solongonews
“Хулгайч”-ийн бөгж
2017-06-29 16:00
Цутгалан асгарах аадар бороо аажимхан намдсан боловч дахин асгаран чутгалсаар Чулуут хэмээх жижигхэн сууринг нэлгэр далай дээрх өнчин завь мэт болгож орхиод холын галт тэргээр яваа явуулын хүн мэт ажиггүй холдон одлоо…

Борооны өмнө гэртээ харьж амжаагүй хүмүүс дэлгүүр хоршоо, гуанз мухлагаас цуван гарцгааж хоёр тэрэг зөрөлдөж эхлэв.

Би цонхоор энэ бүхнийг харан хэсэг сууснаа тамхи татах гэж халаасандаа гараа хийхэд сүүлийн нэг годил тамхиа борооны ид ширүүсэх үед татаж дууссанаа саналаа. Харин халааснаас сэгсийтэл уусны маргааш нь үрчийж ярвайж яваа хүний нүүрний арьс шиг нухагдсан хорьтын дэвсгэр гарч ирсэн нь аз болж, хурдан гэгч хүрмээ шүүрэн авч гэрээсээ гарлаа.

Усан дундуур энд нэг үсрэн тэнд нэг халтиран тоосго чулуу гишгэлэн хямдхан ч гэсэн шинэхэн авсан шаахайгаа норгон байж арай гэж дэлгүүрийн хаалга таттал нөгөө бүсгүйтэй халз тулгарах нь тэр…

Бас нэг бороо орсны дараахан онцын сайхан уур амьсгалтай сэрүүхэн үдэш байсан сан. Талбайд найзтайгаа хамт алхаж, уран зохиол түүхийн тухай их мэдэмхийрэн алхаж яваад нэгэн бүсгүйтэй мөргөлдчихөж билээ.

Сандран байн байн уучлал гуйж газар унасан удвал цэцгийн шивээстэй ягаан цүнхийг нь авч ханцуйгаараа арчин өгтөл лянхуа адил үзэсгэлэнт хөөрхөн бүсгүй өөдөөс инээвхийлэн: “Зүгээр ээ” гэж өгүүлсэн юм. Усан болор харцанд нь ялимгүй гунигийн үүлтэй ч лавай цагаан шүд, тас хархан ус, огт будаг түрхээгүй улаахан уруул гээд бүгд миний сэтгэлийн хөвчийг маш хүчтэй доргиулж билээ.

Ааш зан муутай нэг нь байсан бол харааж загнах байхаа гэсэн бодолдоо өнөөх бүсгүйг удаан ширтсэнээ өөрөө ч мэдээгүй харин найз минь хажуугаас ёвроход гэнэт ухаан орох шиг болж билээ. Нөгөө бүсгүй ч инээд алдсаар цааш явснаа хэсэг алхаад бас эргэж харахад үнэхээр ухаан алдам сайхан төрсөн хүнийг би тэр цагаас хойш ахиад харахын гүн мөрөөдөлд хөвөн живээд, хөвөн живэх тусмаа улам гүн мөрөөдсөөр өнөөдрийг хүрч билээ.

Гэнэт тулгарсных ч юм уу угаасаа огт танихгүй болоод ч тэр үү уулзвал хэлэх юмсан хэмээн олон шөнө бясалгасан үгүүд бүр саяхан орсон борооны усанд урсан алга болсон мэт ор тас мартагдсан байв. Дэмий л нөгөө халаасанд байгаа удахгүй дэлгүүрийн эзний гарт орох хорьтын дэвсгэрт шиг үрчийтэл инээмсэглэв. Тэр ч намайг мартсан бололтой инээхэд гайхсан янзтай толгой дохиод зөрж гарлаа.

- Муу тэнэг хэмээн өөрийгөө зүхээд тамхиа авч эргэтэл нөгөө бүсгүй ард зогсож байлаа.

- Сайн байна уу гэж тэрээр гургалдайн уянгат хоолойгоор хуучин танил шиг мэндлэв. Чигээ үл итгэв, хэтэрхий догдолсондоо хоолой чичрүүлэн байж:

- Сайн, та сайн уу. Намайг … хэмээн нэрээ хэлж амжихаас өмнө:

- Би мэднэ, яруу найрагч минь. Хоёулаа нэг цайны газар олж жаахан суух уу гэж санаанд оромгүй халуухан урилга тавив.

- Завтай байлгүй гэж баярласан хэрээ бархиръя гээд бодохдоо гэнэт нөгөө хорьтын дэвсгэртийн чинь хэдэн мөнгө л үлдээд байгааг санав.

- Би гэртээ буцаж түрийвчээ аваад ирье. Манайх эндээс ойрхон гэж хэлэхэд нөгөө бүсгүй:

- Боль доо, надад хоёр аяга цайны мөнгө байлгүй дээ. Тэгээд ч би таныг урьсан байхад гэж уцаарлангуй юм шиг, эрхлэнгүй ч юм шиг хэлээд дэргэдүүр гараад түрүүлж алхав. Би уужим гэгч амьсгаа аваад нэг тамхи асаан гүн гэгч сороод түүнийг гүйцэн хүрч зэрэгцэн явлаа.

Ийм сайхан бүсгүйтэй зэрэгцэн алхах нь ямар сайхан жаргалтай билээ. Нэлээд удаан алхсан ч хоёулаа зоог дэлгэсэнгүй. Хаа ч хэзээ ч хамаагүй уулзахын зүүд их мөрөөдөл минь гэнэт ингэж тохиосон байтал бүрэг номой зан минь саад болж ганц үгийн зөрөөгүй гэлдрэх нь хурын дараах хачин цэлмэг орчин бас энэхүү хар нүдэн бүсгүйд осолтой мэт бодогдоно.

Ахиад нэг тамхи асаагаад зориглон юу ц хамаагүй асууя хэмээн ам нээтэл:

- Энд орох уу? гэж бүсгүй хэлэв. Нүд өргөн харвал нэгэн монгол хоолны газар ирсэн аж.

- Тэгье гэж би хэлсэн ч дотроо энэ бороонд түр ч гэсэн үүдээ хаачихгүй хэмээн хоолны газрынханд уцаар төрөв. Учир нь надад бол ингээд алхаад алхаад л байх нь ер бусын тааламжтай байсан юм.

Үд өнгөрсөн ч оройн хоолны цаг болоогүй байсан учир бид сүүтэй цай хуурсан амуу өрөм зөөхий захиаллаа.

- Намайг Булган гэдэг гээд тэр цүнхнээсээ арваад төгрөгний үнэтэй нарийхан ширхэгтэй янжуур гарган надад нэгийг өгөн өөрөө нөгөө нэгийг нь асаан их шуналтай соров. Баруун гарынхаа ядам хуруунд том гэгчийн цэнхэр сувдан шигтгээтэй мөнгөн бөгж зүүжээ.

- Би Чулуутад ирээд гурван сар дөхөж байна. Өдөр хоног үнэн хурдан өнгөрөх юм гэж тэр ярив.

- Та тэгээд энд ажилладаг юм уу? Намайг яагаад таньдаг юм? гэж би асуугаад цайгаа оочлон суув. Хэсэг зуур чимээгүй байснаа тэрээр:

- Би тогтсон ажилгүй хүн, зүгээр л хулгайч, тэгээд ч мэргэжлийн гэж бод доо хэмээн шуудхан мөртөө их л эрэмгий хэлэв.

- Чи ч бас их тоглоомтой хүн юм аа.

- Надад чамтай тоглох шалтгаан алга, ганц охиноо тэжээх өөр зам надад олдоогүй юм гэснээ:

- Зөөгч өө, нэг шил хатуу дарс авъя хэмээн нэлээд чанга дуугаар хэлэв.

Миний дотор нэг л сонин болоод явчихлаа. Түүнийг ахиад урдаасаа бүр илүү удаанаар ажиглалаа. Мөн л бадран дэлгэрэх цэцэг мэт харагдах боловч надад өгөх өнөө тансаг мэдрэмж нь хагасаар буурсан мэт…

- Юунд гайхсан юм? Хулгайч гэхээр жихүүн сонстож, муухай харагдаж байна уу?

- Сайхан байхгүй нь мэдээж гэж хэлчихээд би яагаад ингэж хэлснээ бүр гайхлаа.

- Өнөөдөр таныг урьж уучлал гуйх гэсэн юм. Өө тийм гээд цүнхнээсээ нэг юм гаргав.

- Энэ таны утас гээд надад өгөв. Нээрэн миний гээсэн утас мөн байв.

- Баярлалаа, санамсаргүй гээчихсэн юм, хаанаас олоо вэ?

- Та гээсэн биш. Би хулгайлсан юм. Дээр талбай дээр бид хоёр санаандгүй мөргөлдсөн биш, би ажлаа хийж явсан юм, уучлаарай. Би таныг яруу найрагч гэж мэдээгүй байсан.

Дахиад л дотор жир хийгээд явчихлаа. Санаандгүй нэгэн сайхан бүсгүйтэй халз мөргөлдөж бас түүнтэй ахин учирсандаа бурхан, эсвэл хувь заяаны их барилдлага хэмээн догдолж байсан минь зүгээр нэг хулгайчийн урхинд орсон байсан юм байжээ. Энэ үед бид хоёр нэг шил архиа дуусгаж байсан болохоор халамцуу мэт, уур бухимдал төрөх ч мэт, ухаан сулраад л гэвч би энэ сайхан бүсгүйг хулгайч хэмээн итгэх дургүй, аль байсан шалтгааныг цуглуулж түүнд зөвийг өг гэж хичээв.

- Яагаад яруу найрагч гэхээр хулгайлсан юмаа буцаагаад өгч байгаа юм? Цагдаа байсан бол гэж бодоогүй юу? Авснаа аваад чимээгүй явбал яасан юм?

- Аав минь муугүй яруу найрагч байсан юм. Яруу найрагчид итгээрэй гэж үргэлж ярьдаг байсан. Аав минь надад буруу зүйл ярихгүй юм.

- Зөөгч өө, ахиад нэг шил, энэ удаа би дуудав.

Хоёулаа хэн нь ч ямар ч үг ярихгүй ойр ойрхон хундага тулгах, хааяа гүн санаа алдах чимээ л цагийн зүү цохилох дуунд хоршино. Гурав дахь шилийг хэн дуудсаныг мэдэхүй, нэг мэдэхэд хоёул хоолны газраас бие биеэ түшилцэн гарч байв.

Гадна замын гэрэл асаж чийглэг сэрүүхэн амьсгал бачуурсан, халамцсан цээжийг нэвтлэн туйлын тааламжтай байлаа.

- Манайд очъё гэж би шийдмэг хэлэв.

- Хулгайчийг гэртээ урьдаг бас ч мөн зоригтой хүн юм аа. Аан биш, одоо бол согтуу хүн гэж тэр хөхрөв.

- Өдөржин чамтай хамт байж чадвал би бас хулгайч болсон ч яадаг юм?

- Согтуу нь бүү хэл, солиорох нь дөхөж байна даа. Хулгайч гэдэг чинь тан шиг найрагчийг хэлдэггүй юм. Одоо ч гэсэн миний гар хармаанд чинь явна, даанч хоосон юм гэж тэр бүр ч хөөрч унаснаа:

- Тэгье танайд очъё гэлээ.

Хэсэг хугацаа чимээгүй алхаж явснаа тэр:

- Би маргааш өглөө Эрхт хот явна. Чулуутад өнгөрөөсөн гурван сар өнөөдөр шиг баяртай байхгүй. Хүний үнэтэй зүйлсийг сэвгүй салгачихдаг ч улам илүү зовсон минь зөндөө. Чамд үнэхээр баярлалаа гэж уярангуй өгүүлэв.

- Илүү нэг хоёр хоноод яв, дөнгөж танилцаад л явчихна гэдэг чинь…

- Охиндоо маргааш явна гээд хэлчихсэн, ерөөлтэй бол уулзана байх…

- Ай, санаа алдахаас өөр ямар ч арга надад байсангүй.

Тунгалаг толин огторгуйд одод гялбалзах нь Булганы гарт зүүлттэй цалин цагаан бөгжний цэнхэр сувдан шигтгээ мэт…

Өглөө сэрэхэд би ганцаараа байлаа. Хажуугаа эргэж харвал тэрээр дэрэн дээр бөгжөө мартжээ. Үгүй, надад үлдээжээ.

Би бас нэг удаа гүн гэгч санаа алдаад босож нүүр гараа угаав. Өрөөнд минь ямар нэгэн зүйл дутсан мэт санагдаад болдоггүй. Түрээсний муу жижигхэн өрөөгөө өнцөг булангүй нүдээрээ шүүрдэв.

Гадаад дотоодын хэдэн ном сэтгүүл, үзэг цаас, угаасан угаагаагүй хэдэн зах хуучин хувцас минь байдаг л янзаараа. Гэсэн хэдий ч ер нь нэг л юм дутаад болдоггүй, нөгөө бөгжийг эргүүлж тойруулан удаан харж сууснаа гэнэт юу алга болсноо санав.

- Өө муу хулгайч минь дээ. Үзэсгэлэнт дагина минь, зүрхийг минь хулгайлаад явж дээ хэмээн би бүр урт санаа алдан босож улаан торгон утас нийтгэж цэнхэр сувдан шигтгээтэй бөгжийг оосорлон хүзүүндээ, яг зүрхэн тушаа газраа зүүгээд ширээн дээр үлдсэн хагас шил архийг шүүрэн авч гүд гүд хийн залгилав.

Зохиогч: ЗАЯАТ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл