solongonews
Үйл оёдлын соёлоо үзэх нүд шигээ хайрлан дээдэлнэм
2017-08-21 18:19
Хөлөнбуйр хотоор аялж зугаалахад байгалийн сайханд нь автаж, идээ ундаад нь татагдахаас гадна, хүн ардынх нь хувцасны загварыг өөрийн эрхгүй бахархадаг.

    Хөлөнбуйр хот бол монгол, эвенк, орцон, дагуур, орос гэх зэрэг олон үндэстэн төвлөрсөн том гэр бүл юм. Үндэстнүүд ч дотроо аймаг, ястан хувааж, өөр өөрийн гэсэн ёс заншил, өмсгөл засалтай байдаг. Эвенк үндэстний хувцас заслаар жишээлэхэд түнгүс, солон, олгуяа гэх зэрэг олон төрлийн ялгаатай байдаг. Тэгвэл Эвенк үндэстний хувцас засал нь ямархан байдаг тухай ойлгохын тулд Хөлөнбуйр хотын хотын зэрэглэлийн Эвенк хувцас засал оёх ур мэргэжлийн уламжлагч Дариймаа настныг сурвалжлахаар зорьсон юм. Дариймаа настан гэж яриа хөөрөө ихтэй, эелдэг дотно хүн биднийг угтаж авлаа. Тэрээр энэ онд 64 настай, Эвенк хошууны Хуй сумын Шавт багийн малчин. Үр хүүхдүүд нь айл өрх тусгаарлан амьдарч, настан ачтайгаа Эвенк хошууны Баянтохой сууринд амьдардаг.

Дариймаа настан балчир багаасаа Эвенк хошуунд төрж өссөн болохоор энэ нутгийн хүн ард, зан заншил, өмсгөл заслыг андалгүй сайн мэддэг. Амьдрал нь ядуу хүндрэлтэй айлын хүүхэд эрт томоождог гэдэг нь ч ортой үг аж.  Дариймаа настныг бага байхад нь ачит эх нь бурхан болж, тэрбээр эгч дүү нараа асарч харгалзан, гэрийн гадна, дотоод ажилд гаршин цагаарч, өөрийн эрхгүй үйл оёдол оёж сурчээ. “Тухайн үед  мөнгө төгрөг хомс бөгөөд юу бүхэн өнөөгийн нийгэм шиг элбэг дэлбэг биш байсан. Ах, эгчийнхээ хувцас хунарыг дүү нар нь залгамжлан өмсөж, томсгож, хасах буюу урагдсаныг нь нөхөж урлах ажил зөндөө тохиолддог” гэж Дариймаа настан хуучилсан юм. Тэрээр ном бичиг сурах их дуртай байсан ч ороо бусгай нийгмийн байдлаас шалтгаалан бага сургуулиа дөнгөж төгсөөд дахин бичиг соёлын мөр хөөх аз завшаан олдсонгүй. Хөдөөгийн амьдрал гэж хүнд хамгаас их боловсрол хүртээдэг. Тэр дундаа эмэгтэй хүн болсны хувьд хоол унд хийх, үйл оёдол оёх, үнээ мал саах гэх зэргийн маш олон ажлыг хийж сурах шаардлагатай. Эдгээр олон ажлын дундаас Дариймаа үйл оёдол оёход багаасаа дуртай байсан ба арван нэг хоёр настайгаасаа эхэлж зүү барин үйл оёдол оёж сурсан байна.

Тэдний нутагт аль айл нь хурим найр хийх болбол ойр хавийн хөгшид буюу оёдолдоо сайн охид бэрүүдээ дуудан цуглуулж хуримын хувцас оёдог заншилтай. Тэдэн дундаа уран бүсгүй Дариймаа алдалгүй очдогийн нэг нь байлаа. Дариймаа энэ завшаанаар үйл оёдолдоо уран хүмүүсээс ур мэргэжлийг нь асуун суралцдаг байжээ. Хорин нэгэн настай жилээ айл гэр болж, Эвенк залууг насны ханиа болгожээ. Харьд хадамд гарах үед аав нь\:

- Охин минь, Эвенк газарт Эвенк ёсыг дагаж амьдарч чадна уу? гэж сэтгэл зовнин асуухад Дариймаа:

- Би лавтай чадна! гэж эрс шулуун хариулсан тул аав нь сая санаа амар охиноо Эвенк залууд өгсөн гэдэг. Нөхрийнх нь авга эгч гэж үйл оёдолдоо уран, үлгэр түүхийг нь ч сайн мэддэг хүн байжээ. Дариймаа настан түүнээс олон юм сурч, арвин үлгэр түүх мэдэж авчээ. Тэрбээр настнуудаас үргэлж үйл оёдлын хамаатай зүйл асууж, нэг асуувал цаана нь гартал асуухгүй бол санаа нь амардаггүй гэнэ. Тэрээр хувцасны энгэрт угалз оёхыг хараад:

- Юунд заавал ингэж муруй сарий оёдог юм бэ гэж сониучлан асуухад айлынх нь ээж түүнд угалзын эмжээр үүссэн тухай үлгэр домог ярьж өгсөн гэдэг.

   Эрт урьд цагт нэгэн үйл оёдолдоо сайн уран бүсгүй харьд бэр болох болсон гэнэ. Нэгэн өдөр тэрээр гэртээ дээш харан ямар хуримын өмсгөл хувцас өмсөх тухай бодолхийлэн хэвтэж байтал  гэнэт  тооноороо тэнгэр дээр хөвж байгаа үүлийг олж харав гэнэ. Тэгээд тэр бүсгүй дотроо бурхан багш үүл хөлөглөөд ирлээ. Хийморь минь сэргэх юун магад гээд хуримын хувцсандаа үүлэн хээ оёж өмссөн гэдэг. Түүнээс хойш Эвенк  хувцасны энгэрт үүлэн хээтэй болсон гэнэ. Сөөхий гуталдаа угалз оёдог учир нь ч өвсөн дундуур явахад мушгиран ургасан чөдөр өвс дандаа хөлтөй ороолцолдон байдаг учраас чөдөр өвсний янзыг дууриаж гуталдаа хээ угалз оёдог болсон гэдэг.

Дариймаа настан олон багштай. Тэдгээрийн дотор хөрш зэргэлдээ сууж байсан Янжмаа настан түүнд их гүн сэтгэгдэл үлдээжээ. 1968 оны өвөл арван дөрван настай байсан түүнд Янжмаа настан хэрхэн цаамал дээл эсгэж оёхыг зааж өгсөн байна. Сурсан хүн ч зүгээр сууж чаддаггүй. Цаамал дээл оёж чадах болсон Дариймаа настан тэр өвөл найман цаамал дээл оёсон гэдэг.

        Хичнээн жил Эвенк хувцас засал оёж, тасралтгүй сурч судалсан болохоор Дариймаа настан Эвенк үндэстний хувцас заслын тухай маш гүн ойлгодог. Эвенкчүүд нарыг шүтэж, бөс, хатгамал, арьс, шүрээр нар хийж энгэртээ оёж зүүж, амилал амьжиргааг төлөөлөн мандаж бадрахаа бэлгэшээдэг. Үүлэн хээтэй угалз урлаж, бурхан сахиулсан үүл хөлөглөж бууж ирдгийг зүйрлэн, өлзий хийморьтой байхаа бэлгэшээдэг. Нарийн хөвөөтэй байдаг нь удаан хоног зузаан өдөр явж байгаад зам гаргасан гэдгийг төлөөлж, зам мөр хөөж ирснээ бэлгэддэг. Эвенкчүүд эрт дээр үед зуны цагт үсийг нь хусаж элдсэн илэг арьсаар оёсон хувцас өмсөж, өвлийн цагт өнгө дээл өмсдөг байжээ. Өөрөөр хэлбэл, араатан амьтан буюу хонины арьсыг элдэж боловсруулсаны дараа аргалын зөөлөн галын утаагаар утаж шарлуулж борлуулаад хувцас оёдог. Энэ нь дээлээ чийг нойтноос хамгаалах зорилготой бөгөөд харахад өнгө байдал нь ч эвлэг сайхан болдог. Тухайн үед хувцсаа бүр араатан амьтан буюу малын шөрмөсийг хатааж нарийхан томоод оёж байсан бөгөөд хувцасныхаа чимэглэлийг ч томсон шөрмөсөөрөө оёж, товч шилбээ арьсаар хийдэг байсан гэнэ. Хожим нь бөс бараа утас нэхмэл торго хэмэрлэгийн зүйл дэлгэрснээр хувцас өмсгөлөө гоё сайхан бөс буюу торгоор гадарлан хоргой, нэхмэл зэргээр чимэглэл хийж элдэв зүйлийн утас материал хэрэглэн оёх болсон байв. Уг нь будаггүй байсан болохоор өвсөөр будаг оруулж, модны хальсыг шаалж, хүрэн бор модыг усанд дэвтээж будаг оруулдаг. Элдвийн өнгөтэй хуар цэцэгээр будаг оруулдаг байжээ. Уг нь арьсан дээлээ гадарлах бүс бараа тун ховор байсан болохоор цаамал арьсан дээл голтой өмсдөг. Гэхдээ арьсан дээлдээ ч утмал арьсаар угалз хийж өмсдөг байсан гэнэ. “бүр зарим нь гоо сайхны төлөө цаамал арьсаа ногоон лооль өвсөөр будаад өнгө оруулж өмсдөг. Арьсан дээлд нүх сэв гарсан байвал дээр нь хуар цэцэгийн угалз хатгаж оёвол улам бүр гоё сайхан болдог шүү дээ! ” гэж Дариймаа настан учиртай сайхан ярьж байлаа.

Дариймаа настан үргэлж шинэ эрин цаг үед үндэстний уламжлалт хувцас заслаа хэрхэн авч явах, хэрхэн хөгжүүлэх тухай дандаа бодож явдаг юм байна. Оёдлын машинтай болсны дараа хувцас оёх мэргэжлийн талаар өөрчлөлт шинэчлэлт хийхээр оролдож ирчээ. Орчимхон болтол хувцасны эмжээрийн даруулга ба товчийн шилбийг бүр гараар оёдог ба тэр нь оёход удаан бөгөөд бэхлэг биш байж, сайхан оёхгүй бол үзмэр муутай болдог. Тэрээр олон удаа оролдон туршсаар байж, эцэстээ оёдлын машинаар эмжээрийн даруулга ба товчийн шилбэ оёж чадах болсон байна. Үүнээс гадна хувцас оёхдаа хуучны хэв намбаа хадгалахаар барахгүй шинийг санаачилж, цагийн урсгалыг хэрхэн дагах талаар анхааралаа тавьж байна. 

Тэрээр үйл оёдолд үнэхээр хайртай. Чухам ийм л учраас 2016 оны 10 сараас эхлэн сургалт зохион байгуулж, өөрийн мэддэг чаддагаа хойч үеийнхэндээ сургаж уламжлахаар зүрх сэтгэлээ чилээж хүчлэн чармайлт сайн байна. “Миний зохион байгуулсан сургалтын зорилго нь сургана, өөрийн сурснаа зааж уламжилна, хүн бүрийг өөрийн өмсдөг хувцсаа өөрөө оёж чадах болгох санаатай гэж Дариймаа настан хэллээ. Одоог хүртэл  20, 30-аад шавь хүмүүжүүлж, шавийнх нь хамгийн өндөр  настай нь 60 гарч байгаа бол хамгийн залуу нь арван наймтай байдаг. Өнөөг хүртэл зарим шавь нь нэгэнт өөртөө үйл оёдлын газар эрхэлж амьжиргаагаа өөд нь татаж явж байгаа юм. Тэрээр басхүү хойч үеэ халамжилж, Эвенк хошууны “Бяцхан буга урлагийн бүлгэм”-ийн тоглолтын хувцсыг үнэ төлбөргүй оёж өгч, хүүхдүүдийн урлагийн зам мөр гэгээн саруул болоосой хэмээн сэтгэл болгон дэмжиж тусалсан байна.

- Би хэдийгээр өөрөө монгол үндэстэн ч гэсэн Эвенк үндэстний бэр болсны хувьд Эвенкийн ард түмэнд тус дэм болох ёстой гэж боддог. Өөрийн сурсан ур мэргэжлээ уламжлал тасруулж, завсарлуулж болохгүй, заавал хойч үедээ үлдээе гэж бодож зүтгэж л байна гэж Дариймаа настан их холыг бодож сэтгэж явдаг нь хэлэх үгнээс нь тодроод л байлаа...

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : Амьдрал гарагийн сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл