solongonews
Ёслолын буудлагатай сар шинэ
2018-02-28 17:19
Ёслолын буудлагатай сар шинэ



Хятад улс энэ жил Монгол Улстай адил 02-р сарын 16-ны өдөр сар шинээ тэмдэглэлээ. Эртний ярианд буг чөтгөр улаан өнгө, гал, дэлбэрэх дуунаас айдаг гэж үздэг байна. Иймээс Хятадууд жил цагаар сараар улаан өнгийг эрхэмлэн улаан өнгийн хувцас өмсөж, салют буудуулан, дэлүү өлгөдөг байна. Сар шинээр харилцан золголт хийх, хос уянга наах, цохны хээ хуар наах, шинэ хувцас өмсөх, банш идэх, улаан дугтуйнд мөнгө хийж бэлэглэх, гудамж талбайд “Арслан, лууны бүжиг” болох, мөргөл хийх зэрэг зан үйлийг хийдэг. Энэ мэтчилэн шинийн 15 хүртэл баярын уур амьсгал тасардаггүй байна.
Битүүний өдөр 
Энэ жилийн хамгийн сүүлийн өдөр тул шинэ оноо угтаж, хуучин оноо үдэж хамаг муу муухайгаа холдуулж, шинэ сайхан бүхнийг зөгнөн бэлгэдэн бүх зүйлээ бэлдэнэ. Мөн битүүний өдөр улаан өнгийн хос уянгыг өрх бүр хаалгандаа наадаг эртний уламжлалтай. Сүүлийн үед албан газар байгууллагууд хос уянга наадаг болоод байгаа. Мөн тухайн ирж буй жилд ямар зүйлийг хүсэж мөрөөдөж байгаагаа илэрхийлсэн зургийг мөн сонгож ханандаа наадаг байна. Энэхүү зураг наах зан үйл нь хөдөө орон нутагт түгээмэл байдаг аж. Мөн харилцан бие биендээ бэлэг өгдөг. Энэхүү бэлэг нь ахмад настнууд нь өөрийн насаа өгч байна гэсэн бэлгэдлийг агуулдаг. Битүүний шөнө унталгүй үүр цайлгадаг. Учир нь урт наслахыг бэлгэддэг. Битүүнд бууз, банш гэсэн битүү хоолноос гадна олон төрлийн шарсан хуурсан үндэстний хоолоо идэж, гэр бүлээрээ айлчлан ирж байгаа шинэ жилээ угтдаг. Мөн шинэ он гарахаас өмнө муу муухайг үлдэн хөөх сүсгийг агуулсан их цэвэрлэгээ үйлддэг. 
Мөн 1982 оноос эхлэн Хятадын төв телевизээр сар шинийн концертыг битүүний өдөр Хятадад төдийгүй бусад улсуудад шууд дамжуулан үзүүлдэг заншил тогтжээ. 

Шинийн нэгний өдөр 
Шинийн нэгний өглөө эртлэн босож, үүдээр гаруутаа салютаа буудуулдаг. Ах дүү төрөл саднаараа харилцан зочлон идээ, шүүс зооглон золгодог. Сүүлийн жилүүдэд ах дүү хамаатан саднаараа, байгууллага нэгжээрээ хамтран золголт хийдэг болжээ. Шинийн нэгэнд ахмад буурлууд нь хүүхдүүддээ мөнгө өгдөг. Зарим гэрийн ахмад буурал нь шинийн нэгний орой хүүхдүүдээ унтсан хойно нь дэрэн доор нь мөнгө хийж, урт наслахыг хүсэн ерөөдөг байна. Мөн шинийн нэгний өдөр гэрээ шүүрээр шүүрдэж цэвэрлэдэггүй. Шүүрийг амраадаг өдөр гэж үздэг байна. Шинийн нэгний өдөр гэрээ цэвэрлэж шүүрдэх нь хамаг аз жаргал, мөнгөө шүүрдэн гаргаж үгүйрэн доройтдог гэж үздэг. Шүүрдэх шаардлага гарвал үүднээсээ дотогшоо шүүрддэг аж. Мөн энэ өдөр хог хаядаггүй, аяга шаазан угаасан буюу цэвэрлэгээ хийсэн усаа гадагш гаргаж цацдаггүй байна. 


Шинийн хоёрны өдөр  
Эдийн сахиус тахидаг өдөр гэж үздэг. Айл өрхөөс аваад дэлгүүр хоршоо хүртэл эдийн сахиус тахих зан үйлийг хийдэг. Мөн энэ өдрийг авгын баяр гэж үзэн авгындаа очиж золгодог.


Шинийн гурван, дөрвөн, таван, зураан, долооны өдрүүд  
Шинийн гуравны өдрийг үр тарианы өдөр гэж үзэн цагаан будаа иддэггүй. Шинийн дөрөвний өдрийг хонины өдөр хэмээн хонь гаргадаггүй гэж үзэг бол шинийн тавны өдрийг таван зүгийн /Зүүн, баруун, дунд, хойд, урд/ эдийн сахиус угтдаг өдөр гэж үзэн дэлгүүр хоршоо үүдээ нээж, баяжихыг бэлгэдэн салют буудуулдаг бол шинийн зургааны өдрийг мөн баяжихыг бэлгэдсэн өдөр гэж үзэн салют буудуулдаг байна. Тэгвэл шинийн долооны өдрийг загас агнах өдөр гэж үзэн гадагш аялалд гарах гэх мэт баярын өдрүүд үргэлжилсээр шинийн 15-нд “Дэнлүүний баяр”-аар дуусдаг байна. “Дэнлүүний баяр” нь эртнээс уламжлал болгон тэмдэглэдэг баяр бөгөөд энэ өдөр олон төрлийн дэнлүү өлгөн сайн сайхныг бэлгэддэг ажээ. Мөн энэ өдөр “Юань шао” нэртэй Хятадын үндэстний хоолыг хийдэг байна. Энэхүү хоол нь банш бууз шиг будааны гурилд боож хийдэг. Элсэн чихэр, сарнай, хушга, жимсний үр, чавга зэрэг төрөл бүрийн амттанаар шанз бэлтгэдэг бол шарж, жигнэж, чанаж иддэг байна. 


Хятадад цаг үеийг дагаад сар шинээ тэмдэглэх зан үйл, золголт өөрчлөгдөн хамтарсан золголт хийх, гар утсаар мэндчилгээ дэвшүүлэх, шинэ жилийн мэнд дэвшүүлсэн ил захидал илгээх зэрэг орчин үеийн хэв загварт шилжсэн байна.

 

Зохиогч: Б.Туяа, С.Саранчимэг
Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : \"Солонго\" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл