
Баатар 1984 онд Хөлөнбуйр аймагт төрж, 2006 онд Өвөр Монголын Тариалангийн Их Сургуулиас амьтан үржүүлэх, өвчнөөс сэргийлэх, эмчлэх мэргэжлээр төгссөн байна. Багаасаа хурга тугалтайгаа ноцолдож өссөн тэрээр их сургуулиа төгсөхдөө үндэстний соёл уламжлалын тухай бизнес эрхлэхээр зорьж, юм үзэж нүд тайлахаар хөгжсөн газрын нэлээд олон муж хотуудаар эрдэм сурч, туршлага солилцохоор морджээ. Тэрээр нутагтаа ганзага дүүрэн буцан ирээд үхэр хонины махны аж ахуй эрхэлж, 2013 оны 09 сард компаниа байгуулжээ.

Түмэн газрын аяны эхний алхам нь хүнд гэдгээр компаниа анх байгуулахад Хөлөнбуйр, Хорчин, Алшаа нутагтай гурван монгол залуу Өвөр Монголын төв Хөххотод компанийнхаа тулгын гурван чулууг тавьж, өрхөө сөхөн үүдээ нээжээ. Өнөөдөр болоход 200 сая юань орчмын хөрөнгө мөнгөтэй, 400 гаруй ажилтантай, компанид харьяалагдах хувийн нутаг бэлчээртэй, үйлдвэртэй нэгдүгээр аж үйлдвэр, хоёрдугаар аж үйлдвэр, гуравдугаар аж үйлдвэрийг хамруулсан мал аж ахуйн групп болон хөгжин манджээ.
Баатар: - Анх хүнд байсан. Санаанаас өөрөөр маш олон зүйл тулгарсан. Ажилтныхаа цалинг өгч дуусаад хоолонд орох гэтэл бид гуравт 50 юань л үлдэж байсан удаатай. Гэвч бид нэг нэгэндээ зориг өгч, бүх сэтгэл зүрхээ зориулж байлаа. Харин өнөөдөр манай компани нэгэн шинэ хөгжлийн шатанд орсон. Иймээс нэг аж ахуйн нэгж, нэг аж үйлдвэрийг бүтээхэд чадвартай, бодлоготой, сэтгэл нэгтэй байх нь юунаас ч чухал. Үгүй бол ганц мод гал болохгүй, ганц хүн айл болохгүй гэдгээр үнэхээр юу ч бүтээж чадахгүй хэмээн сэтгэл хангалуун, итгэл төгөлдөр ярьж байлаа.
Тэрээр аль эртнээс үндэстнийхээ соёл уламжлалын төлөө, малчин түмнийхээ төлөө, нутаг усныхаа төлөө нэгийг хийнэ гэж бодож байсан гэнэ. Ийнхүү Баатар анхны зорилтоо биелүүлэхээр малчин түмэндээ тус дэмжлэг болохоор арга бүхнийг сүвэгчлэн чармайж эхэлжээ. Одоогийн байдлаар хэдэн зуун өрх малчдаа уриалан орлогыг нь нэмэгдүүлж байна. Баатар хэлэхдээ: - Өвөр Монгол нөөц баялаг элбэг, өнөр баялаг нутаг. Ялангуяа мал аж ахуйн тал дээр маш их нөхцөл бололцоог бүрэлдүүлсэн. Бизнес эрхлэхэд уламжлалт соёлын уусал, өөрийн гэсэн онцлог шинж нь өргөн дардан ирээдүйн сүг сүнс нь болно. Ямар ч зүйл өөрийн гэсэн онцлог, өвөрмөц соёл уламжлалгүй бол ирээдүйн зам нь явцуу бөгөөд нэг их удаан үргэлжлэхгүй юм. Соёл уламжлалын уусал, өөрийн гэсэн онцлог нь бусдад танигдаж олноос оройлж явахын чухал нөхцөл шалтгаан болно. Манай компаниар аваад үзэхэд компанийн брэнд тэмдэг бол хонины ноосны угалзан хэлбэрээр бүрэлдсэн монгол гэр, өнгө нь хөх тэнгэр ногоон талыг бүгдийг багтаасан байдаг. Манай компанийн өнөөгийн гол бүтээгдэхүүн бол үхрийн борц, хуурмал хайрмалын мах, халуун тогооны мах зэрэг болно. Энэ бүхнийг үндэстний онцлогоо хадгалсан хэлбэрээр үйлдвэрлэсэн. Иймээс Өвөр Монголд мал аж ахуй эрхлэх нь маш тохиромжтой. Юуны өмнө манай малчдын малын арчилгаа, уламжлалт хэлбэр, хөдөөний амьдрал нь манай үндэстний соёл уламжлалын торгон хөрс болно. Энэ нь манай үхэр хонины махны аж ахуй гэлтгүй аялал жуулчлал зэрэг бусад төрлийн аж ахуйн хувьд үнэлшгүй эрдэнэ юм” гэв.

