solongonews
Бэлчээрийн мал аж ахуйн ухаалаг цаг эрин айсуй
2017-05-05 17:24
Дээд технологийг мал аж ахуйдаа ашиглаж эхэлсэн Сөнид зүүн хошууны хэсэг малчдыг тэмдэглэв.

Шилийнгол аймгийн Сөнид зүүн хошууны малчид орчин үеийн бэлчээрийн мал аж ахуйг хөгжүүлэх замар идэвхтэй замнаж эхэлжээ. Тэд дээд технологи мэргэжлийг мал аж ахуйдаа шууд ашиглаж, хөдөлмөр хүчийг хэмнэх, мал аж ахуйн үйлдвэрийн өөрийн өртгийг бууруулах, малын ашиг шимийг зах зээлтэй шууд золгуулах зэрэг олон чадавхтай ухаалаг мал аж ахуйг бүтээн байгуулахаар мэрийн зүтгэж байна.

Тодбилэгийн загвар

Баян-Уул сумын Сайхантал багийн малчин Тодбилэг өөрөө дээд стандарттай гэр бүлийн мал аж ахуйн талбайдаа сүүлийн үед ухаалаг технологийг ашиглах болсон байна. Эхний алхамд тэрээр мал аж ахуйн дэд бүтцээ сайжруулж, камер байрлуулаад мал унаагаа зурагт буюу гар утсаараа харах боломжтой болсон бол сүүлд тэрээр бэлчээрээ хүрээлэн татсан торондоо ухаалаг цахилгаан хаалга хийсэн байна. Машин унаа орж гарахад хялбар бөгөөд мал сүргийг хаших зорилгодоо хүрч чаддаг уг хаалга нь машин ирвэл өөрөө онгойж, холдвол хаагдаж, мал ирэхэд  онгойхгүй, явган хүн цоожийг нь дарж онгойлгох тохиргоотой аж. Энэ хаалганыхаа тухай Тодбилэг ярихдаа:

- Энэхүү хаалгыг ашиглах болсон нь манай амьдралд маш тус үзүүлэх болсон. Машинаасаа бууж хаалгаа онгойлгоод дахин бууж хаана гэж байхгүй. Мөн хаахаа мартсан тохиолдолд хаалга өөртөө хаагдах учир мал гарна гэж зовохгүй болсон гэлээ.

Пэй Шяофэйгийн загвар

Баяннуур сумын Хөхнуур багийн малчин Пэй Шяофэй гэхэд л нутаг усных нь “Одоогийн залуус үнэхээр мундаг болжээ” гэж эрхий гаргадаг. Гучин насыг дөнгөж гарч яваа Пэй Шяофэй мал аж ахуйдаа олон төрлийн ухаалаг технологийг ашиглах болсноор ийнхүү үнэлэгддэг аж. Тэрээр хиймэл дагуулын байршил тогтоох системийг ашиглан хонио хариулж, хашаа хороо, худаг ус, бэлчээрийн хавь орчимдоо шалгах систем байрлуулан, ихэнх ажлаа компьютероор гүйцэтгэдэг байна. Энэ тухайгаа тэр:

- Хиймэл дагуулын байршил тогтоох системийг ашигласнаар хонь хариулахад хүн хэрэглэхгүй болсон ба хоньчин цалинжуулах шаардлагагүй болсноос жилдээ бараг 50 мянган юань хэмнэх болсон. Мөн хашаа хороо, худаг усаа бүгдийг компьютер буюу гар утсаараа харах боломжтой болсноор төл малын улиралд хүний хүчийг их хэмжээгээр хэмнэх болсон гэж ярилаа.

Мал аж ахуйн үйлдвэрлэлдээ ухаалаг технологийг ашиглах болсон Пэй Шяофэй одоо хониндоо ээмэг зүүлгэж, ээмгийнх нь дээрх кодоор хониныхоо мэдээллийг зураг бичлэгээр нь интернэтэд гаргаснаар төллөхөөс эхлээд борлуулах хүртэлх бүх явцыг цөмийг мэдэх боломжтой болж, зарж худалдахад маш хялбар болсон байна.

Ганзоригийн загвар

Далай сумын Хөгжилт багийн малчин Ганзоригийнд хэдийгээр цахилгаан нэвтрээгүй боловч тэрээр мөн амьдрал үйлдвэрлэлдээ ухаалаг технологийг ашиглах болсон юм. Ганзориг бэлчээр дээрээ камер байрлуулсан ба худаг дээрээ ухаалаг технологийг ашигласнаар гэртээ хүнгүй тохиолдолд ч гар утсаараа малаа услах боломжтой болсон гэх. Энэ тухайгаа тэр:

- Бэлчээрт байрлуулсан камерын хэрэг маш их. Гүнзгий хотгор газраас бусад хэсэг маш тод харагддаг. Мөн шууд гар утсаараа малаа услах болсон нь надад үнэхээр таатай санагдах болсон. Сүлжээ сайн байхад зовох юмгүй гэж олзуурхлаа.

Одоогийн байдлаар ухаалаг мал аж ахуйн талбайг хөгжүүлж, мал аж ахуйн үйлдвэрлэлдээ ухаалаг худаг, камер зэргийг ашиглах болсон малчин айл Сөнид зүүн хошууны хэмжээнд олширч байгаа ажээ. 

Зохиогч: Яргуй
Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Шилийнгол сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл