solongonews
Гуравхан хоньтой байсан хоёр 300 мянган юанийн орлоготой болсон нууц
2018-08-03 16:16
Нутаг буцаж дахин мал тэмээнийхээ буянаар хөрөнгөжиж яваа эгэл нэгэн малчин айлын хатуу чанга амьдралын түүх анхаарлыг татаж, бидний сурвалжлагын баг аяныхан жолоог сунган тэр айлыг зорин хүрлээ.

Алшаа зүүн хошууны Жартай суурингийн Баян-Уул багийн Сухайн буланд нутаглаж суусан Цогтынх билээ.
Цэвэр цэмцгэр орон сууц, дулаан тохилог хашаа хороо, тэгш жигд хураасан түлээ модноос нь ажилсаг айлын шинж илэрхий. Цогт, Одонгуа нар айл саахалтынхаа туслалцаагаар тэмээгээ ноослоод тун завгүй ажиллана. Цогт, Одонгуа хоёрыг ярихад ажилч хөдөлмөрч, эелдэг найрсаг, өгөөмөр, тусархаг гээд хол ойрын хүмүүс магтах нь их. Гэтэл жаргал зовлон хослон оршдог энэ орчлонгийн амьдралын замд нугарах бүдрэх учир явдал тохиохгүй байна гэдэг ховорхон байх. Сайн сайхан амьдрахын эрхээр Цогт эхнэрийн хамт амьдралынхаа төлөө бие зүдрэн, сэтгэл шаналж, урам хугарах учир явдалтай цөөн бус учирсан юм. Цогтын хал үзэж хатуужсан амьдрал бидэнд зориг, тэвчээр, эрч хүч өгөх нь дамжиггүй.

1999 онд Баян-Уул багийн Сухайн булан хэмээх нутагт Цогтынх гэдэг айл нэмэгдэж, аз жаргалтай амьдралаа эхлүүлсэн. Хоёр жилийн дараа ихэр хүү заяаж, энэ айлд ам бүл нэмж баяр жаргал хайрлав. Гэтэл “Гай газар доороос” гэдэгчлэн тухайн жилийнх нь хаврын нэг шөнө хоттой малд нь үнэг орж, жар гаруй малыг нь сүйтгэж, гуравхан хоньтой л хоцорсон байна. Ийнхүү зүдүүхэн амьдралтай энэ айлд санаанд оромгүй гай гамшиг тулгарчээ.
Хоттой мал нь хорогдож, хойшдын амьдрал нь баталгаагүй болоход Цогт айлд шаврын ажил, тарианы ажил, мал тэмээ ноослох, өвс тэжээл худалдах гээд өдөрт бараг 20 юанийн орлого олж, эхнэр хүүхдээ тэжээж амьдралаа залгуулж байв. Жил гаруй энэ мэтийн хөлсний ажил хийж хуримтлуулсан мөнгөөрөө 20 ямаа худалдаж аваад мал аж ахуйн сууринд хүний мал дааж аван хариулахын зэрэгцээ өөрөө тарианы газар гаргаж, өвс бордоо тарьж малынхаа тэжээлийг шийдэж явахдаа гэрийн эзэн, эцэг хүний хувьд арга бүхнийг сүвэгчлэн зовлон бүхнийг амсаж, хатуу ширүүнийг туулж ирсэн байна.
Аав ээжээс ах дүү арвуулаа заяасан болохоор Цогт багаасаа эгэл жирийн амьдралаар амьдарч, амьдралын нугачаанд аль эрт давтагдсан нэгэн. Тэрээр айл гэр болсны дараа бүтэн гурван жил хичээж, төл малаа онд оруулж өсгөн үржүүлж, 2003 он гэхэд 300 гаруй бог малтай, 10 гаруй мү тариан газартай болж, хөдөө аж ахуйг уялдуулан, амьдралын гэрэл гэгээ олж харсан гэдэг юм. Хэдий чинээ амьдрал сайжирч, магнай тэнийсэн ч хөдөө нутагт жилээс жил хур бороо ховордож, ган гачиг их болж, хоёр хүү нь сургуульд сууж “нүд нээх” цаг болсон тул Цогт, Одонгуа нар малаа худалдан хот орж, хотын амьдралаа эхлүүлэх л хэрэгтэй болжээ.
2006 онд Цогт эхнэр хүүхдээ дагуулан аймгийн төв Баянхотод ирж амьдрав. Хөдөөгийн бор малчин хот орсны дараа хот газарт хөл тогтоход хэцүү байжээ. Цогт дунд ангийн боловсролтой болохоор хот газар ажиллана гэдэг амаргүй хэрэг байв.
Аль болох эрт ажил олж, аж амьдралаа өөд татахыг зорьсон Цогт нутгийн хачин чулууны худалдаа нэлээд сайн байгааг олж хараад хачин чулууны бизнес хийхээр болжээ. Тэрээр хөрөнгө мөнгөгүй, чулууны тухай ойлголт дутуу. ингээд суралцаж, чулуу түүж, бизнес хийх зам сүвэгчилж эхэлжээ. Тухайн үед мөнгө муутай байсан Цогт хүний гараас хачин чулуу худалдан аваад цааш нь борлуулах боломж байсангүй. Харин малчид говь нутгаасаа чулуу түүхээр явахад машинд нь сууж, ажилд нь туслан явахдаа өөрөө бага зэрэг түүж ирдэг байжээ.

Ийнхүү Цогт хачин чулуу түүхээр явах бүр ганзага дүүрэн буцаж, түүнийгээ унадаг дугуйндаа ачин хачин чулууны захаар явж худалдан сардаа бараг 2000-3000 юанийн орлого олох болжээ. Унадаг дугуйнаас өөр машин байгаагүй Цогт сүүлд “213” хэлбэрийн хуучин машин худалдаж аваад хүний чулуу ачиж, зөөх зэрэг ажил хийж сардаа дунджаар 5000  юанийн орлоготой болжээ. Тухайн үеийн хачин чулууны бизнес сайн байсан учир чулуу угаах, өнгөлөх зэрэг ажлын орлого нь илүү сайн байгааг мэдэж 2009 онд өндөр хүүтэй зээл авч, хачин чулуу угаах, өнгөлөх газар нээсний дараа зээлээ төлөхийн тулд өглөөний 05:00 цагаас шөнийн 22:00 цаг хүртэл амралтгүй ажиллаж байгаад дараа жил нь зээлээ төлж, сардаа 10 мянган юанийн орлоготой болсон байна.

2012 оноос эхлэн улсын дотоодын олон олон нутаг орноор хачин чулууны үзэсгэлэн зохион байгуулж, орон нутгийн чулуу улс хэмжээнд зарагдаж, бизнесменүүдэд орлого олгох орон зайг хангаж өгсөн. Энэхүү боломжийг түшиглэн Цогт 6 жил хурааж хуримтлуулсан чулуугаа аван, жил бүрийн хачин чулууны үзэсгэлэн форумд оролцож, жилдээ бараг 300 мянган юанийн орлого олж, амьдралыг өөд нь татлаа.
Гуравхан хоньтой байсан хоёр 300 мянган юанийн орлоготой болно гэхэд итгэж ядна. Нэг л мэдэхэд хот ороод найман жил болсон байлаа. Энэ үед Цогтынх хотод байшинтай, машинтай, дэлгүүртэй болж, хотын айлаас дутахгүй амьдрах болсон боловч төрөлх нутаг нь түүний сэтгэлийг аргамжиж байсан юм. Аж амьдрал сайжрахад хөдөө нутгаа ногооруулах, бүтээн байгуулахаар хачин чулууны бизнесээ орхин хөдөө нутагтаа буцав.

2014 онд Цогт нутаг буцаж, нэг сая юанийн хөрөнгө оруулалт хийж, 10000 мү (1 га нь 15 мүтэй тэнцэнэ) газарт заг тарьж ногооруулахын зэрэгцээ байшин, хашаа саравч, худаг усаа сэлбэн засаж, нутгаа бүтээн байгуулж эхэлсэн байна. 2016 оны намар Цогт Алшаа баруун хошууны Алтанцог сумын малчин айлаас 300 мянган юаниар 65 тэмээ худалдан авч нутагтаа тэмээ маллах болов.
- Би арван тавтайгаасаа эхэлж тэмээ хариулж өссөн хүүхэд. Иймээс тэмээнд хайртай. Байгалийн ган гачиг, амьдралын эрхээр хэдэн жил хотод амьдарч, амьдралын нөхцөл дээшилсэн ч хөдөө нутаг сайхан санагдаад байна. Нэг хот тэмээ худалдан авч маллаж байгаагийн зорилго нь хөдөө нутгаа бүтээн байгуулж, нутагтаа эзэн болж, ирээдүйд үр хүүхдэдээ өвлүүлэх бодолтой. Ингэний сүү саалийн үнэ ханш, борлуулалт сайн байгаа болохоор энэ жил найзуудтайгаа хамтран хоршоо байгуулж, 100 ингэ сааж, сүү саалиа борлуулахаар төлөвлөж байна хэмээн Цогт ярьж байлаа.

Хөдөө нутагтаа буцаж, нутгаа ногооруулах буюу тэмээ худалдан авч малласан Цогтын үйл хэрэг нутгийн малчдаа дуудан дагуулах болжээ. Зарим хот орсон залуусыг ч түүнийг дууриан нутагтаа буцаж мал тэмээ маллаж эхэлсэн байна. Цогтын эхнэр Одонгуа одоогоор Баянхотын Алшаа хошуунд “Одны ясан сийлмэл” гэх газрыг ажиллуулж, тэмээний ясаар бүх төрлийн сийлмэл хийж борлуулахын зэрэгцээ хүүхдүүдээ сургуульд зөөж байгаа аж.

Амьдрал гэгч нэгэн урт аян зам юм. Энэхүү аян замын хүнд бэрхийг яаж тулж туулах нь хүн бүхэнд шаардагдах зориг хүч, ухаан. Цогтынх ийнхүү ухаан хөдөлмөр хоёртоо түшиглэн амьдралын сайхныг мэдрэн эрч хүч аван зүтгэсээр...

Зохиогч: Дэвшилт, Болорсувд
Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж : Амьдрал гарагийн сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл