Гэсэн хэдий ч Хятадын монгол үндэстний уншигчдын өмнө нь уншиж байсан хувилбар нь англи хэлнээс шууд орчуулсан бус, харин бусад хэлнээс дам орчуулсан орчуулгууд байв.

Хятадын Бээжингийн Их Сургуулийн профессор Дулаан (Чэнь Ганлүн) 2013 онд “Өвгөн ба Далай” туужийг англи хэлнээс шууд монгол хэл рүү орчуулсан бөгөөд тухайн жилийн “Үндэстний утга зохиол” сэтгүүлийн монгол хэвлэлийн 4, 5 дугааруудад үргэлжлэн нийтэлсэн байдаг. (“Үндэстний утга зохиол” сэтгүүл нь Хятадын үндэстний цөөнхийн уран зохиолын сар тутмын сэтгүүл юм.) Тун удалгүй “Дэлхийн утга зохиол” ч шилжүүлэн нийтэлсэн байна. Монгол “Өвгөн ба Далай” нь дэлхийн сонгодог зохиолыг шууд эх хэлнээс нь эх хэл уруу орчуулах жишээ болж, “Үндэстний утга зохиол”-ын оны шагнал хүртсэн байдаг.
Энэ оны 5 дугаар сард “Өвгөн ба Далай” зохиолыг Өвөр Монголын Багачууд хүүхдийн хэвлэлийн хорооноос хэвлэж монгол уншигчдынхаа гэгээн мэлмийд хүргэсэн байна. Энэхүү тууж нэг сар хүрэхгүй хугацаанд 10 мянга гаруй ширхэг борлуулагдсан бөгөөд хэд хэд дахин хэвлэгдсэн байна.
Монгол “Өвгөн ба Далай”-н тухай нэн сайн ойлголт авахын тулд Солонго мэдээллийн төв энэхүү туужийг Англи хэлнээс шууд монгол хэл рүү орчуулсан Дулаан багштай ярилцлага өрнүүлснийг сонирхуулъя.

- Та сайн байна уу?
- Сайн байна аа. Солонго сэтгүүлийн өргөн олон уншигчиддаа өнөөдрийн амар амгаланг айлтгаж байна.
- Чухам яагаад Эрнест Хемингуэйн “Өвгөн ба Далай” туужийг сонгон орчуулсан тухайд яриагаа эхлүүлье?
- “Өвгөн ба Далай”-н монгол орчуулга богино хугацаанд 6000 ширхэг борлуулагдсан. Өнөөдрийг хүртэл 10 мянган ширхгийн захиалга хүлээж аваад байгаа бөгөөд үргэлжлэн нэмэгдсээр байна. Энэ нь бидний хүүхэд залуучууд монгол ном бичигт хорхойтой байгааг харуулж чадсан гэж би бодож байна. Харин томчуудаас хүүхэд багачууддаа бэлдсэн тусгай зориулалтын ном тун дутмаг байна. Хүүхэд багачууддаа зориулсан ном, бүтээлүүд бага хэвлэгдэж байна гэж хэлж болно.
Ялангуяа, монголчуудын уншиж буй гадаад уран зохиолуудын ихэнх хэсэг нь хэл дамжин орчуулагдсан орчуулгууд. “Өвгөн ба Далай”-гаар жишээлэхэд монголчуудын өмнө уншиж байсан нь Хятад, Орос хэлнээс дам орчуулсан орчуулгууд. Энэхүү явцад үзэл ухамсар болон соёлын уламжлалын шигшигдэх үзэгдэл үүссэнийг бид бүхэн ойлгох ёстой. Бид иймэрхүү бүтээлийг хүлээн аваад байвал “Хөрсөн цай”-г ууж буйтай адил ба бусдын гараар дамжсан соёлыг хүлээж авч байгаатай адил шүү дээ.
Үүнээс гадна, би өөрөө Эрнест Хемингуэйн бүтээлүүдийг их сонирхдог. Энэхүү туужийн гол дүр болох Santiago өвгөний нугарахаас биш, хугарахгүй эр зоригийг тун биширдэг.

- Энэхүү тууж дэлхийд алдаршсан учир олон хэлнээ орчуулагдсан. Та бусад хэвлэлийн тухай танилцуулна уу?
- Би өөрөө монгол, хятад, япон, англи хэлтэй хүн. Тиймээс энэхүү туужийг орчуулахаас өмнө өөрийн ойлгодог хэлэнд орчуулагдсан хэвлэлийн орчуулгын бүтээлүүдийг олдохын хэрээр нь уншсан юм. Ингэж харьцуулсны дүнд Хятад хэл дээр бараг 100 гаруй орчуулга бий бөгөөд олонх нь алдартай хүмүүсийн орчуулга болно. Үүнд, нэрт яруу найрагч Юй Гуанжүн, нэрт зохиолч Жан Айлин болон алдарт орчуулагч Ли Вэньжюнь нарын орчуулга бүгд өөр өөрийн гэсэн онцлогтой. Тайваний алдарт орчуулагч Чэн Жюнь-И бол далай тэнгисийн тухай тусгай мэргэжлийн мэдлэгтэй учир орчуулга нь тун оновчтой бөгөөд урсам сайхан байдаг. Ли Вэньжюньгийн 80 настай үедээ орчуулсан орчуулга нь богино ойлгомжтой, Хемингуэйн хэлний хэв намбыг хадгалах гэж хичээн ажилласан нь тодорхой. Хятадын сүүлийн үеийн залуу орчуулагч Ли Жихүн өмнөх хүмүүсийн орчуулгын 1000 гаруй алдааг зааж гарган залруулсан билээ. Ли Жихүнгийн орчуулга надад ч гэсэн тун таашаагдсан. Өөрөөр хэлбэл, Эрнест Хемингуэйн “Өвгөн ба Далай” хэвлэгдсэн тавиад жилийн хугацаанд хятад орчуулга үргэлжилсээр, басхүү шинэ орчуулга хэвлэгдсээр байна.
Япон хэл дээр ч гэсэн энэхүү туужийг олонтоо орчуулсан нь бий. Япончууд “Өвгөн ба Далай” туужийн агуулгыг тод томруун илрүүлж чадсан байна. Энэ нь Япончуудын далай тэнгис болон загас агнах амьдралын тухай сайн ойлголттой байдагтай шууд холбоотой. Гэсэн хэдий ч Япон орчуулгын үг өгүүлбэр бага зэрэг сунжруу санагддаг.
2010 онд Монгол Улсад алдарт орчуулагч Г.Аким “Өвгөн, Далай” гэж монгол хэлэнд орчуулагдсан кирил үсгийн хэвлэл бий юм. Харин Өвөр Монголд эх хэлнээс нь шууд орчуулсан орчуулга байхгүй. Үүнээс өмнө орчуулагч Ү Лаогийн хятад хэвлэлийг монгол хэл дээр орчуулсан хэвлэл, Монгол Улсын С.Сандагдоржийн Орос хэлнээс дам орчуулсан кирил бичгийн хэвлэлийг дахин босоо монгол бичигт хөрвүүлсэн хэвлэлүүд л байдаг.

- “Өвгөн ба Далай” туужийг орчуулах явцад тохиолдсон бэрхшээлүүд юу байна?
- Үүнийг хэлэхээс өмнө Эрнест Хемингуэйн зохиол бүтээлүүдийн хэлний хэв маягийн тухай товчхон хэлье. Эрнест Хемингуэйн хэлний хэв маяг бол тун товч авсаархан, цөөн үгээр гүн санааг илтгэдгээрээ онцлог юм. Түүний энэхүү туужийн англи хэлний хэвлэл нь 100 орчим хуудастай. Үүнийг монгол хэл дээр орчуулбал яаж энэ хуудасны хэмжээнээс хэтрүүлэхгүй бөгөөд зохиогчийн уг санаа, хэв байдлыг нь алдагдахгүй байхад тун хичээсэн. Хамгийн эцэст нь монгол “Өвгөн ба Далай” нь загасны тайлбар зургуудаа хамруулаад нийт 186 хуудастай болгосон байна. Энэ нь хүүхдүүд уншихад сонирхолтой болгохын тулд тэдний харааг нь хамгаалах зорилгоор үсгээ том том хэвлэснээс шалтгаалсан байна.
Үүнээс гадна, тус туужид өвгөний загастай тэмцэлдэж байгаа үеийн хөдөлгөөнийг тун нарийн дүрслэн бичсэн байдаг. Монгол хэлэнд оновчтой орчуулахын тулд би өөрөө ч дээс олж байгаад зүүн баруун хоёр мөрөн дээрээ ээлжээр тавьж үзэж байгаад орчуулсан. Зарим хэсгийн агуулгын зургийг ч зурж үзлээ.
Олон хэл дээрх хэвлэлүүдийг лавласан болохоор би ойролцоогоор нэг жилийн хугацаатай бэлдсэн. Тэгээд гурван сарын хугацаатай орчуулсан байна. Өдөр бүр ганц л хуудас орчуулдаг. Орчуулж дууссаны дараа гэргийдээ уншиж өгөөд ойлгомжтой гэвэл үргэлжлэн орчуулдаг байв.

- Монголчууд далайгаас хол амьдардаг учир монгол хэлний энэ талаарх үгсийн сан дутмаг байна гэж ихэнх хүмүүс эргэлздэг байх аа. Та харин үүнийг бэрхшээлд тооцоогүйн учир юу бол?
- Монгол хэлний үгсийн сангийн нөөц үнэндээ тун баялаг байдаг. Монгол хэлний үгсийн сангийн баян нөөцтэй гэдгийг би өөрөө ч орчуулгаар дамжин бишрэн гайхсаныг танд нуулгүй хэлье. Загас, загас агнах, далай тэнгис, усан онгоцтой холбогдсон оноосон нэр монгол хэлэнд бүгд бий бөгөөд амьд ярианы хэл болон “Монголын нууц товчоо” зэрэг эртний сурвалж бичгүүдээс бүгдийг хайж олж болдог. Харин бид өөрөө өвөг дээдсийнхээ бидэнд үлдээж өгсөн энэхүү баян санг ашиглахгүй байсаар залуу нэг үеийнхэн нэн мэдэхгүй, ойлгохгүй хэмжээнд хүрсэн.
Жишээлээд хэлбэл, 'Заарцаг' гэж загасан сүргийг нэрлэсэн байдаг. 'Хавшина' гэж их загас бага загасаа залгихыг хэлж байна. 'Дулан загас' гэж аварга загасыг нэрлэж байгаа бөгөөд 'Олов загас'-ны олов нь махан жигүүртэй амьтныг нэрлэдэг тусгай нэр үгүүд байдаг байна. Үүнээс гадна, аль болохоор уг санааг хувируулахгүй байдалд монгол хэлний хэрэглээнд зохицуулан зарим үгийг орчуулсан. Жишээлбэл, “Загас уяа тойрон эргэх…”, “Өвгөн би сүүдрээсээ өөр ханьгүй гэхэд загас ч сүүлээсээ өөр нөхөргүй”, “Тэнгисийн мандал уул шиг овойн өргөгдөж…”,“Ус хагаран ярагдах нүсэр битүү дуун болон… ус цалгих хүнд шуугиан…” гэх зэрэг байна. Мэдээж хамгийн эцэст хэр зэрэг орчуулсныг уншигчид маань л үнэлнэ.
Монгол хэлний маань баян нөөцийг таньж олсон явдал нь энэхүү туужийг англи хэлнээс нь шууд монгол хэлэнд орчуулсны жинхэнэ үнэ өртөг болсон байна. Мөн миний хамгийн том олз болжээ. Монгол хэл маань аль ч үндэстний зохиол бүтээлүүдийг орчуулахад бүрэн хангалтай баялагтай байдаг.

- Та залуучуудад зориулж юу хэлмээр байна?
- Гадаад уран зохиолуудыг эх хэлээр нь уншсан монгол дүү нар өдрийн од шиг цөөн гэж хэлж болно. Энэ нь монголчууд дэлхийн шилдэг уран зохиолтой шууд танилцаж чадахгүй байгаагийн чухал нэгэн шалтгаан гэж би үзэж байна. Цаашид өнөөдрийн монгол уран зохиолд дэлхийн төвшинд хүрсэн зохиол ч гарч амжаагүйн шалтгаан энэ мөн болов уу гэж би үргэлж сэтггэдэг.
Орчуулга бол нэг үндэстний уран зохиол болон соёлын хөгжлийн хэр төвшинг харуулж чадах чухал стандарт юм. Нэгэн үндэстэн дэлхийн соёлын тэргүүний эгнээд явна гэвэл заавал бусад үндэстний шилдэг соёлд суралцахын зэрэгцээ өөрийн үндэстнийхээ шилдэг соёлыг дэлхий дахинд таниулах ёстой. Энэхүү явцад орчуулга, тэр дундаа маш сайн орчуулга шаардагдана.
Одоогийн залуучуудын англи хэлний хэр төвшин надаас сайн байна. Ийм учир залуу үеийнхэн гадаад уран зохиолуудыг уг хэлээр нь уншихыг чухалчлахын зэрэгцээ нэн чухал нь өөрийн үндэстний шилдэг бүтээлүүдээ дэлхийн хүмүүст танилцуулах явдал юм. Үүнд ганц гадаад хэлийг л сайн сураад хангалттай бус, харин эх хэлээ мартахгүйн үндсэн дээр бусад хэл буюу бусад талын мэдлэгүүдийг сайн эзэмших ёстой.
Бидний залуучууд ажиллаж, амьдрах, үйлс бүтээхдээ “Өвгөн ба Далай” тууж дахь өвгөн адил эр зоригоор ажиллавал лавтай амжилтад хүрч чадна гэдэгт итгэлтэй байна.
- Бидний урилгыг хүлээн авч сурвалжлага өгсөн танд баярлалаа. Танд ажлын өндөр амжилтыг хүсье.
-Баярлалаа.

Холбоос:
Эрнест Миллер Хемингуэй (Ernest Miller Hemingway, 1899 оны 6 дугаар сарын 22-1961 оны 7 дугаар сарын 2) Америкийн зохиолч, сэтгүүлч. 1954 онд “Өвгөн тэнгис хоёр” туужаараа Нобелийн шагнал хүртсэн бөгөөд Америкийн утга зохиолыг дэлхий нийтэд түгээн дэлгэрүүлсэн дайны цагийн амьдралыг хүүрнэн бичих талаараа нэрд гарсан зохиолч байв. 1926 онд «Индиан отог» нэртэй богино өгүүллэгээ бичин алдаршсан бөгөөд түүнээс хойш «Нар мандсаар байна-Фиеста» (The Sun Also Rises) (1926), «Зэр Зэвсэг минь баяртай» (A Farewell to Ar) (1929), «Килиманжаро уулын цас» (1933) зэрэг алдартай бүтээлүүдээ туурвисан билээ.
Дулаан (Чэнь Ганлүн): Бээжингийн Их Сургуулийн профессор, докторын багш. ӨМӨЗО-ны Зарууд хошуу нутагтай. 1987 онд Төвийн Үндэстний Их Сургуулийн түүхийн мэргэжлийн оюутнаар элссэн. 1997 онд Бээжингийн Багшийн Их Сургуульд доктор цол хамгаалан Бээжингийн Их Сургуульд багшийн ажлын гараагаа эхлүүлжээ. “Монгол аман зохиолын харьцуулсан судлал”, “Мангасын үлгэрийн судлал”, “Шилийн галзуу баатар”, “Сүүтэй цай ба кофе” , “Дорно дахины аман зохиолын тойм” зэрэг гуч гаруй эрдэм шинжилгээний ном бичиг хэвлүүлж, дотоод, гадаадад 100 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл нийтэлсэн байна. “Монгол хүн”, “Нойтон сар”, “Шар нүдэн хүүхэн” зэрэг яруу найргийн түүвэртэй бөгөөд “Монгол хүн” нь Монгол Улсын сурах бичигт сонгогдсон байна. Сүүлийн үед тэрээр хүүхдийн яруу найрагт анхаарал хандуулан, Монгол Улсын нэрт хүүхдийн зохиолч Ж.Дашдондогийн хамт “Монгол Улсын хүүхдийн шүлгийн сонгомол”-ыг сонгон найруулж хэвлүүлсэн бөгөөд өөрийн туурвисан шүлгүүдээ түүвэрлэж “Чандмань эрдэнийн даага” нэрээр хэвлүүлсэн байна.
