solongonews
Монгол анагаах ухааны бамбай булчирхайн өвчнийг алсаас оношлон эмчлэх ухаалаг систем
2017-08-21 17:29
Бамбай булчирхайн өвчин дэлхийн чанартай үргэлж тохиолдох өвчний нэг юм.

  Сүүлийн жилүүдэд хүмүүсийн эрүүл мэндэд ихээхэн нөлөөлж буйн учир энэ өвчин хүмүүсийн анхааралд орсон байна. Бамбай булчирхайн өвчнийг засан эмчлэх ажилд орь залуу насныхаа эрч хүчээ шавхаж гарамгай ажиллаж яваа нэгэн бол монгол залуу эмч Завдандорж юм.

   Завдандоржийн 2016 онд гардан хийсэн “Монгол анагаах ухааны бамбай булчирхайн өвчнийг оношлон эмчлэх ухаалаг систем” сүүлийн өдрүүдэд ашиглалтад орсон байна. Энэхүү системд оношлох болон хайх хоёр том системтэй аж. Эмч болон өвчтөнд бүр амар хялбар үйлчилгээ үзүүлэх болсон нь тус системийн хамгийн том онцлог. Учир нь өвчтөн заавал эмнэлэгт хандан эмчтэй уулзаж оношлуулах хэрэггүй болсон бөгөөд өвчтөнүүд зөвхөн тухайн газрынхаа эмнэлэгт оношлуулсан дүнгээ зургаар эмчид явуулсны дараа тус системээр дахин оношилж, засах аргыг тогтоосны дараа эмийг нь шууд буухиа үйлчилгээгээр явуулж өгдөг билээ. Өнөөдрийг хүртэл энэхүү систем нэгэнт цөөн бус эмнэлэгт ашиглагдаж эхэлсэн байна.

“Монгол анагаах ухааны бамбай булчирхайн өвчнийг оношлон эмчлэх ухаалаг систем” нь Завдандоржийн багш Үсрэлт эмчийн бамбай булчирхайн өвчний тухай 40 гаруй жилийн эмчилгээ болон судалгааны дүнд суурилсан бөгөөд бамбайн өвчний онол, логик, тусгай эм жорыг бүрдүүлсэн бамбай булчирхайн 49 төрлийн өвчинд зориулалсан 90 гаруй зүйлийн эмчилгээний аргыг хамарсан байна. Энэ нь өвчтөнд төдийгүй эмч нарт ч сайн туслагч болж өгсөн явдал болжээ.

Үсрэлт эмчийн хамгийн сүүлчийн гарын шавь болсны хувьд багшийнхаа дуусгаж амжаагүй ном, хийж бараагүй судалгааг нь үргэлжлэн биелүүлэх хүнд үүргийг Завдандорж дааж авсан байна.

- Багш мань таалал төгсөхөөсөө өмнө "Монгол анагаах ухааны бамбай булчирхайн өвчний судлал"-ын анхны хэвлэлийнхээ залгамжийг хэвлүүлж амжсангүй. Би одоо яг энэ ажлыг үргэлжлүүлэн хийж байна. Багш маань хүмүүсийн эмчилгээнд дөхөм үзүүлэхийн тулд тусгай эмчилгээний систем нээхээр төлөвлөж байсан, харамсалтай нь үүнийгээ биелүүлж чадалгүйгээр явчихсан гэж Завдандорж ярьж байлаа.

.

Завдандорж дараагийн алхамд “Монгол анагаах ухааны бамбай булчирхайн өвчнийг оношлон эмчлэх ухаалаг систем”-ийг улам цаашид төгөлдөржүүлэх ажлын тал дээр хичээн ажиллаж, Монгол эм эмнэлгийн салбар дахь нэр томьёог нэгтгэх ажил болон “Монгол анагаах ухааны бамбай булчирхайн өвчний судлал”-ын хоёрдугаар хэвлэлийг энэ хоёр жилийн хугацаанд эмхтгэж дуусгахаар төлөвлөж байна.

Торгууд Завдандорж, 1990 онд Хөхнуур мужийн Хайши монгол төвд Үндэстний цөөнхийн өөртөө засах жөүгийн Улаан шяньд төржээ. Өвөр Монголын Үндэстний Их Сургуульд монгол анагаах ухаан мэргэжлээр сурсан аж. Одоо Алшаө аймгийн бамбайн өвчний тусгай мэргэжлийн“Тэгш” монгол эмнэлэгт эмч  бөгөөд тус эмнэлгийн судлах хүрээлэнд залуу судлагчаар ажиллаж бий юм. Тэрээр багшийнхаа удаан жилийн судалгаа гар эмхтгэлийг цэгцлэн өнөөдрийг хүрэхэд олон өгүүлэл нийтлээд бий. Мөн энэ жил Өвөр Монголын Анагаах Ухааны Их Сургуулийн монгол анагаах ухааны магистрантаар элсүүлээд байна.

Зохиогч: ХҮҮХЭНСОЛ,БАЙЛИНДИ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : mongolian.news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл