solongonews
Гэдсээ дүүргэхээс эрүүл хооллолт хүртэл
2018-11-28 20:41
Гэдсээ дүүргэхээс эрүүл хооллолт хүртэл.

Өөрчлөлт нээлтээс хойш 40 жилийн хугацаанд Өвөр Монголын айл өрхийн хоолны ширээн дээр Хятадын бүхий л нутгийн хүнсний ногоо, жимс жимсгэнэ, өндөг, махан бүтээгдэхүүн тавигддаг болсон аж. Өвөр Монголын иргэд өнөөдөр Хөххотод Франц, Итали, Тайландын зоогийн газруудаар хооллох боломжтой болсон бөгөөд эрүүл хооллолтод илүү анхаарлаа хандуулдаг болжээ.

Хүнсний тасалбар хэрэглэж байв

Эдээр өөрчлөлтүүд Хятадын өөрчлөлт нээлтийн бодлогоос үүдэлтэй бөгөөд Хятадын ард түмнийг дэмжиж, Хятад улсыг хурдтай дэвшин хөгжих замд оруулж, Хятадын ард түмний аж амьдралыг үндсээр нь сайжруулсан явдал болно.

- Би 1981 онд оюутан болон Хөххотод ирсэн. Их сургуулиа төгсөөд Хөххотод ажиллаад өнөөдрийг хүрсэн. 1978 онд Хятад өөрчлөлт нээлтийн төрийн бодлого хэрэгжүүлж эхэлсэн. Бидний хувьд яг энэхүү өөрчлөлт нээлтийн явцыг биеэрээ өнгөрүүлсэн гэж хэлж болох юм. Мөн ашиг хүртсэн нэг үеийн хүн гэж бас болно. Эдгээр жилүүдийн Хөххот тэрчлэн Өвөр Монголын хөгжил өөрчлөлтийг биеэрээ мэдэрсэн аж. Зөвхөн хоол хүнс, гал тогооны талд л гэхэд ярихад хэлээд барамгүй түүх бий.

Бидний бага нас, өсвөр насны үед Хятад даяар төлөвлөгөөт эдийн засаг хэрэгжүүлж байсан цаг үе. Тэр үед хот, хөдөө ялгаагүй хүнсний, махны, сүүний тасалбар гээд юм зүйлд тасалбар хэрэглэнэ. Би охинтой болоод үнээний сүүний хэрэгцээ их нэмэгдсэн боловч тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалан үнээний сүү дутагдалтай байдаг байсан. Зөвхөн үнээний сүү гэхгүй бусад хоол хүнс ч их дутагдаж байсан цаг үе гэж Өвөр Монголын Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн тэтгэвэрт гарсан багш В.Цэцэг тухайн үеийн байдлыг бидэнтэй хуваалцав.

1978 оны 04-р сарын 29-ний өдрийн "Өвөр Монголын Өдрийн Сонин" дээр Хөххотын төмөр замын ажилтан Гүн Шинхуагийн захидлыг нийтэлсэн байдаг.

“Энэ оноос эхлэн Да Хэй Хэ саалийн газар нь бидний суугаа газарт сүү хүргэдэггүй болсон. Бид газар дээр нь очоод ч үнээний сүү олдохгүй буцдаг байв. Би хэд хэдэн удаа чөлөө авч, сүү авахаар явсан боловч хоосон буцлаа. Би арга бус унадаг дугуйгаараа сүүний машины араас давхисан. Гэсэн хэдийн ч эцэстээ мөн л гар хоосон гэртээ буцсан” гэсэн байна.

Бараа бүтээгдэхүүн, хоол хүнс гээд бүх юмны хангамж дутмаг байсныг энэхүү уншигчийн захидал тод харуулж байна.

Хоолны газар хооллох боллоо

Ийнхүү хөдөө аж ахуйн, малын ашиг шим дутагдаж байсан цаг үе өөрчлөлт нээлтийн дараа ихээхэн өөрчлөгдсөн байдаг. Зөвхөн үнээний сүүгээр жишээлэхэд өнөөдөр хүүхдийн сүү, өглөөний цайнд зориулсан сүү, өөх тос багатай сүү, кальциар баялаг сүү гээд 10-20 төрлийн сүүг дэлгүүрээс ямар ч улиралд худалдан авах боломжтой болсон. Хүмүүс зөвхөн гэдсээ дүүргэх төдий биш болж, харин төрөл бүрийн хоол хүнснээс сонголтоо хийж, хүнсний соёлын гүн гүнзгий утгыг олсонд гол учир байгаа юм.

Өөрчлөлт нээлтийн төрийн бодлого хэрэгжсэнээр бараа бүтээгдэхүүн, хоол хүнсний хангалт сайжирч, Өвөр Монголын иргэдийн хоол хүнсэнд төрөл бүрийн зүйл улам бүр нэмэгдсээр байна. 90-ээд оны эхэн үед эдийн засгийн хурдтай хөгжил нь хүнсний соёлд хувьсгал гаргасан юм. Хүмүүс хоолны газарт хурим найр хийж, найз нөхдөө дайлах болжээ. Эндээс эхлэн зах зээл улам бүр хөгжиж, Өвөр Монголын хоол хүнсний салбарт урьд өмнө гараагүйгээр хөгжил өөрчлөлтийг авч ирсэн байна. Уламжлалт монгол хоол хүнээс гадна, Хятадын найман том зуушны системд хамрагдсан хоол хүнс ч Өвөр Монголд нутагшсан бөгөөд Орос хоол, Япон хоол, Солонгос хоол, Итали пицца, Америкийн түргэн хоол зэрэг гарч ирснээр хүмүүсийн хоол хүнсний сонголт улам бүр өргөжсөөр байна.

- Би арван гуравтай байхдаа анх удаа Америкийн түргэн хоол юу болохыг мэдсэн. Хөххотын хамгийн анхны KFC бараг 2000 оны үед нээгдсэн шиг санагдаж байна. Би хоёр эгчтэйгээ хамт очиж байсан. Тэр үед анх идэж байсан болохоор тун амттай санагдаж байсан болохоор одоо болтол мартаагүй гэж Хөххотод төрж өссөн С.Сүлд ярилцлага өгөхдөө дурсан ярьж билээ.    

Эрүүл хооллолт илүү чухал боллоо

Амьдралын түвшин сайжирч, хүмүүс идэж уухад асуудалгүй болсон ч таргалалт, зүрх судасны өвчин, чихрийн шижин зэрэг хоол хүнс, буруу хооллолт, муу зуршлаас болон өвчлөх хүний тоо жилээс жилд нэмэгдсээр байна.

- Сүүлийн жилүүдэд бид эрдэнэ шишийн гурилаар хийсэн мантуу, сагад, улаан шиш будаа зэрэг миний бага насанд хүмүүс гэдсээ дүүргэхийн тулд иддэг байсан хоол хүнсийг ихээр хэрэглэх болсон. Өнөөдөр хүмүүс ямар хоол эрүүл мэндэд тустай болохыг хоолны амтнаас илүүд бодох болсон гэдийг онцлох ёстой. Хоол хийх материалын талд ч сонголт ихтэй болсон бөгөөд зарим эко бүтээгдэхүүнийг сонгон хоолондоо хэрэглэх болжээ. Эко хүнсний материал энгийн хүнсний материалаас хэд дахин үнэтэй ч заримдаа дэлгүүрт зарагдаад дууссан байх тохиолдол бий хэмээн В.Цэцэг багш сүүлийн үеийн хоол хүнсний соёлын хувьсгалын талаар хуваалцав.

Статистик мэдээллээс харахад, 2016 оны Өвөр Монголын хот суурингийн оршин суугчдын нэг хүнд ногдох хүнсний хэрэглээний хэмжээ 1978 оноос 49 кг хасагдаж, 33 хувь буурсан бол хөдөө нутгийн оршин суугчдын нэг хүнд ногдох хүнсний хэрэглээний хэмжээ 1978 оноос 61.4 кг багасаж, 26.5 хувь буурсан байна. Мөн 2016 оны Өвөр Монголын хот суурингийн оршин суугчдын нэг хүнд ногдох махан бүтээгдэхүүн болон өндөгний төрлийн хэрэглээний хэмжээ 1978 онтой харьцуулбал 24 кг, 8.7 кг нэмэгдсэн байх ба 69 хувь болон 335 хувь нэмэгдсэн байна. Хөдөө нутгийн оршин суугчдын нэг хүнд ногдох махан бүтээгдэхүүн болон өндөгний төрлийн хэрэглээний хэмжээ 1978 оноос 19.8 кг, 6.1 кг нэмэгдэж, 125 болон 735 хувь нэмэгдсэн байна. Үүнээс гадна хоолны газар хооллодог болсон нь хоол хүнсний салбарын өөрчлөлт, өвөрмөц онцлог болсон бөгөөд 2016 онд хот суурингийн оршин суугчдын нэг хүнд ногдох хоолны газарт хооллосон зардал 1411 юаньд хүрсэн бол 2000 оны үеэс 36.1 дахин нэмэгдсэн байна.

Хүмүүс гэдсээ дүүргэхэд зорилго тавьж байсан бол одоо шим тэжээлд илүү анхаарал хандуулдаг болсон. Шим тэжээл хийгээд хоол хүнсний соёлыг илүү хүндэтгэх болж өөрчлөгдсөн байна. Өөрөөр хэлбэл хоолны ширээн дээрээс Өвөр Монгол, тэрчлэн Хятад улсын иргэдийн амьдралын түвшин хийгээд улс орны хурдтай хөгжлийг олж харж болох юм.

 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл