Шил нутагт хавар саатаж, төл мал майлалдсан 3 дугаар сарын нэг өдөр Мэндбаяр гуай ажлаа тараад гэртээ ортол гар утас нь тачигналаа.
- Сайн уу? Би Шулуун хөх хошууны Бошоодой сумын Энгэр багийн малчин Саруултуяа гэгч байна. Манай нэг хурга амьсгаадаад зогсохгүй, угжихад хоолой нь дуугаран ханиаж байна. Яадаг билээ?
- Шинж тэмдгийг нь сонсоход уушгины асуудал бололтой. Фү Фэнь Ни Као, эсвэл Хюан Лянь Су гэх эмийг хэрэглээрэй.
Долоо хоногийн дараа Саруултуяа вичатаар түүнтэй холбоо барьж, Фү Фэнь Ни Као эмийг хэрэглээд хурга нь зүгээр болсон гэдгийг сонсголоо.
Мэндбаяр Шилийнгол аймгийн Ажил Мэргэжлийн Дээд Сургуулиас тэтгэвэрт гарсныхаа дараа дахин уригдан ажиллаж байгаа ахмад профессор бөгөөд тус сургуулийн мал амьтны өвчин алсаас эмнэх үйлчилгээний төвийн мэргэжилтэн билээ.
- Сүүлийн өдрүүдэд хөдөө орон нутагт төлийн улирал эхэлснээр малчид зөвлөгөө авч утсаар ярих нь олширсон. Байнга утсаа харж, вичатаа нээж үзэж байхгүй бол болохгүй гэж Мэндбаяр гуай сэтгүүлчид ярьж байлаа. Түүний вичатад 500 гишүүнтэй групп нийт 4 байдаг аж.

Шилийнгол аймгийн Ажил Мэргэжлийн Дээд Сургуулийн Тал Нутгийн Экологи, Мал Эмнэлгийн салбар
Мал аж ахуйд суурилсан Шилийнгол аймагт малын өвчин эмгэгээс сэргийлэн засах нь малчдын үйлдвэрлэл амьдралд холбогдох хамгийн чухал бөгөөд үндсэн ажил болдог. Харин бүс нутгийн харьяан дахь газар нутаг өргөн уудам, малчдын суурьшил тархай бутархай зэрэг нөхцөл байдал нь хошуу сумын малын эм эмнэлгийн малчдад үйлчлэх хүндрэлийг нэмэгдүүлж, багийн малын эмчийн мэргэжил, машин төхөөрөмж хязгаартайгаас болж малын өвчин эмгэгийг засах эрэлт хэрэгцээг хангаж чадахгүй байдал гардаг.
Нутаг усныхаа эдийн засаг, нийгмийн хөгжилд үйлчлэхээр зорилгоо болгосон Шилийнгол аймгийн Ажил Мэргэжлийн Дээд Сургууль энэхүү нөхцөл байдал, малчдын эрэлт хэрэгцээнд зохицуулан 2015 оны 12 дугаар сард Тал Нутгийн Экологи, Мал Эмнэлгийн салбартаа Амьтны өвчин эмгэгийг алсаас эмнэх үйлчилгээний төвийг байгуулжээ. Малчид өвчин эмгэг туссан малынхаа зураг, бичлэгийг вичатаар явуулах, эсвэл утсаар дүрслэн ярьж зөвлөгөө авч болдог. Үйлчилгээний төвийн Нарс, Мэндбаяр, Соёл зэрэг мэргэжилтэн багш нар “асууж ойлгох, зураг бичлэг үзэж оношлох” зэрэг хэлбэрээр малчдын асуултад даруй түргэн мэргэжлийн зөвлөгөө өгч үйлчилдэг бөгөөд боломжтой тохиолдолд малчдын гэрт хүрч малыг нь эмнэдэг байна. Үүгээр ч барахгүй тус тавцан нь малын халдварт өвчин, хорхойт өвчнөөс сэргийлэн засах, шим тэжээл нөхөх, хээлтүүлэг хийх зэрэг мал эмнэлгийн мэдлэгийг малчдад уламжлах үйлчилгээтэй бөгөөд малчид хоорондоо арга туршлага, нутгийн жор зэргээ солилцох боломжтой аж.
Үйлчилгээний төв нь малчдад үнэ төлбөргүй үйлчилдэг бөгөөд цаг тухайд нь хариу зөвлөгөө өгдөг учраас малчид малаа оновчтой, түргэн эмнэхэд асар их ашиг тус үзүүлж, мөн мал эмнэлгийн талаарх зардлыг нь тодорхой хэмжээнд хэмнэж өгсөн байна. Одоогийн байдлаар тус төвтэй холбогдож байгаа малчин 5000 гаруй болж, үйлчилгээний цар хүрээ нь Шилийнгол аймгаасаа гарч, Өвөр Монгол төдийгүй Шиньжян, Хөхнуур хүртэл тэлсэн бөгөөд Монгол Улсын малчид ч зөвлөгөө авах болжээ.
Улаанхад хотын Ар Хорчин хошууны Загастай сумны Цагааннуур багийн малчин Хувьсгалтын нэг тугалын хүйс нь хавагнан, шээс алдаж байгааг тус төвийн мэргэжилтэн шээсний замын үрэвсэл гэж оношлон, Хувьсгалт зөвлөсөн ёсоор нь эмнээд дөрөвхөн өдөрт эдгэсэн гэдэг.
- Үйлчилгээний төвөөс малын өвчний талаарх оношлогоо, эмчилгээг сайжруулахын тулд 190 мянган юанийн өртөг бүхий малын бие дэх бичил элементийг шалгах аппарат оруулан ашиглаж байна. Мөн ажлын дүрэм тогтоолоо чангатган, малчдад илүү сайн үйлчилгээ үзүүлэхээр хичээж байна гэж Тал Нутгийн Экологи, Мал Эмнэлгийн салбарын захирал Нарс танилцууллаа.
