“Өвөр Монгол - 70 жил” гадаад сурталчилгааны сэтгүүлүүдийн сэтгүүлчдийн хамтарсан сурвалжлага 6 дугаар сарын 3-наас 9-ний өдрийг хүртэл Хөххот, Эрээн, Бугат, Ордос хотуудаар үргэлжиллээ.
Тус арга хэмжээг Хятадын Төрийн Зөвлөлийн Хэвлэл Мэдээллийн Албаны Гадаадад Сурталчлах Товчоо болон Өвөр Монголын Өөртөө Засах Орны Суртал Ухуулах Хэлтэс санаачлан, Өвөр Монголын Өдрийн Сонины Хорооны Солонго Мэдээллийн Төв хариуцан зохион байгуулсан юм.
Энэ удаад Монгол, Камбож, Солонгос, Орос, Тажикистан, Казахстан, Пакистан, Мьянмар, Тайланд, Лаос, Вьетнам, Киргизстан зэрэг хөрш улсуудад хандуулсан Өвөр Монголын Солонго сэтгүүл /Монгол хэлээр/, Шандун мужийн Жинь Чао сэтгүүл /Солонгос хэлээр/, Шиньжяны Уйгур үндэстний ӨЗО-ны Да Лү Чао /Орос, Тажикистан хэлээр/ сэтгүүл болон Юү Линь сэтгүүл /Казахстан, Англи хэлээр/, Хар мөрөн мужийн Хүө Бан сэтгүүл /Орос хэлээр/, Гуанши мужийн Хэ Хуа сэтгүүл /Вьетнам хэлээр/, Юүн Нан мужийн Жи Шян сэтгүүл /Мьянмар хэлээр/, Мэй Гүн Хэ сэтгүүл /Тайланд хэлээр/, Жам Ба сэтгүүл /Лаос хэлээр/, Гао Мянь сэтгүүл /Камбож хэлээр/, Бээжин хотын Будала сэтгүүл /Төвд хэлээр/ зэрэг Хятад улсын гадаад сурталчилгааны сэтгүүлүүдээр дамжуулан Өвөр Монголын Өөртөө Засах Орон байгуулагдсаны 70 жилийн ойг тохиолдуулан хөрш улс орнуудад Өвөр Монголын Өөртөө Засах Орон байгуулагдсанаас хойш өнөөг хүртэлх 70 жилийн хөгжлийн түүх, үндэстний орны өөртөө зассан туршлагыг харуулахад чиглэгдсэн болно. Түүнчлэн ХКН-ын үндэстний чиглэл бодлого, үндэстний орны өөртөө засах арга бодлогын Өвөр Монгол дахь агуу их туршлага, Өвөр Монголын эдийн засаг, нийгмийн хөгжлийн талаар гаргасан гайхалтай амжилт, үндэстний нэгдэл, соёлын цэцэглэлт, хил хязгаарын амар амгалан байдал, экологийн орчны бүтээн байгуулалт болон бүхий л үндэстний ард түмэн Хятад улсын умард хилийн үзэсгэлэнт сайхан оронд аз жаргалтай амьдарч буйг гадаадад сурталчлан танилцуулах юм.
Хятад улсын сүүний нийслэл Хөххот
Манай сурвалжлага Хөххотын тал нутгийн экологийн музей гэгдэх “Монгол өвс” компаниас эхэллээ.
“Хөххот” гэдэг нь “Хөх өнгөтэй хот” гэсэн утгатай. ӨМӨЗО-ны төв бөгөөд ӨЗО-ны улс төр, эдийн засаг, соёл боловсрол, шинжлэх ухаан, банк санхүүгийн төв юм. Хөххот ӨМӨЗО-ны дунд хэсэг Да Чиншань уулын өмнө хэсэгт байрладаг. Баруун талаасаа Бугат, Ордостой, зүүн талаасаа Улаанцав, өмнө хэсгээрээ Шаньши мужтай нийлдэг. Тянжин, Ши Жяжуан хотоос гадна, Бээжингээс хамгийн ойрхон байрлах хот төдийгүй “Хятадын сүүн хот”, “Бээжин, Тяньжины амралтын таатай хот” зэрэг нэрийдэлтэй. Мөн Хөххот нь “Хятадын онцлог бүхий гоё хот”, “Хятадын хөрөнгө оруулалтын таатай хот”, “Хятадын шинэ энергийн хот” зэрэг өргөмжлөлтэй.
Манай сурвалжлах багийн буух эхний өртөө Хөххотын Хорингэр шяньд байрладаг “Монгол өвс” компани байлаа. Энэхүү компани ургамлын болон хөрсний судалгаа явуулах, Өвөр Монголын газар нутгийн хөрсний байдлыг нь судалсны үндсэн дээр аль газар нутагт ямар төрлийн өвс ургамал ургадаг болохыг лабораторид туршилт явуулан олж тогтоох, хуурай, хагас хуурай хөрсөнд ургах боломжтой ургамлыг бойжуулан тарьж ургуулах, цөлжилтийг зогсооход чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг. Сүүлийн жилүүдэд дэлхий нийтийн анхаарлыг татаад байгаа уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, хужиршсан газар, уул уурхай аж үйлдвэрийн нөлөөнөөс болж эвдэгдсэн газрыг сэргээн засварлах болон хотын цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжийг бий болгох, малын бэлчээрийг өргөтгөх, өвс ургамлын төрөл зүйлийг хамгаалах зорилгоор “Монгол өвс” компани ажиллаж байгаатай нарийн танилцлаа. Ингээд бид үдээс хойш эрүүл мэндийн салбарыг сурвалжлаад, түүх соёлоор эхний өдрийн сурвалжилгаа өндөрлүүллээ.
Бид дараагийн өртөөнд Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн үйл ажиллагаатай танилцсан юм. Тэр дундаа монгол уламжлалт эмчилгээ буюу таван заслын эмчилгээ, монгол эм, яс барих, зүү төөнүүр тавих зэрэгтэй газар дээр нь хүрч танилцсан нь манай багийнхны сонирхлыг ихэд татаж байлаа. Өвөр Монголын Олон Улсын Монгол эмнэлэг 2012 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд улсын зэрэглэлийн анхны монгол уламжлалт эмчилгээгээр гол болгосон орчин үеийн дэвшилтэт мэргэжлийн эмчилгээ, судалгаа, сургалт, урьдчилан сэргийлэх, асрах, түргэн тусламж, эм найруулах зэргийг нэгтгэсэн 3А зэрэглэлийн эмнэлэг юм. Тус эмнэлэг байгуулагдсан цагаасаа хойш өнөөг хүртэл Монгол, Орос зэрэг гадаад улсын 18 мянган өвчтөн хүлээн авч эмчилсэн байна. Монгол Улсын өвчтөнүүдэд зориулан тусгай үйлчилгээний хэсэг гаргаж, үйлчилгээний цонх, эмнэлгийн ерөнхий танилцуулга зэргийг кирил бичгээр гаргасан нь тус эмнэлэгт ирж үйлчлүүлж байгаа өвчнүүдэд маш ойлгомжтой амар хялбар байдаг аж. Мөн гадаадын өвчтөний эмнэлгийн зардалд 30 хувийн хөнгөлөлт үзүүлдэг нь бүр ч таатай санагдаж байлаа. Тус эмнэлэг Монгол Улсын эрүүл мэндийн салбартай хамтын ажиллагааны гэрээ байгуулан хамтран ажиллаж, тусгай мэргэжилтэн томилон албан ёсны эмчилгээ болон эрдэм шинжилгээний солилцоо хийж, 30 мянга гаруй өвчтөнг эмчлэн Монгол Улсын иргэдийн талархал хүндэтгэлийг хүлээгээд байгаа юм байна.
Ингээд бид хуваарийн дагуу Өвөр Монголын Музей, Улаанхүүгийн дурсгалын ордноор зочиллоо. 2007 онд ӨМӨЗО байгуулагдсаны 60 жилийн ойд зориулан Төвийн Засгийн газраас бэлэглэсэн үндэстний их нэгдлийн бэлгэ тэмдэг бүхий том дурсгалын тогоо болон музей ашиглалтад орох үед Өвөр Монгол, Шаньси зэрэг мужийн дурсгасан нэлээд хэдэн түүх соёлын дурсгалт зүйлсийг хадгалж буйтай танилцсан юм.
Хөххотын Шиньхуа баруун замд байрлах Улаанхүүгийн дурсгалын ордон нь 1992 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс үүдээ нээжээ. Дурсгалын ордон нь Гол ордон, Дурсгалын талбай, Баримал хөргийн тавцан, Туг мандуулах тавцан, Хөшөөний салхивч, Цамхаг зэрэг зургаан хэсгээс бүрджээ. Тус ордонд Улаанхүүгийн нэг насны аж амьдралыг харуулсан фото зургууд, эдэлж хэрэглэж байсан хэрэгслүүдийг дэлгэн тавьсан байв. Улаанхүү \1906-1988\ нь Өвөр Монголын Өөртөө Засах Орны анхны тэргүүлэгч байсан төдийгүй Хятадын Төрийн зөвлөлийн дэд ерөнхий сайд, Хятад улсын Дэд дарга зэрэг албан тушаалыг хашиж байсан түүхтэй.
Мөн Хөххотын хуучин дүүрэгт байрладаг буддын шашны Их Зуу хийдэд саатлаа. Энэхүү хийд хэдэн зуун жилийн туршид Өвөр Монгол дахь Төвдийн уламжлалт бурхан шашны төв болсоор ирснээр үл барам Хятадын умард орны нэр хүндтэй хийдүүдийн нэг болжээ. Өдгөө Их Зуу хийд нь ӨМӨЗО-ны гол түүх соёлын дурсгалт өв болсон байна.
Хятадын сүүний нийслэлд ирсэн сэтгүүлчид Хятадын сүү сүүн бүтээгдэхүүний аж үйлдвэрийн тэргүүлэгч И Ли групптэй танилцахыг хүлээж байсан нь лавтай. Тус группийн үүдээр ормогц сүүний үнэр сэнхийж, цэвэр таатай орчин биднийг угтан авлаа. Сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, сав баглаа боодол, шат дамжлага гээд бүхий л үйл ажиллагаа нь автоматжуулагдсан нь хүний хөдөлмөр хүчийг хөнгөвчилсөн төдийгүй хүнээс хамааралтай алдаа гарахаас бүрэн сэргийлсэн нь харагдаж байлаа. Энэ бүхнийг нүдээр үзэж танилцсан бидэнд бүтээгдэхүүний дээжээс амтлах боломж олдсон юм. Үйлдвэр дээр нь очсон гэдэг утгаараа ч юм уу илүү сайхан амттай санагдаж байсныг нуухгүй. Зарим нь хүүхэд насаа дурсан зайрмаг идэж дурсамжаа хуваалцаж харагдана. Мөн импортын бараа бүтээгдэхүүнийг үргэлж сонголтоо болгож байсан зарим нэг нь одоо И Ли группийн бүтээгдэхүүнийг сонгохоор болж байгаагаа ч ярьж байлаа.
Одоогийн байдлаар тус групп 1000 гаруй төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргадаг, Хятадын 600 гаруй хотод 5 сая гаруй борлуулалтын цэгтэй. Тус группийн бүтээгдэхүүн нь сүү, тараг, хуурай сүү, сүүн ундаа, зайрмаг гэсэн төрлөөр голлодог бол эдгээр бүтээгдэхүүнээс зайрмаг нь үйлдвэрлэл, борлуулалтаараа Хятад улсын хэмжээнд 20 гаруй жил тэргүүлж байна. Мөн салбартаа хуурай сүү, тарагны үйлдвэрлэлээрээ тэргүүлсээр ирсэн. Дэлхийн сүү сүүн бүтээгдэхүүний салбарт наймдугаарт жагсаж чадсан Азийн цорын ганц аж ахуйн нэгж болох И Ли групп дэлхийн улс орон луу хараагаа тэлж, Нидерланд, Шинэ-Зеланд, Итали, Англи, Америк зэрэг улстай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан тухайгаа дуулгаж байлаа. Ингээд бид сүүн цацлаар үдүүлж, Эрээн хотын зүг хүлгийн жолоо заллаа.

Хятад улсыг Ази, Европтой холбосон хилийн боомт хот
Эрээн хот бол Хятад, Монголын хилийн Хятад улсын гол боомт юм. Хятад, Монгол хоёр улсын хил дээр байрлах Эрээн хилийн боомт 1956 онд байгуулагдаж, Хятад улс байгуулагдсаны дараа хамгийн эрт байгуулагдсан нэг хэсэг хилийн боомтын нэг юм. Сүүлийн жилүүдэд Эрээн хилийн боомтын бизнес худалдаа, эдийн засаг зэрэг талын хөгжил маш хурдацтай хөгжиж байна. Эрээн хот Монгол Улстай бизнес худалдааг хөгжүүлэхийн зэрэгцээ 2013 онд Хятад, Европын галт тэргийг нэвтрүүлсэн юм. Анхандаа Хятад, Европын галт тэрэгний хоёр шугамтай байсан бол одоо найм болон нэмэгдэж, 2013 онд анхны нэвтэрсэн галт тэрэгнээс хойш энэ жилийн 5 дугаар сарын 1-нийг хүртэл 358 цуваа галт тэрэг аялж, бараа бүтээгдэхүүний ерөнхий хэмжээ нь 188 мянга гаруй тоннд хүрсэн байдаг. Энэ нь Эрээн хилийн боомт зөвхөн Хятад, Монгол хоёр улсын хооронд арилжаа худалдаа өрнүүлж, эдийн засгийн тал дээр хамтран ажилладаг байсан бол харин одоо Европын улс оронтой ч бизнес худалдаа хийдэг том хилийн боомт болон хөгжиж байгаа гэдгийг харуулж байна. Хятад улсыг Европтой холбосон энэхүү хилийн боомт хотын “Хао Ган” жимс хүнсний ногооны импорт, экспортын логистикийн парк, “Юй Ли” гадаад худалдааны ХХК, Зорчигчийн хил, гааль, хяналт шалгалтын газар, Улсын хаалга, хийлийн багана зэрэгтэй танилцсан юм. Эрээн хот нь интернэтийн давуу талаа ашиглан боомтын үйлчилгээг цахим ертөнцтэй холбож, илүү түргэн шуурхай болгож байгаа аж.
Тал нутгийн “Болдын хот”
Бугат хот Өвөр Монголын аймгийн зэрэглэлийн хот бөгөөд Өөртөө Засах Орны хамгийн том хот юм. Бугат хотын газар нутагт эртнээс нүүдэлчин монголчууд суурьшсаар ирсэн түүхтэй. Манж Чин гүрний үед буюу 1809 онд бий болсон байна. Шар мөрний хөндийн газар тариаланд тохиромжтой тус нутагт ийнхүү хот барихаар сонгон авсан аж. Бээжин хот хүртэл төмөр зам тавигдсанаас хойш энэхүү хот хурдтай хөгжиж эхэлсэн гэдэг. 1950 онд асар том төмрийн ордыг илрүүлэн нээсэн тэр үеэс өнөөдрийг хүртэл Баян-Овоогийн төмрийн ордыг ашиглаж байгаа аж. Баян-Овоогийн төмрийн ордын төмрийн хүдэрт газрын ховор элементийн буюу газрын ховор шорооны элементийн агуулга маш их байдгаараа онцлогтой. Энэ ч үүднээс төмрийн хүдэр гэхээсээ илүү газрын ховор элементийг нь авч ашигладаг байна.
Манай багийнхан Бугат хотоос анхны сурвалжлагаа авахаар уул уурхайн зориулалттай хүнд даацын том оврын ачааны машин болон түүний сэлбэг хэрэгслийг үйлдвэрлэн борлуулдаг Өвөр Монголын Умардын хүнд даацын машины үйлдвэрт саатсан билээ. Энэ компанийг 1988 онд Хятад, Америк, Англи гурван улс хөрөнгө нийлүүлэн байгуулжээ. Машин техникээ дөрвөн тивийн Мьянмар, Вьетнам, Орос, Монгол, Индонез зэрэг 60 гаруй улс оронд борлуулдаг. Борлуулалтын хувьд Хятад улсдаа тэргүүлдэг бол дэлхийн хэмжээнд гуравдугаарт ордог байна. Машин техникээ захиалгын дагуу үйлдвэрлэн гаргадаг юм билээ. Сонирхуулахад, биднийг очиход NТЕ 330 загварын уул уурхайн хүнд даацын том оврын машиныг захиалгын дагуу үйлдвэрлэн гаргаад байсан юм. Тус машин нь 326 тонны даацтай, 7.8 метр өндөр, 9.2 метр өргөн, 14.4 метр урттай, өөрийн жин нь 217 тоннд хүрдэг ба 40 сая юаний үнэтэй. Нэг дугуй нь гэхэд л 600 мянган юаний үнэ ханштай байдаг байна. Бид энэхүү хүнд нүсэр машин техникийн дунд орж сүрдэж гайхсаар Өвөр Монголын хамгийн ууган аж үйлдвэр болох Бугат болд төмрийн үйлдвэрийг зорьлоо. Болд төмрийн үйлдвэр нь 1954 онд байгуулагдсан. Байгуулагдсан цагаасаа хойш 2016 оны сүүлийн байдлаар нийт 200 сая тонн төмөр, 200 сая тонн болд, 170 сая тонн болд материал үйлдвэрлэжээ. Зөвхөн болд төмөр үйлдвэрлэх бус, газрын ховор элемент, уул уурхай гэх зэрэг олон салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болжээ. Болд төмрийн хувьд хоолой, цариг, төмөр утас, хавтан зэргийг үйлдвэрлэж, Америк, Герман зэрэг 50 гаруй улс оронд борлуулдаг байна. Бугат хотын тохижилт, хот төлөвлөлт нь их онцгой санагдаж байлаа. “Хот доторх хөдөө” гэж нэрлэхээр нэг онцын сонин газар байсан нь бүр ч сонирхолтой. Хот газар хүний гараар боссон ногоон байгууламж л байдаг гэж мэдэхээс хотын дунд байгалиараа байгаа ой мод тал газартай танилцлаа. Бугат хотынхон хотын дундах хөдөө гэгдэх энэхүү хэсэг газрыг энэ л хэвээр нь хамгаалан үлдэхээр их ажил хийж байгаа гэж байсан юм. Манай багийнхан ч хөдөө ирсэн мэт ногоон зүлгэн дээр нь бууж дурсгалын зургаа татууллаа.
Ордос хот дэлхийг дулаацуулна
Ордос хот ӨМӨЗО-ны баруун өмнөд хэсэгт байрладаг бөгөөд 7 хошуу, 1 дүүрэгтэй. Ордос хотын соёл гүн гүнзгий. Монголын түүхийн гурван том бүтээл болох “Эрдэнийн товч”, “Алтан товч” энд бүтээгдсэн байна. Түүний зэрэгцээ монгол үндэстний тахилга, дуу бүжиг, хувцас гоёл, хоол унд зэрэг уламжлалт соёлын ёслол хамгийн бүрэн бүтнээрээ хадгалагдаж байгаа газар нутаг билээ. Ялангуяа, монгол ардын уртын дуу, савхан бүжиг, аяган бүжиг өвөрмөц байдгаараа дотоод, гадаадад алдартай. Мөн Чингис хааны онгон парк нь дотоод, гадаадын олон жуулчдыг татсаар байна. Гайхамшигт Бүрээ манх нэлгэр их Муу-Ус, Хөвчийн цөл, үзэсгэлэнт Энхбай бүрд, бартаа ихтэй Хатан голын их хавцал зэрэг байгалийн үзмэр нь мөн жуулчдыг өөрийн эрхгүй татдаг. Мөн “Ширхэглэг эрдэнийн чулуу” болон “Зөөлхөн алт” нэртэй Арвас цагаан ямааны ноолуурыг боловсруулдаг. Ямааны ноолуурын цамцны үйлдвэрлэл нь дэлхийн үйлдвэрлэлийн 1/4-ийг эзэлдэг бөгөөд дэлхийд нэр төртэй ямааны ноолуурын аж үйлдвэрийн төв юм.
Манай сурвалжлагын тав дахь өдөр буюу 6 дугаар сарын 7-ны өдөр Ордос хотоос аяллаа үргэлжлүүлэн Энхбай цөлийн экологийн аялал жуулчлалын парк, Ордосын ноолуурын үйлдвэр, Монгол үндэстний сургууль зэрэгтэй газар дээр нь очиж танилцлаа. Энхбай экологийн парк нь Ордос хотын Далд хошууны Хөвчийн цөлийн дунд хэсэгт байрладаг. Нийт талбай нь 20 мянган га талбайг хамардаг байна. Цөлжилтийг зогсоож, ногооруулснаараа тус газар нь дэлхийн олон орны жуулчид, судлаачдын анхааралд ороод байгаа юм. 2016 оны нэгдүгээр сард Хятад улсын Аялал жуулчлалын товчоо болон Байгаль орчны хамгаалалтын яамнаас Ордос хотын Энхбай цөлийн паркийг Улсын экологийн аялал жуулчлалын үлгэр жишээ паркаар нэрлэсэн гэдэг. Арав гаруй жилийн туршид сайн дурчуудын хичээл зүтгэл, нөр их хөдөлмөрөөр одоогийн байдлаар 6000 гаруй га талбай элсийг засан сайжруулж, хүний хөдөлмөр хүчээр 5300 га талбайтай сайн үүлдрийн бэлчээрийн өвсийг тарьж, 6 сая гаруй суурь мод, бутлаг ургамал, 600 гаруй га талбай эмийн ургамал, 5.3 га цэцэг, 3.3 га усан үзэм тариалж, гурван цөөрөм байгуулан 30 сая куб метр ус нөөцлөх хүчин чадалтай болсон байна. Тус парк элсэн цөлийг засан сайжруулсны зэрэгцээ хөдөө аж ахуй болон туслах аж ахуйг хөгжүүлжээ.
Бид дэлхийд нэртэй Ордос ноолуурын группийн үйлдвэртэй танилцаж, ноос ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн талаар мэдээлэл авч нарийн танилцсан юм. Ноос ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэл нь тус группийн үйл ажиллагааны үндэс суурь бөгөөд 20 гаруй жилийн турш энэхүү групп нь “Ордос дэлхийг дулаацуулна” гэсэн алс хэтийн зорилго тавин ажиллаж, өнөөдөр болоход дэлхийд үйлдвэрлэл борлуулалтын цар хүрээгээрээ хамгийн том, үйлдвэрлэлийн төгөлдөр тогтолцоо, борлуулалтын сүлжээгээрээ хамгийн боловсронгуй, хамгийн орчин үеийн техник, технологи, тоног төхөөрөмжөөрөө салбартаа манлайлж яваа аж ахуйн нэгж болжээ. Энэхүү дэлхийд нэртэй ноос ноолууран бүтээгдэхүүний нэрийн барааны дэлгүүрт зочилж, нэр төрөл, загвар хийцийг нь сонирхон зарим нэг нь бүр худалдан авалт ч хийж амжлаа.
Манай сурвалжлага түүх соёл, эрүүл мэнд, үйлдвэрлэл, техник технологи гэх зэрэг Танин мэдэхүй гайхахаас эхэлнэ гэдэгчлэн гайхаж бишрэн, танин мэдэж явсаар боловсролын салбартай танилцахаар Ордосын Монгол үндэстний сургуулийн гадна талд ирлээ. Өнмө нь Монгол үндэстний сургуулийн талаар бага зэргийн ойлголттой байсан бид тэр жишгийн дунд сургууль байх гэсэн бодлоор сургууль руу орлоо. Гэвч биднийг огт өөр уур амьсгал угтаж авсан юм. Маш таатай орчин нөхцөл, монгол ёс заншил, соёл уламжлалыг бүхий л зүйлдээ шингээсэн нь үнэхээр бишрэн хүндэлмээр. Жишээлэхэд, дотуур байрнаас эхлээд сургуулийн хүрээн дэх бүхий л байр байшинд бүгдэд нь монгол нэр өгч, монгол соёл уламжлалын хичээлийн тусгай өрөө бэлдэж дотор нь монгол гэр барьж, монгол гэрт орохдоо яаж орох, ороод хэн хаана нь суух гэх зэрэг энгийнээс нарийн дэгтэй монгол ёс заншлын хичээл ордог юм билээ. Сургуулийн дотуур байр, сургуулийн хүрээ, номын сан гээд суралцах таатай нөхцөл боломжийг дээд зэргээр хангаж өгсөн байгааг харахад сэтгэл маш их хөдөлж байлаа. Ордос хот тэр дундаа Хиа багшийн шинэ дүүрэг их цэвэр хот юм. Барилга байгууламж нь онцгой загвартай, гудамж талбай нь саруулхан цэвэр. Ийм орчин нөхцөлд сурагчид сурч боловсрохоос өөр юу ч бодохын аргагүй гэлтэй. Эргэн тойрон гагцхүү сургуулийн орчин. Эндээс л хөгжил, өөрчлөлт гэж чухам ийм байдаг болов уу гэж харагдаж байсан юм.
Бид сурвалжлагынхаа туршид 3000 гаруй километр замыг туулсан юм. Энэ ч басхүү чамлахааргүй хол зам. Холын замд зам хөөж явахдаа ирсэн зочдод “Чингис хаан” олон ангит киног сонирхууллаа. Чингисийн Онгонд буухаас яг нэг өдрийн өмнө кино дуусав Тийнхүү үзсэн кинондоо тулгуурлан түүх соёлтой танилцах боломж манай багийнханд тохиосон юм даа.
Чингисийн онгон Өвөр Монголын Ордос хотын Эзэн хороо хошууны Хороо сумын Гандир овоонд байрлах бөгөөд Ордос хотын төв Дуншен хотоос 65 километр зайтай. Ширтэй ваараар барьсан гурван том монгол гэр буюу гол барилга нь Юань улсын үеийн монгол гэрийн хэв загвараар хийгдэж, гол ордон, зүүн баруун хоёр бага ордон, зүүн баруун хоёр хонгил, хойд ордон зэрэг зургаан хэсгээс бүрддэг.
Гол ордны хойморт гантиг чулуугаар сийлсэн 5 метр өндөр Чингис хааны хөргийг тахиж байдаг бөгөөд түүний араар том газрын зураг, эзэн богдын өмнө мөнхийн зул бадраатай байдаг. Баруун ордонд нь Чингисийн есөн өрлөгийн бэлгэ тэмдэг болсон есөн сүлдийг тахиж, Чингисийн байлдан дагуулалтын үеийн хэрэглэж байсан илд, ташуур зэрэг эд зүйлийг тахиж байгаа юм. Зүүн, баруун хонгилын ханан дээр нь Чингис хааны бүхий л насны үйл хэрэг болон том үйл явдлыг харуулсан зураг бий.
Жил бүрийн билгийн улирлын 3 дугаар сарын 21-ний өдөр, 5 дугаар сарын 15-ны өдөр, 9 дүгээр сарын 12-ны өдөр, 10 дугаар сарын шинийн гурванд Чингисийн хойч үеийн шар Дархадууд өргөн их тахилгын үйл ажиллагаа хийдэг бөгөөд Дундад улсад байгаа Монголчууд болон дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирэх зочид цагийг эзэлсэн их эзэн Чингис хааны гэгээн дүрд залбирч даатгадаг билээ. Мөн тогтмол бус хугацаагаар Юань улсын үеийн ордны хурим хийдэг бөгөөд Ордос нутгийн зан үйлийг харуулсан хурим найр хийдэг байна. Чингисийн онгон нь одоо Өвөр Монгол төдийгүй Хятад улс даяар нэртэй аялал жуулчлалын газар болж, дотоод болон дэлхий дахинд Монгол үндэстний түүх соёлыг ойлгуулахад чухал хувь нэмэр үзүүлж байгаа юм. Чингис хааны онгоныг зорин очих хүмүүс жилээс жилд нэмэгдсээр байгаа аж.
Ингээд бидний сурвалжлага цагийг эзэлсэн их эзэн Чингис хааны түүхээр өндөрлөж, зургаан хоногийн аяллын хугацаанд нийт 20 гаруй үйлдвэрлэл, аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаатай танилцсан салбар бүрийг хамруулж чадсан үр дүнтэй сурвалжлага боллоо. Дээрх үйлдвэр, аж ахуйн нэгж байгууллагуудын мэдээллийг дараа дараагийн дугаартаа дэлгэрэнгүй байдлаар та бүхэндээ хүргэх болно.
