solongonews
Малчдын сар шинийн ширээ бидэнд юуг учирлана
2018-03-23 11:01
Малчдын сар шинийн ширээ бидэнд юуг учирлана.

Цагаан сараар гэр бүлийнхэнтэйгээ Сөнид баруун хошуу, Хөвөөт шар хошууны мал аж ахуйн орноор айлчилж, айл аймгийн ахмад буурлууд, садан төрлүүдтэйгээ уулзаж золголоо. Хөл хөдөлгөөн ихтэй хотод амьдардаг бидэн ажил ажил гэсээр бараг цагаан сараар л нэг хөдөө гарч амралтын хэд хоногийг ашиглан айлаас айл дамжин шинийн нэгний гийчин шиг яаруу явдаг нь нэгэнт зуршил болжээ.

Цагаан сарын хөдөө нутаг сайхан байлаа. Хөгжил өөрчлөлт ихтэй харагдаж байлаа. Өвөл дулаан өнтэй өнгөрч, шинэ хавар орж байгаад манайхан ч их баяртай байхын дээр жилдээ ганц ирдэг цагаан сараа баяр баясгалантай, элбэг дэлбэг тэмдэглэж байв. Энэ бүхнийг мэдрүүлэх нэгэн жижиг атлаа утга төгөлдөр зүйл бол айл бүрийн бэлтгэсэн сар шинийн ширээ байсан.

Хөвөөт шар хошууны Богдын гол сумын Хоньчин хашаат багийн малчин Баатарсүхийнх уламжлалт заншлаараа цагаан идээний тавгаа зузаан  бяслагаар гурван давхар засаж, ширээнийхээ голд тавьж, шар усны чихэр, шар тосны боорцог зэргийг өнгө алаглуулан зассан байв. Энэ айл шинийн гийчиндээ нэг онцгой архи хэмнэн барьж байсныг нь сонирхон асуувал өөрсдөө нэрсэн үзэмний архи гэнэ. Энэ архийг Баатарсүхийн хүү Бүрэнбаатар жилээс өмнө бусдаас сурч цагаан сардаа зориулан нэржээ. Бүрэнбаатар шар ус, мөсөн чихэр, хатаасан үзэм, улаан чавгаар материал болгон, 18-20 градусын халуун газарт тавиад гурван өдөрт нэг удаа хутгаж, 15 хоногийн дараа хэдэн удаа тунгааж шүүгээд архи болгосон байв. Бүрэнбаатарыг нутаг усныхан нь гартаа домтой, шинэ юмыг хүлээж авахдаа сайн, хөдөлмөрч залуу малчин гэж үнэлж байв. Тэрээр үндэс урлал хийх, хоолныхоо ногоог тарих, хашаа хороо барьж эвлүүлэх гээд амьдралынхаа бүхий л зүйлийг хэр барагтай хөлсний хүн авахгүйгээр өөрөө хийдэг гэнэ. Тиймдээ ч зочин дайлах архиа хүртэл өөрөө нэрж оролдож байгаа нь тэр.
Баатарсүхийн саахалт Отгонборынх шинэ маягийн хээнцэр байшин бариулсан айл байлаа. Отгонборынх энэ цагаан сараар хошууны төвд ажиллаж амьдардаг хүргэн хүүхэн, Үзэмчин нутагт ажиллаж амьдардаг хүү бэр нь хүүхдүүдтэйгээ ирж, гурван үе баяр хөөртэй шинэллээ.

Эднийх шинийн ширээгээ цагаан идээний таваг, чанасан мах, элдэв төрлийн шарсан хоол, загас, үнэтэй архи, гадаадын сүү зэргээр чимсэн байв. Тэд Монголын сайхан ёс заншлаар ирсэн гийчинтэйгээ золгож, шинийн ширээндээ залж суулган зочилно. Отгонборын хүү Эрхэмбаатар тавганд өрсөн загасыг зааж, “Миний хийсэн хамгийн эко загас, амсаж үзээрэй” хэмээн танилцуулж байлаа. Эрхэмбаатар өнгөрсөн зун нутагтаа очихдоо хэдэн зуун жижиг загас авч ирэн, өөрийн нутгийн Дэрст толгойн нуурандаа хийжээ. Энэ үйлдлийг хэн ч санаандаа аваагүй бөгөөд хөдөөний энгийн нэгэн нууранд загас амьдарна гэж бодоогүй байв. Харин арван сарын амралтын нэг өдөр Эрхэмбаатарын аав Отгонбор ширгэх шахсан нуураа очиж үзэхэд том том загас харагдаж байсныг шүүж аваад айл аймагтайгаа хуваалцсанаар өнөө цагаан сар тэдний бараг садан төрөл бүгд шинийн ширээндээ эко загасны мах гаргасан байжээ.

Богдын гол сумын Яраг багийн малчин Тодцэцэнийх хот хөдөөгийн хооронд явж суун, мал малладаг шинэ цаг үеийн содон малчин айл байлаа. Хошууны төвд орон сууцтай тэдний хөдөөний мал аж ахуйн талбай нь хошууны төвөөс ойрхон байдаг болохоор өглөө оройдоо явж ажлаа хийчихвэл өдөр нь хошуундаа буцаад ирчихдэг байна. Энэ айлын шинийн ширээний бэлтгэл элбэг дэлбэг байв. Тавгаа өнгийн чихрээр чимэглэн зассан нь бусад айлаас өвөрмөц байв. Шар тосоор хийсэн боорцог, үнэтэй жимс, олон төрлийн жижиг сул идээнүүдийг таваглан чимж тавьжээ. Шинийн гийчиндээ заавал архи барьдаг нь эднийхний заншил байв. Нэг шил нь 70 юанийн архи задалсан байв.

- Ийм сайхан нийгэмд хөдөлмөрлөж л чадвал элбэг баян амьдрах нь зайлшгүй.  Амьдрал сайжирч байгаа болохоор сайныг нь эдэлж явах нь зүйтэй. Хүрэлцээтэй болж байгаа юм хойно ямар ч юмны чанартайг нь эдлэх нь зөв гэж боддог юм. Манай гэрт архи уудаг хүн байхгүй ч жил цагаан сараар ирсэн гийчиндээ хямдхан архи гаргахгүй, хамгийн сайн идээ ундаагаар зочилно” гэж Тодцэцэн ярив.

Зорьж очсон айл болгон бахархал төрөм сайхан зоогтой байсан билээ. Хоньчин хашаат багийн малчин Борбаатарын аав нь 73-ны жил орж, эднийхээр айлчлах хүн олон байв. Хүү бэр хоёр нь ирсэн зочноо хоол цайгаар дайлахаар чанасан мах, бууз, будаа орхисон цайг шинийн ширээнд гаргаж байлаа. Бас жилийн хариу хэмээн олон үйлдэлт жижиг хэлбэрийн цахилгаан тогоо өгч байсан. Цахилгаан түгээмэл хэрэглэдэг айлд иймэрхүү хэрэгцээтэй зүйл нь харин сайхан санагдлаа.
Малчдын маань амьдрал жилээс жилд сайхан болж байна. Сайны зүг дэвшиж байна гэдэг нь амьдралын орчин, эдэлгээ хэрэглээ, ёсорхог боловсон үг яриа, үзэл бодол бүхэн нь хэлж байлаа.

Айлуудын шинийн ширээний бэлтгэл бидэнд ихийг ойлгуулж мэдрүүлнэ. Тэд идээ ундааны аюулгүй байдлын талд санаа зовж, бохирдолгүй эко идээ ундааг хэрэглэж, зөв эдэлж хэрэглэхийг эрхэмлэдэг болсон байв. Юутай ч миний хүрсэн нутгийн малчид цагаан сараа ийнхүү сайхан тэмдэглэж байлаа.

Зохиогч: Сарнаа
Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : \"Солонго\" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл