу байгаа нь л одоогоор хамгийн хэцүү асуудал болоод байна гэж Алдарцогт ярив.

Жилдээ 200 шахам гүү унагалж байгаа бөгөөд жил бүр 100 гаруй адуу худалдаж, сая гаруй юанийн орлого олдог байна. Үүний зэрэгцээ Өвөр Монголын бүхий л газрын адуучид, уяачид Алдарцогтынхоос үүлдрийн адуу худалдан авдаг. Нутгийн адууны унага даага 4000 юань шахам хүрч байхад үүлдрийн адууны унага даага нь 15000-20000 юань хүрдэг байна.

Алдарцогт улсын наадмаар хурдан хүлгийнхээ шандсыг сорих гэж уяа сойлгыг нь тааруулан тун завгүй байгаа аж.

Зохиогч: Нийтлэл: Урантана, Баярцэнгэл
Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж : Өвөр Монголын амьдрал гарагийн сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл