solongonews
Эх хэлээ бахархан дээдэлж явах сайхан
2017-06-28 17:01
- Шилийнгол аймгийн монгол үг хэл, үсэг бичгийн хэрэглээний тухай

Шилийнгол аймаг монгол үг, хэл үсэг бичгийн ажлыг чухалчилж ахиулах талаар сүүлийн арваад жилийн турш олон арга хэмжээ авч цөөн бус хүчин зүтгэл гаргажээ.

Монгол үг, хэл үсэг бичиг сурч хэрэглэхийг засаг захиргаа, албан байгууллагын ажилтны сургалтын агуулгад оруулж, бүхий л үндэстний албан ажилтнуудад монгол хэл сурч, монголоор ярихыг зоригжуулсан байна. Мөн сурахад амар хялбарыг бодож “Монгол үг сурах гарын авлага”, “Монгол үг сурах зуун өгүүлбэр”, “Монголоор ярилцъя”, “Түргэн сурах монгол хэл” зэрэг материалыг найруулсан байна. Шилийнгол Ажил мэргэжлийн дээд сургуульд “Монгол хэлний анги” нээгдсэн бөгөөд радио телевизээр монгол хэл сурах тусгай нэвтрүүлэг хийх болжээ. Мөн тогтмол буюу тогтмол бус хугацаанд монгол хэл заах үйл ажиллагаа өрнүүлсэн байна. Өнгөрсөн таван жилийн турш аймаг хошуу хоёр шатныхан 16 удаагийн хурал хуралдуулж, монгол үг, хэл үсэг бичгийг сурч хэрэглэсэн 235 шилдэг байгууллага нэгж, 395 сайчуулыг шагнан урамшууллаа.

Чухал байгууллага нэгж, үйлчилгээний ажил, хотын суурингаар голлон хос хэлний үйлчилгээг идэвхтэй хийхийг шаардсан байна. Одоогоор аймгийн Засгийн газрын үйлчилгээний төв, радио телевиз зэрэг хэвлэл мэдээллийнхэн, тариалан мал аж ахуйн систем, боловсролын систем, зам харилцааны систем, хууль эрх зүйн систем, эрүүл мэнд, эмнэлгийн систем, боловсон хүчний систем, ажил олголт, иргэдийн явдал болон захидал сурвалжилга зэрэг үйлчилгээний байгууллага алхам алхмаар монгол, хятад хос хэлний тэгш мэдлэгтэй ажилтан томилохыг шаардаж, монгол, хятад хэл зэрэг хэрэглэхийг дүрэмлэн, монгол, хятад хос хэлний үйлчилгээ хангаснаар иргэдийн сайн үнэлгээг олжээ.

Шилийнгол аймаг засаг захиргаа, албан байгууллагын монгол хэлний орчуулгын ажлыг тасралтгүй сайжруулж, бүхий л хурал чуулганы материал, хөдөө орон нутагт буулгах бичиг материалыг үндсэндээ хоёр хэлээр гүйцэтгэдэг болсон байна. Сүүлийн жилүүдэд орчуулгын сургалтыг 29 удаа зохион байгуулж, 5919 хүнийг сургалтад хамруулжээ. Мөн 2014 онд 3 сая юанийн хөрөнгө оруулсан монгол хэлний орчуулгын хэвлэлийн сууринг Авга хошуунд байгуулсан юм. Энэ жилээс Шилийнгол Ажил мэргэжлийн дээд сургуульд ӨЗО-ны монгол хэлний төв авианы сургалт, хяналт шалгалтын суурин, монгол хэлний орчуулгын сургалтын суурин болон аймгийн албан байгууллагын ажилтны хос хэлний сургалтын суурин гаргахаар болсон сайхан мэдээ ч дуулдана.

Энэ хэдэн жил монгол үсэг бичгийн хэрэглээний ажлыг сайн хамаарахын тулд хууль дүрэм тогтоосон байна. Ингээд хаягийг хянаж тулгах, хянаж зөвшөөрөх ажлыг эрчимтэй хийсэн байна. Мөн үндэстний ажлын зөвлөлөөс үсэг, орчуулга, байрлуулалтыг хянан үзэх тогтоол гаргажээ. Мөн хотын хамааралтын газар хаягийг хянан шалгах ажлыг дүрэмжүүлснээр хамааралт улам сайжирчээ. Тэрчлэн монгол, хятад үсгийг зэрэг хэрэглэхийг ахиулахын тулд өнгөрсөн онд аймгийн захиргаанаас нийгмийн үсэг бичгийн хэрэглээг засан цэгцлэх ажил хийжээ. Сүүлийн гурван жилд бүх хошуу, шянь болон сум суурингийн засаг захиргааны төв газрын гудамж талбай, зам шугам, чухал талбайд засвар хийсэн байна.

Шилийнгол аймаг монгол хэлний сурталчилгааны ажлыг их хүндэтгэж байгаа нь монгол радио телевиз, монгол ном хэвлэл, монгол сонин сэтгүүлийг сайн эрхэлснээр илэрч байна. Тодруулбал 2005 оноос хойш нийтдээ 600 гаруй төрлийн зурагт ном хэвлүүлсэн байна. Мөн найман муж орны нэвтрүүлэгч хөтлөгч, шүлгийн уралдаан зэрэг үйл ажиллагааг байнга зохион байгуулснаар монгол хэлний төв аялгыг дэлгэрүүлэхэд том нөлөө үзүүлж байна. Шинэ нэр томьёо, оноосон нэрийг монголоор дүрэмжүүлж хэрэглэх болон монгол зөв бичлэгийг дүрэмжүүлэх ажлыг хийснээр монгол үг үсгийн дүрэмжүүлэлтэд сайн нөлөө үзүүлсэн байна. Монгол, хятад хос хэлний ухаалаг гар утас тараасан зэрэг үйл ажиллагаа нь монгол үсэг бичгийн мэдээлэл технологийн бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлж суурь төхөөрөмжийн бүтээн байгуулалтаа сайн хийснийг харуулж байна.

Монгол бичиг нь мөнх гал, фан жөн, чимээ, мөр зэрэг программыг компьютер болон гар утсанд хэрэглэдэг. Эдгээр монгол үсгийн программыг монголоор ажиллаж байгаа засаг захиргааны байгууллага, сургууль, сонин сэтгүүлийн хороо бүгд хэрэглэж байгаа бөгөөд хувийн албан газар ч эдгээр монгол үсгийн программыг хэрэглэж байдаг. Шилийнхотоор жишээлэхэд, Илч , Цахиур, Даян, Баяс зэрэг компьютер үйлчилгээний газар бүгд эдгээр монгол үсгийн программыг хэрэглэн ажиллаж байдаг.

Шилийнголын малчид ч зохиол бичиж, ном гаргах талаар онцын оролдлоготой. Шүлэг зохиол бичих, ном гаргах нь Шилийнголын малчдын шинэ цаг эриний хөөцөлдөөн болсон байдаг. Нэг хошуунд таваас арван малчин зохиолч байна гэж бодоход аймгийн хэмжээнд арван мал аж ахуйн хошуунд тавь гаруй малчин зохиолч байдаг. Тэд шүлэг, найруулал, өгүүллэг, роман зэрэг бүх төрлийн зохиол бичдэг. Мөн зан үйл, нутаг усны домог үлгэр, ардын аман үлгэр, монгол түүхийн хамаатай зүйлсийг найруулан эмхтгэж, ард олныхоо оюуны хүртээл болгодог билээ. Үүнд, Зүүн Үзэмчин хошууны соёл түүхийн нийгэмлэгийнхэн энэ талаар их идэвхтэй ажиллаж байна. Тэдний цуглуулсан малчин зохиолчдын гаргасан ном нь 200 давсан гэх мэт нутаг нутгийн бахархал болсон амжилтын яриа олон байгаа билээ.

Найруулагч: С.ОЮУНСОД
Эх сурвалж : Шилийнголын өдрийн сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл