Тус дэлгүүр бохирдолгүй цагаан идээгээ борлуулахын хажуугаар шар усаар чихэр хийж худалддаг байна. Өнгөрсөн жил зөвхөн шар усаар хийсэн чихрээсээ 80 мянган юанийн цэвэр орлого олсон гэдэг мэдээллээр бид энэхүү дэлгүүрийн эзэн Гэрэлийг сурвалжлахаар хүрч билээ.
Ивээл цагаан идээний дэлгүүрт хүрэхэд дэлгүүрийн эзэн Гэрэл саяхан хийж гаргасан чихрээ боож байв. Шилэн лангууны ард өрөөстэй олон төрлийн чихрүүд өнгө ялгаран харагдаж, том, жижиг боолттой буюу сул дэлгэн худалдаж байгаа чихрээс гадна тусгай бэлэг сэлтэд зориулсан гоё хайрцагласан чихэр нь яахын аргагүй анхааралд хүрнэ.
Малчин бүсгүй Гэрэл 2015 оны сүүлээр хошуунаас зохион явуулсан сургалтад хамрагдсаны дараа шар усаар чихэр хийж борлуулан, хаягдмал шар усыг эрдэнэ болгон ашиглав.

- Өөр ямар ч нэмэлт эд холиогүй шар усны чихэр нь бохирдолгүй идээнд дуртай хүмүүсийн тэргүүн сонголт болж, бусад хошуу, аймаг, хотынхон ч захиалан авдаг болсон. Өнгөрсөн жил нэг хэрэглэгч нэг удаад 1000 орчим кг чихрийг 40 мянга гаруй юаниар худалдан авсан хэмээн Гэрэл шар усны чихрийнхээ тухай танилцууллаа.
Хөвөөт шар хошуунд шар усны чихэр, сүүн чихэр хийж байгаа хүн сүүлийн хэдэн жилүүдэд олширсон боловч хийх эв дэмийг нь олоогүй буюу борлуулах зах зээл муу зэргээс нэг хэсэг нь энэ бодлоо таягдсан юм. Гэсэн хэдий ч нэг хэсэг нь одоог болтол чармайн ажиллаж, шар усны чихэр, сүүн чихрээ үргэлжлүүлэн хийж, шинийг санаачилж зах зээлээ өргөжүүлснээр үр ашигтай болсон байна. Үүний дотор Ивээл цагаан идээний дэлгүүрийн эзэн Гэрэл хамрагдах ёстой.
Гэрэл өнгөрсөн жил шар усны чихрээсээ 80 мянган юанийн ашиг олсон амжилтдаа сэтгэл ханаж хойш суусангүй. Харин шоколадны амттай, сүүний амттай, өрөмний амттай, хуурсан будааны амттай зэрэг олон төрлийн үнэр амтат чихрийг судлан хийсэн нь маш сайн үр ашиг олж, хэрэглэгчдийнхээ таашаалыг олсон байна. Гэрэл энэ жил бүтээгдэхүүнээ нэмэгдүүлэхийн тулд хоёр хутгаж зуурах машин худалдан авчээ. Үүнээс гадна түүний хийсэн чихэр нь олон газар борлуулагдах болсон бөгөөд Хөххот, Тунляо, Улаанхад хот зэрэг аймаг хотуудыг хамарсан байна.
