solongonews
Төлийн майлаантай хөдөө нутаг
2018-03-23 15:59
Төлийн майлаантай хөдөө нутаг

Сар шинийн баяр ойртож ирэхээр хот, хөдөөгүй шинэлэх бэлтгэлээ хийж хөл хөдөлгөөнд ордог бөгөөд зарим малчин айлууд нялх төлийн цангинаатай шинэ жилээ угтаад тун чиг завгүй. Сүүлийн үед төл малын ид ажил өрнөж байгаа малчдынхаа амьдрал ахуйн байдалтай танилцахаар тусгайлан хэдэн малчин айлаар орлоо.
Өнтэй жилийн өвлийн төл

Шилийнхотын Булган сумын Эрдэнэ-тал гацааны малчин Шинэбаяр, Сарангоо нар цагаан сараа төлийн дуутай угтаж, мал сүргийнхээ өнөр өсөлтийг бэлгэдэн завгүй хэрнээ баяр хөөртэй ажиллаж явна. Тэд энэ нутгийн уугуул малчид. Төл тосох ажлаа 2017 оны 12 сарын хорьдоор эхлүүлснээс хойш одоо хүртэл 140 гаруй төл тоссон ба одоо 300 гаруйг тосох төлөвлөгөөтэй байна. Сэтгүүлч гал тахилгын хорин гуравны өдөр эртлэн тэднийхээр айлчлахад төлийн хашаандаа ид завгүй ажиллаж буйтай нь тааралдсан юм.
Өнгөрсөн жил эднийх суурь эх малаа нэмэгдүүлэх зорилгоор бусдаас 240 хонь дааж авч, өөрийнхөө 75 мянган га нутаг дээр нэмээд 30 мянган га нутаг түрээсэлж мал малласан байлаа. Сарангоо хэрхэн яаж маллавал илүү ашиг хүртэхийг судлан өвлийн болон хаврын төл тосож, аль нь илүү ашигтай байхыг харахаар болжээ. Тэрээр 480 эх малаасаа 180 өвлийн төл тосож, 300 хаврын төл тосохоор төлөвлөсөн байна. Сарангоо:


- Урд нь манайх дандаа хаврын төл тосдог байсан, өвлийн  төл тосож байгаагүй, орлого зарлага нь бүгд тодорхой. Намар нь харьцуулж үзээд л мэдчихнэ. Хэрвээ өвлийн төлийн орлого сайн бол дараа жилээс өвлийн төл тосохоор бэлтгэнэ. Энэ жилийн өвлийн төлийн ажлын сүүл одоо ид шувтарч байна. Залгаад хаврын төлийн ажил эхэлнэ. Яарч зүдрэх л хэцүү. Шинэ жил цагаан сардаа бэлдээд гэр тэрэг, хувцас хунар цэвэр тэгш л бол боллоо. Гол нь төл мал мэнд бол хамгийн сайхан баяр жаргалтай цагаан сар болно. Хонь мал тэжээх ажил халтай гэдэг боловч өсөн нэмэгдэж байгаа сүргээ харахаас сэтгэлд дулаахан гэж ярьж байлаа.
 Торниун төлтэй хаваржаа

Ариунбилэг бол Шулуун хөвөөт цагаан хошууны Ихнуур сумын Цагаан-Уул гацааны малчин. Хувийнхаа 30 мянга гаруй га нутаг дээр далаад хонь, зуу шахам ямаа, цөөн хэдэн адуу, үхэр маллаж байгаа юм. Ариунбилэгийн төл тосох ажил одоо дуусах дөхөж байна. Тэрээр:
- Өнгөрсөн жил зуны эхэнд их гантай болсон боловч сүүлийн өдрүүдэд бороо хур элбэгшиж өвсний ургалт сайн байна. Өвс хадлан ч өмнөх хэдэн жилээсээ бүр илүү сайн. Өнгөрсөн жилийн 12 дугаар сараас хонь хургалж эхэлсэн, одоо хүртэл мэнд сайн орж байна. Зургаадугаар сарын эцсээр хоёр дахь удаа төл тосно гэж маш баяр бахдалтайгаар ярьж байлаа.
Хавар цагийг төлийн цангинаатай угтана

Сэтгүүлч Шилийнхотын Баянбулаг сумын Баганаагийнд очиход хөөрхөн хургууд нь наадан тоглож малчин эзнээ баясган байлаа.
Баганаагийнх нэгдүгээр сарын 08-наас эхлэн төл тосож эхэлсэн бөгөөд одоо хүртэл 200 эх малаасаа 130 өвлийн төл тосоод байна. “Цагаан сараас өмнө төлөө тосоод дуусгана. Өвлийн төл нь хаврынхыг бодвол хөдөлмөр хүч харьцангуй их зарцуулах боловч тарга хүч нь сайн. Одоо манай хамгийн том хурга арван килограммд хүрч байна гэж Багана баярлан ярьж байлаа.
2008 онд их сургууль төгссөн Багана хотод ажиллаж байснаа ноднин нутагтаа буцаж ирээд мал маллав. Сүүлийн жилүүдэд нутаг бэлчээр сүйдэж, байгаль орчин муудсан ба малын үнэ буурсантай холбогдуулан тэрээр нутаг бэлчээрээ хамгаалж, орлогоо нэмэгдүүлэх арга ухаан эрэлхийлэн, арга хэлбэрээ зоригтойгоор өөрчилж, хаврын төл тосох туршилт хийсэн байна.
Өвлийн төл тоссон тухайгаа ийнхүү ярьсан юм. Багана: 
- Манайх угаасаа гуравдугаар сарын нэгнээс эхлэн төл тосдог уламжлалтай байсан юм. Өвлийн төл тосвол хоёр сарын өмнө урьдчилан зардаг болохоор бэлчээрт гамтайн дээр эх малын тарга хүчинд ч ашигтай тул ирэх жил төл тосоход сайн. Иймээс эдийн засгийн болон байгаль орчны хос үр ашиг хүртэж чадна гэж ярьж байлаа.

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : \"Солонго\" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл