
Үзмийн цагаан уулнаас үүрсэж буусан ажнай
Өнгө зүсмээрээ содхон үзэмчин цагаан адуу минь
Алдар нэр нь мөнгөн цагаан
Ашиг орлогын мөр нь цагаан
Айраг сүүний хишиг цагаан
Анхны цас шиг дун цагаан гэж дуулдаг.
Монгол адууны доторх шилдэг үүлдрийн нэг болох үзэмчин цагаан адуугаар нутаг усаа чимж, амьдрал ахуйгаа өөд нь татаж, хүн зоныхоо дунд “цагаан адуутай Далай” хэмээн танигдаж яваа С.Далай нь Шилийнгол аймгийн Баруун Үзэмчин хошууны Улаан хаалга суурингийн Эрхт-Овоо багийн малчин, 100 гаруй цагаан адуу маллаж яваа залуу малчин билээ.
2012 оны 10-р сард Хятадын адууны нийгэмлэгээс Баруун Үзэмчин хошууг “Хятадын цагаан адууны нутаг” хэмээн нэрлэж, 2017 оны 06-р сарын 27-ны өдөр болсон “Чингис хааны цагаан адууны удам угсааг судлан ярилцах хурал”-аар одоогийн Үзэмчин нутагт маллаж байгаа цагаан адуу бол Чингис хааны цагаан адуунаас өвлөн уламжлагдаж ирсэн гэж санал нэгджээ. Сүүлийн жилүүдэд Баруун Үзэмчин хошууны Нам, Засгийн газраас цагаан адууны удам угсаа, өсөлт бойжилт, ач холбогдлын талд маш олон ажил хийж, 2018 оны 07-р сард тус хошуунаасаа цагаан адуу маллаж байгаа С.Далайг багтаасан гурван өрхийг сонгон, тус бүр 100 мянган юаниар урамшуулан шагнасан юм.
С.Далайгийн аав, ээж ч цагаан адуу малладаг байсан боловч 2000 оны зуд шуурганаас болоод цөөн хэдэн адуу үлдсэн юм. 2001 онд С.Далай айл өрх босгон цагаан адуугаа үргэлжлүүлэн өсгөж эхэлсэн байна. Сүүлийн хэдэн жилийн адууны ашиг орлого бага боловч эзэн богдын цагаан сүргээс улбаатай цагаан адуугаа өнөр олон өсгөнө гэж С.Далай сэтгэл шуудан хичээснээр одоо 100 гаруй цагаан адуутай болсон байна. Энэ хавар 50 гаруй цагаан унага тосно гээд сэтгэл дүүрэн байлаа.

- Тухайн жилүүдэд адууны ашиг орлого муу байсан болохоор олон айл цагаан адуугаа зарсан. Тэр үед би зарах зориг зүрх хүрэлгүй хайрласаар байгаад үлдээсэн гэж С.Далай ярив.
Сүүлийн жилүүдэд хошуу аймгаас цагаан адууг хайрлаж хамгаалах, өсгөн үржүүлэх бодлого гаргасан юм. Тэрээр цагаан адуу нь Үзэмчин нутгийн брэнд болж, дэлхийд танигдлаа. С.Далай 2011 онд багийнхаа цагаан адуу малладаг хэдэн өрхтэй хамтран “Үзэмчин цагаан адууны тусгай хоршоо”-г байгуулж, цагаан адуугаа хайрлан хамгаалах, өсгөн үржүүлэх, ашиг шимийг нь боловсруулах талд нэлээд ажил хийсэн юм.
Цагаан гүүний сүү нь охь сайнтай бөгөөд эрхэмсэг байр суурьтай. Цагаан гүүний сүүгээр хийсэн цэгээ нь цусны даралт өндөр, цусны чихэр өндөр, уушгины үрэвсэл, ходоодны өвчин зэрэгт тустай. Мөн нүүр царайг сайхан болгох нөлөөтэйг судлаачид илрүүлсэн байдаг.

С.Далайгийнх одоогоор 30 гүү сааж, цэгээ исгэж хол ойрын жуулчдад үйлчилдэг гэнэ. Мөн цагаан адуугаа найр наадмын ёслол, уралдаан тэмцээнд оролцуулж, хол ойрын хүмүүст танигдан олон газраас цагаан адуу асууж суран өндөр үнээр худалдан авахаар ирдэг болжээ.
С.Далай өөрийн 2000 мү (15 мү=1га)нутаг бэлчээртэй. Зэргэлдээ айлын 3000 мү нутаг бэлчээрийг түрээслэн авч, өвөл хавартаа отор нүүдэлд явж адуугаа хүч таргатай маллаж байна. Торон хашаа хүрээ, хашаа саравч зэрэг суурь бүтээн байгуулалтаа сайжруулж, өвс хадлан, ус унд, адуу эмнэх, гүү саах зэрэг бэлтгэл ажлаа сайтар хийсэн байна.

- Үзэмчин цагаан адуу бол монгол морины дүр төрх, онцлог шинжийг бүрэн гүйцэд хадгалж ирсэн хурдан гүйдэлтэй, хүйтэнд тэсвэртэй адуу юм. 1950-иад оны үеэр Шилийнгол аймгийн томоохон найр наадмуудаар үзэмчин саарал зүсмийн морьд үзүүр түрүүгээр олон удаа мялаалгаж байсан түүхтэй. Тэгээд ч би хурдан гүйдэлтэй цагаан азарга сонгон тавьдаг гэж С.Далай ярив.
Жилдээ 3-4 морь уяж хурдлуулдаг уяач билээ. С.Далай хурдан азаргаараа бахархаж явдаг бөгөөд Авга хошууны Чингис богд уулын тахилгын сүлд, Сөнид баруун хошууны цагаан сүлд, Баруун Үзэмчин хошууны цагаан сүлдийг бүтээхэд цагаан азарганыхаа дэлийг хандивласан юм.
- Азарга адуун сүргийнхээ хийморь сүлдийг дэлдээ тээж явдаг. Цагаан адууны маань дэлээр бүтээсэн сүлд нь ард түмэндээ аз хийморь хурайлж байдаг гэж бодож явдаг хэмээн ярилаа.
