Хятад, Монголын III экспоны нээлт болон зүүн хойд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны форум 09-р сарын 06-ны өдрийн үдээс өмнө Өвөр Монголын Улаанцав хотод боллоо. ХКН-ын ӨМӨЗО-ы хорооны дэд нарийн бичгийн дарга, ӨМӨЗО-ы Ардын Засгийн газрын тэргүүлэгч Бү Шяолинь экспо нээгдсэнийг зарлаж, ХКН-ын ӨМӨЗО-ы хорооны нарийн бичгийн дарга, ӨМӨЗО-ы Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жихэн үг хэлж, гол сэдэвт илтгэл тавьлаа. Хятад, Монгол, БНСУ, ОХУ, Япон, Израиль зэрэг улс орны удирдлага төлөөлөгчид илтгэл тавьж, Монгол Улсын шадар сайд Ө.Энхтүвшин, Монгол Улсаас БНХАУ-д суугаа элчин сайд Д.Ганхуяг нар Монгол Улсыг төлөөлөн илтгэл тавьлаа.
Тав хоног үргэлжлэх энэхүү экспо “Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорыг бүтээн байгуулж, зүүн хойд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааг ахиулъя" уриан дор болж байна. Экспоны хүрээнд хурал форум, хөрөнгө оруулалт худалдааг танилцуулах арга хэмжээ, үзэсгэлэн худалдаа, соёлын солилцооны үйл ажиллагаа зэрэг дөрвөн том чиглэлийн 20 орчим арга хэмжээ Улаанцав, Хөххот, Тунляо хотуудад зэрэг зохиогдож байгаа юм. Энэ удаагийн экспо эдийн засаг худалдаа, техник технологи, хөдөө аж ахуй, эм эмнэлэг, соёл урлаг, ноос ноолуур зэрэг олон салбарыг хамарч байгаа бөгөөд Хятад, Монгол хоёр орон цаашлаад зүүн хойд Азийн бүс нутгуудын олон салбар дахь хамтын ажиллагаа солилцоог эрчимжүүлэхэд чухал индэр болж байна.
