solongonews
Хачин өвгөний хоолны газар
2017-06-28 16:47
- Алт эгчийн монгол хоолны газрыг сурвалжиллаа

Шилийнхотынхонд хачин өвгөн гэж алдаршсан нэгэн хоолны газрын эзэн байдгийг бараг хүн бүр андахгүй. Сүүлийн өдрүүдэд тэрээр монгол сурагчдын сургууль төгсөх дайллагын хоол зууш бэлдэж тун завгүй ажиллаж байгааг сонсоод бид ч тэнд хүрлээ. Хүмүүс хоолны газрын бууз гурилтай шөлийг нь зорьж ирэн иддэгээр барахгүй, хачин өвгөний сургаалыг цээжилж явсан сурагчид амтат зуушийг нь зооглон ая дуугаа өргөж талархсан сэтгэлээ илэрхийлж байгаа нь энэ аж.

Жаран насыг дөхөж байгаа энэхүү хачин өвгөнийг Л.Очир гэдэг. Гэрийн хүнтэйгээ монгол хоолны газар ажиллуулж, зав чөлөөгөөрөө яруу найраг зохиол бичиж суудаг уран бүтээлч хүн юм. Түүний хувьд хоолны газар ажиллуулах нь ганц орлогоо нэмэгдүүлэх биш, харин хүмүүст нэг төрлийн сайн сайхан ёс суртахуун болон соёл уламжлуулахыг зорьдог аж. Мэнд сайнаа мэдэлцэх, хоол цайны ариун цэврийг эрхэмлэх, шуугилдаж бархиралдахгүй байх, үлдсэн хоолоо заавал авч явах гэх мэтийн олон чанга шаардлага тавьснаар ирсэн зочид үүний тухай их сонирхдог байлаа.

- Монгол хоолны газар гэхээр хүмүүст өгөх сэтгэгдэл нь монгол онцлогтой хоол унд байхаар барахгүй хоолны газар ч монгол онцлогтой засал чимэглэлтэй байдаг. Энэ нь нэг ёсны тогтсон зүйл болсон тул үүний дунд тогтож үлдэнэ гэвэл заавал өөрийн гэсэн онцлогтой байх хэрэгтэй. Иймээс би хоолны газраа нам тайван тааламжтай хэв намбаар засаж, хоол зуушны чанарыг батлахын тулд хамгийн сайн хүнсний материалаар хийж, үйлчилгээний талд олон улсын үйлчилгээний соёлд ойртуулахыг зорьж байна гэв.

Соёлоо дээдэлж хайрлахгүй, соёл боловсролгүй хүмүүст үйлчилгээ үзүүлэхгүй гэж өвгөн үргэлж ярьдаг. Анх яг тийм хүмүүс олон ирж байсан бол түүний хэлж сануулснаар, бүр загнуулж байгаад их ёсорхог болсон хүн цөөн бус бий.

- Үүд онгойлгон орж ирэхээс биш, "Сайн уу" хэмээн мэндэлдэггүй хүн зөндөө байсан. Харин сүүлдээ засарч, ирсэн зочин бүр сайн гэх мэндтэй болж, урьдчилан хоол захиалдаг болсон юм. Одоо бүр ч бидний ёсоор боловсон сайхан хоолонд орох болсон. Ялангуяа манай залуучууд зэмлүүлээд дараа нь ‘Аав сайн уу’ гэж мэндлэх болсон. Одоо хүүхдүүд маань хэнээс ч илүү ёс номтой байгаа шүү гэж хачин өвгөн ярьж байв.

Зарим хүн хоолны газарт нь очоод учрыг нь ойлгохгүй “Энэ хоолны газрын эзэн ямар сонин юм. Ирсэн зочноо хэлж сургаад, заримдаа үүдээ хаагаад оруулахгүй” гэх мэтээр ярьдаг. Гэсэн хэдий ч иймэрхүү үйлчилгээ нь олон хүнд таалагдаж, түүний амтат зууш болон үйлчилгээг зорьж ирэх хүн улам олон болжээ. Хоолны цэсээ “Хүнсний шилдэг материал, гэрийн хоол, жинхэнэ монгол амт” гэж бичсэн байдаг байна.

- Бидний хоолны газар тогтсон цагтай ажиллаж амардаг учир архидаж үймэх боломж байхгүй. Ялангуяа бүрэлгэн сүйтгэхийг хориглоно. Ирсэн хүний тоогоор хоол гаргахаас биш, илүү захиалбал гаргаж өгөхгүй. Хэрвээ идээд үлдсэн бол заавал саванд хийж өгч явуулдаг. Энэ нь нэг төрлийн соёл. Ингэж байж хүмүүс бусад газар очсон ч бүрэлгэж сүйтгэхгүй заншилтай болно гэдэгт би итгэж байна гэжээ.

Зарим хүн түүнийг “Бусад үндэстний хүнийг гадуурхан хоолны газартаа оруулдаггүй” хэмээн андуу ташаа ойлголттой байдаг. Гэтэл энэ хоолны газарт хоолонд орохоор ирдэг зочдын 50 хувиас илүү нь өөр үндэстний хүн байдгийг юу гэх билээ.

Хачин өвгөний хоолны газар гаднаас нь харахад жижигхэн, нэг өрөө боловч дотроо олон соёл, ёс суртахууныг агуулж байдаг. Удалгүй хоолны газраа өргөтгөж, өдөр нь монгол хоолны газар, оройдоо намуун баар болгоход бэлэн болоод байгаа юм байна.

Зохиогч: УЯХАН
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл